Архигүй баярламаар юм биш үү

2008 оны долоодугаар сарын 1-ний өдрийн хар түүх давтагдах вий гэсэндээ төр энэ удаагийн сонгуулийн үеэр архи, согтууруулах ундаа худалдаалахгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

Ингэснээр монголчууд бид бараг анх удаа бүх нийтийн баярын өдрийг архигүй тэмдэглэж өнгөрүүллээ. Утга нь өөр байсан ч үр дүн нь нийгэмд энх амгалан, эмх журмыг авчирсан юм. Хөлбөмбөг сонирхож байгаа нэрээр архи, шар айраг гүзээлэгчдэд л харамсалтай санагдсан уу гэхээс жинхэнэ фанатуудад огтхон ч нөлөөлсөнгүй ээ.

Харин ч “Архи зардаггүй өдрийн тоог нэмчихмээр юм биш үү” гэсэн бодол орж ирж байв. Одоогийн байдлаар cap бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглож байгаа. Үүнийг ядаж нэгээр нэмж 1, 15-нд архи худалдаалахыг хориглодог болгочихвол амар амгалан гэр бүлийн тоо улам л нэмэгдэх нь. Архидан согтуурахтай холбоотой гэмт хэргүүдийн ихэнх нь ахуйн маргаанаас үүдэлтэй байдаг билээ.

Too баримт сөхье. Улсын хэмжээнд өдөрт дунджаар 300 гаруй хүн эрүүлжүүлэгддэг бөгөөд баяр ёслолын үед 400-д дөхдөг. Энэ бол улсын хэмжээнд бүх эрүүлжүүлэх байр дүүрсэн гэсэн үг, “сав” нь олон байсан бол бас л дүүрэх байсан нь гарцаагүй. Зөвхөн нийслэлд гэхэд өнгөрсөн наадмын эхний өдөр 169, хоёр дахь өдөр, 129, уяачдын баярын өдөр 149 хүн эрүүлжүүлэгдэн 90 гаруй гэмт хэрэг гарсан байдаг.

Мөн үед хөдөө, орон нутагт хоногт дунджаар 100 орчим хүн эрүүлжүүлэгдэж байсан байх юм. Харин өнгөрсөн өдрүүдэд нийслэлд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 71-ээс хэтрээгүй бөгөөд орон нутгийн согтуучуудыг нэмбэл 81 хүн л “жүүлэг”-т морилсон байна.

Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн золиос болж, нийслэлд өдөрт 34 хүн амиа алддаг гэсэн харамсалтай тоо баримт байдаг аж. Жилээр үржүүлээд үзээрэй. Архи хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос болж осол гарган өөрийнхөө болон бусад хүний эрүүл мэндийг хохироох явдал ч их гардаг.

Өнөөдөр манай улсад согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээ хэрээс хэтэрснийг зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа спиртийн 16, архины 93, шар айрагны 21, дарсны 14 үйлдвэрээс харж болно /2011 оны байдлаар. Эдгээр үйлдвэрүүдийн тоог цөөлж, чанар, стандартыг чангатган мөрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Төр засаг нэг хэсэг архины хэрэглээг хатуу бодлогоор барьж байсан ч сүүлд нь “Монгол хүний саруул ухаанд итгэнэ” гээд зөнд нь тавьж орхисон.

Одоо нийгэмд шаарлагдаад байгаа архичид бол энэ шийдвэрийн шууд үр дагавар нь юм. Нэг ёсондоо архины хэрэглээг зохицуулалтгүй орхисон нь буруу байж. Одоо буцаад хуучин шигээ чанаргүй архитай “жинхэнээсээ” тэмцэж эхэлье. Архидалттай биш, архитай нь. Ингэж байж л Монгол хүн хөдөлмөрлөнө, Монгол Улс хөгжинө. Гэмт хэрэг, осолгүй, амар амгалан Монгол Улсын төлөө ийм шийдвэр бүгдэд таалагдана.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих