Нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан гэж сэтгүүлчдийг зоджээ

Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ньюс” компанийн дэргэдэх “Скай” телевизийн ажилтнуудыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан гэж пүрэв гаригийн шөнө гурван залуу, нэг эмэгтэй орж ирэн зодож гэмтээсэн байна. Тэд УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эсэргүүцэж, тус телевизийн байр руу дайрч орсон аж. Болсон явдлын талаар “Скай” телевизийн сэтгүүлч Б.Гантуяагаас тодрууллаа.

-УИХ-ын 17 дугаар тойрогт Хөвсгөл аймгаас нэр дэв шиж буй Л.Мөнхбаатарын сонгуулийн штабын дөрвөн хүн 24.00-01.00 цагийн хооронд манай телевизийн долоон ажилтныг зодож гэмтээсэн. Тэд “Та нар Л.Гүндалай, Б.Эрдэнэбат нарын сурталчилгааг олон гаргаснаас манай нам ялагдлаа” хэмээн ажилтнуудын хоолойг боож унаган, үг хэлээр дайрч давшилж, заналхийлсэн. Бид маш их айдастай байна. Мөн телевизийн хяналтын камер, компьютер, захирлын ширээг эвдсэн. Тэд гартаа тааралдсан зүйлээ шидэж байсан.

-Зодуулсан ажилтнуудын чинь бие ямар байна вэ?

-Зарим ажилтан ухаан алдаж унасан. Бусдынх нь тархи хөдөлж, биед нь гэмтэл учирсан тул бид шүүх эмнэлэгт үзүүлэх гэж байна. Манай аймгийн МАН-ын дэд дарга М.Очирбат өнгөрсөн нэг сарын хугацаанд удаа дараа ирж биднийг дарамталж байсан. Тэр хүмүүсийг түүнийг явуулсан гэж бид бодож байна.

-Танхайрсан иргэдийг хорьсон уу?

-Нэгийг нь хорьсон ч 15 минутийн дараа гаргаад явуулчихсан. Бид нэг талыг барьсан нэвтрүүлэг хийгээгүй. Манай телевизийг Л.Мөнхбаатар үүсгэн байгуулсан. Харин ч МАН-ын сурталчилгааг тэдний захиалгаар тасралтгүй долоо хоног явуулсан. Гэтэл сурталчилгаа муу хийснээс болж манай нам ялагдсан гэж бидэн рүү дайрлаа.

С.ЗАЯА

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих