Архангайд АН-аас нэр дэвшигчид мөнгө тараасан баримтыг СЕХ-нд хүргүүлжээ

СЕХ, тойргийн хорооны шийдвэрийн дагуу Архангай аймгийн хэд хэдэн хэсэгт хяналтын тооллого хийхээр шийдвэр гарах нь гарч. Хяналтын тооллогыг гараар хийх нь ч хийсэн юм байна. Гэхдээ тойргийн хороо ч, санал тоолсон хэсгийн хороо ч бас л хууль, тогтоомж зөрччихөж.
Учир нь аль хэсэгт хяналтын тооллого хийх вэ гэдгийг санамсарүйгээр буюу сугалаа сугалж шийдвэрлэх учиртай.Тойргийн хороо гэтэл ямар зарчмаар хяналтын тооллого явуулах хэсгийн хороодыг сонгосон нь тодорхойгүй байгаа аж. Энэ тухай аймгийн Монгол Ардын Намын хорооныхон лав мэдэхгүй байна.
Тойргийн хорооны шийдвэрээр гараар дахин тооллого явуулахдаа долдугаар хэсгийн хорооныхон бас л хууль зөрчсөн байх юм. Тэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарыг сонгосон атлаа нам, эвслийг сонгоогүй саналын хуудсыг хүчингүйд тооцжээ. Ингэх нь хуулиар бас л хориотой .

Ер нь энэ бүхнээс харахад УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн хорооныхон ч, хэсгийн хорооныхон ч илтэд хууль зөрчиж, нэг нам, улстөрийн хүчинд үйлчилсэн нь илэрхий харагдана.
Тус аймгийн Өндөр-Улаан, Чулуут, Цахир, Хангай, Тариат сумдад дээр дурдсан зөрчлүүд нийтлэг илэрсэн ба эдгээр сумдаас АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нар 200-500 сонгогчийн саналаар илт давуу ялалт байгуулсан байна.
Түүнчлэн сонгууль бүрээр л шахам АН-ынхны хийдэг уламжлалт гэмээр булхай, луйвар тус аймагт бүр ч ил цагаандаа гарчээ. Сураг сонсох нь ээ, нийт сумдад мөнгө тараасан гэнэ. Жагсаалтын гурав, дөрөвдүгээрт байгаа хоёр хүнийг дугуйлаарай хэмээх захиасны хамт 30-50 мянган төгрөг сонгогчдын гарт очсон тухай Цахир сумын нэр бүхий иргэний ярьсан бичлэг СЕХ-нд баримт болон хүргэгджээ . Саналын дүнг хүлээсэн нэр дэвшигчид ч, намууд ч Архангайн дүн гарч өгөхгүй, их л удсаныг санаж буй байх. Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Өндөр-Улааны 28, 29 дүгээр хэсгийн дүнг бүр хүлээж ядаад газар дээр нь очжээ.
Гэтэл 29- ний үүрийн 5 цагт дээрх хэсгийн хорооныхон АН-ынхантай нийлж суу гаад дүнгээ гаргаж байсантай таарсан байх юм. Сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулах ёстой атал улстөрийн нэг нам нийлж суугаад “найрласан” хачирхам тохиолдол энэ.
Тийм учраас хууль зөрчсөн дээрх түм, буман асуудлыг шалгуулахаар Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос тойргийн хороо, СЕХ-нд есөн зүйл бүхий албан бичиг хүргүүлээд байна.
Мөн цагдаа, тагнуулын байгууллагад давхар хандлаа. СЕХ, тойргийн хороо хуулийн дагуу шударгаар нягталж, шалгавал ялсан хэмээн “баатар” болсон АН-аас нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нар УИХ-ын гишүүн болох эрхээ хасуулах учиртай.
Эсвэл тус тойрогт дахин сонгууль явуулна. Наанадаж нийт хэсгийн хорооны саналыг дахин гараар тоолж байж эцсийн дүнг гаргах ёстой болж байна.

Т.БУД

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих