Алдаанаасаа суралцъя…

Амьдралыг алдаа онооны дэнс гэдэг. Хүний амьдрал ч заримдаа онож, заримдаа алдаж л байдаг. Нэгэн мэргэн хүнээс “Ямар хүнийг ухаантай хүн гэх вэ?” гэж асуухад “Алдаан дээрээс суралцаж, дахин алдаа гаргадаггүй хүнийг л ухаантай хүн гэнэ” гэж хариулсан гэдэг. Тэгвэл яг үүнтэй адил үйл хэрэг болоод өнгөрлөө. Хэдхэн хоногийн өмнө болсон УИХ-ын сонгуулийг хэлж байна. Мэдээж сонгууль юм хойно ялалт ялагдлын асуудал байх нь зүйн хэрэг. Хүн амьдралдаа оносон үедээ баярлаж, алдсан үедээ гуньдаг шиг улс төрийн намуудын ялсан нь ард түмэндээ талархаж, ялагдсан нь гоморхож байгаа нь бас л зүйн хэрэг. Гэхдээ ялагдсан тал ялагдлынхаа шалтгааныг сонгуулийн процесстой, санал тоолох машинтай, бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбон тайлбарлах гэж оролдож байгаа нь харамсалтай.

Зүй нь бол тэд алдаагаа өнөөдрийн үйл явдлаас биш, өнгөрсөн он жилүүдээс хайвал зохино. Товчхондоо, үйл явдлыг эргэн санавал ардчилал буй болсноос хойш энэ удаагийн сонгуулийг эс тооцвол өмнөх 5 удаагийн УИХ-ын сонгуулийн 4 удаагийнхыг нь буюу 1992-1996, 2000-2004, 2004-2008, 2008-2012 оны сонгуулиудад МАХН /МАН/ ялалт байгуулж байжээ. Энэ нам монгол төрийн эрхийг сүүлийн 16 жил барьжээ. Мэдээж тэд энэ хугацаанд улс орны хөгжил дэвшилд чиглэсэн олон зүйлүүдийг хийж хэрэгжүүлснийг үгүйсгэж болохгүй. Үгүйсгэх ч аргагүй.

Харин миний бодлоор нэг л зүйл буруу байлаа. Тэд өмнөх хэдэн жил төр барьсандаа хэтэрхий эрдэн эрэмгий, бардам, хөөргөн, ихэмсэг зан гаргасан. Тэд төрөлх намаа, жирийн гишүүд дэмжигчдийн саналыг нь үл харгалзан хэдхэн кадрын санал санаачлагаар 2 хуваасан. Тэд гэж хэлэхдээ би МАН-ын удирдлагууд, өнөөгийн кадрууд, төрийн өндөр албан тушаалтнууд, сайдууд, төрийн албаны хурган дарга нарыг хамааруулан хэлж байна.

Хоёрхон жилийн өмнө МАН-ын нэгэн дарга “Манай нам, сонгуульд болж ялагдах юм бол би толгойгоороо хариуцна…” гэж хэлж байсан санагдана. Одоо тэр дарга хаана байна. МАН болж ялагдлаа. Яаж толгойгоороо хариуцах гэж байна гэж асуумаар санагдлаа.

Алдааг өнөөдрөөс биш, өчигдрөөс хайх хэрэгтэй болов уу? Иргэд сонгогчид яагаад тэдний төлөө нойр хоолоо хасан байж, эх орны хишиг өгүүлэн байж, хөгжих дэвшихийн төлөө зүтгэн байж ажилласан МАН-ыг дэмжсэнгүй вэ? МАН-ынхан сонгуулийн дүнд итгэхэд ч бэрх байна. Энд алдаа гарлаа, иргэдийн МАН-д өгсөн саналыг будлиантууллаа, саналын хуудас тоолох машин буруу тооллоо гэж МАН-ынхан итгэж ядан байна. Гэхдээ саналыг нягтлаад, машинаар биш гараар тоолоод ч тийм их саналын зөрүү гарахгүй л байх болов уу.

Учир нь иргэд сонгогчид тэднийг дэмжихгүй байх шийдвэрээ аль эрт гаргасан байсан байх. Магадгүй эх орны хишиг өгүүлэх нэрээр сүйдэж байгаа байгалиа харахдаа, утаатай Улаанбаатартаа уушгиа хордуулан амьдарч байхдаа, 21 мянган төгрөгөө авах гэж урт дараалалд зогсож байхдаа, идэх махаа кг-аар нь граммаар нь авч байхдаа, төрийн албан хаагчдын ихэмсэг, хүнд сурталтай байдалтай нүүр тулахдаа иргэд, сонголтоо өөрчлөхөөр шийдвэрлэсэн байх. Магадгүй таны доор ажиллаж байгаа хүмүүс таны захирах, зандрах, тушаах, дээрэлхэх зангаас чинь болж дотроо сонголтоо өөр хүнд өгч байсан байх.
Бас нийслэлийн захиргаанд гэхэд сүүлийн 15 гаруй жил бараг салхи жавар оролгүй, “цус ойртон”, ах дүүс, найз нөхдийн сүлжээ болсон байдлыг иргэд өөрчилж, салхи жавар оруулахыг хүссэн байх.

МАН-ынхан уг нь өөрсдөө алдах эрхгүй хүмүүс гэдэгсэн, гэхдээ тэд энэ удаа алджээ, алдах алдахдаа алд дэлмээр алджээ. Одоо тэдний хувьд алдаандаа харамсан суух биш, алдаанаасаа суралцан улам бүр хэрсүүжих цаг. Сонгууль 2012 оноор дуусахгүй, 2016, 2020 гээд үргэлжилнэ. Тэр цагт МАН хэдий чинээ алдаанаасаа суралцсан байна, алдаагаа зассан байна, төдий чинээ иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, сонголтыг авах болно. Явсан мөрөө эргэж харъя. Тэгээд цэгнэе МАН.

АН бол одоо баярлах биш хийх цаг, АН-ынханд 1996-2000 он итгэл үзүүлж үзсэн. Тэгэхэд тэд залуу, туршлага багатай байсан болоод тэр үү, онохоосоо алдах нь илүү байсан. Ард түмэн та бүхэнд итгэл үзүүллээ, харин одоо та нарт алдах эрх байхгүй. Та нарын гаргах алдаа, албан тушаалын учир утгагүй өрсөлдөөн Монгол төрийг үнэгүйдүүлж, монголын ард түмнийг сөхрүүлнэ гэдгийг ухамсарлаж байгаа байх гэдэгт итгэлтэй байх. Амжилт хүсье АН.

Ц.Мөнх

olloo


URL:

Сэтгэгдэл бичих