“Өөртөө өгсөн миний санал байхгүй байна”

2012 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарчихаад байгаа. Энэ сонгуульд оролцсон нам, эвслүүд санал хураалтын дүнд эргэлзэж байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд өчигдөр нэгдсэн журмаар хүсэлт гарган, саналын хуудсыг гар аргаар тоолуулах хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн.

Харин СЕХ шинэчлэгдэн батлагдсан хуулинд ийм зүйл заалт ороогүй. Тэгээд ч 2 хяналтын хороон дээр хяналтын тооллого хийхэд саналын зөрөө гараагүй учир автомат машины дүнд эргэлзэх хэрэггүй гэсэн юм.

Гэтэл сая сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүдийн төлөөлөл дахин сэтгүүлчидтэй уулзаж зарим факт, баримтуудыг  дэлгэлээ.

Тухайлбал, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Би Баянгол дүүргийн иргэн. Миний гэр бүл, хамаатан садан, найз нөхөд бүгд тэнд бий. Гэтэл Баянголоос манай нам 1 ч санал аваагүй байна. Гэр бүл, найз нөхөд маань надад санал өгөөгүй юм аа гэхэд би гарцаа байхгүй өгсөн. Санал маань ч хүчинтэй байх ёстой” гэж байв.

Энэ мэт санал тоолох үйл явц алдаатай явагдсан гэдэгт намууд итгэлтэй байгаа бөгөөд хяналтын тооллого явуулахад хууль зөрчсөн зүйл байхгүй гэв. Учир нь хуулинд хориглосон заалт ороогүй гэв.

Мөн тэд 2 тойрогт хяналтын тооллого явуулсан гэдэгт эргэлзэж байна. Учир нь хяналтын тооллого хийх тойргийг  шодолт хийн сонгоно гэсэн шодолт хийгээгүй. Бид мэдээгүй. Үүн дээр хаана, хэзээ, хэнийг оролцуулан тооллого явуулсан нь тодорхойгүй. Бид саналын хуудас тоолохоос эхлэн тойргийн хэсэг дээрээ ажилласан. Хяналтын тооллого хийгээгүй гэсэн юм.

Тиймээс тэд санал тооллогыг шударга, эргэлзээгүй байлгахын тулд саналыг хуудсыг бүгдийг гар аргаар тоолохыг СЕХ-ноос шаардаж байна гэлээ.

www.INET.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих