Харь нутгийн хар машин сонгууль будлиулсан уу?

Долоодугаар сар хэдийнэ гарсан ч ёстой л юун наадам, юун цагаан сар гэдэг болж байна даа. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын эрхэм гишүүдээ сонгосон сонгуулийн дуулиан намжаагүй болохоор арга ч үгүй юм уу даа.

Өч, төчнөөн аргаас арай­хийж будлиан хут­га­даг­гүй хэмээн алс холын Америкаас авто­мат машин авч ирж, сон­гуулийн саналаа тоолсон нь тусыг эс олов.  24 цэцэрлэг барих 24 тэрбум төгрөгийг цацан байж авсан машины үр дүн харагдахгүй нь болол­той.

Учир нь нам, эвслүүд сон­гуулийн дүнг хүлээн зөв­шөөрөхгүй. Тиймээс уламж­лалт аргаар буюу гараар саналын хуудсыг тоолох нь зөв хэмээн СЕХ-нд шаардлага хүргүүлээд байна. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ялагдсан улстөрчдөд ч шалтаг мунддаггүй юм байна хэмээн тоохгүй байя гэх нь ээ ер болсонгүй. Төрийн түшээдийн хувь заяаг санах ойдоо хийсэн тэрхүү санал тоологч машиных нь зэс нь цухуйгаад эхэлжээ.

Сонгуулийн үеэр улсын хэм­жээнд 2436 ширхэг автомат машин ажил­луул­жээ. Өглөө 07:00 цагт санал хураалт эхлэх үеэс л тойрог, хэсгийн хороодоос гайхалтай автомат машины талаарх гомдол хийгээд асуудлууд өрнөж эхэлсэн. Зарим газар гацсан, нөгөө хэсэгт толгой нь бохирдсон гэх бүрт нь СЕХ болон тойрог, хэсгийн хороод арга хэмжээ авсан. Гэтэл сонгууль хэмээх улстөрийн их сунгааны үр дүнгийн тайлангийн хуудсанд зөрүүтэй тоо хэд хэд гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

Ядахад автомат машин гээчтэй танилцаж амжаагүй болохоор сонгогчдод цаг хуга­цаа нэлээд шаардагдсан. Тиймээс дараалал үүсч, төрийн сонголтдоо хүндэт­гэлтэйгээр хүрэлцэн ирсэн иргэд бухимдаж эхэлсэн.

13 цагийн хугацаанд явагдсан сонгуулийн санал хураалтын дүнг зарим хэсэгт шодолт хийж, гараар тоолохоор болсон. Бүр байтлаа иргэдийнхээ саналыг шодож шийддэг болов. Нэртэйгээр нь хөрөнгө зарж шодож байхаар шоо орхисон бол зарлага багатай байсан баймаар юм.

Мөн өөрийн биеэр саналаа өгч буй сонгогч нэг удаа саналын хуудсаа хүчингүйд тооцуулан, дахин шинэ хуудас авах эрхтэй. Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа болон зөөврийн хайрцгаар саналаа өгсөн иргэдийн хувьд энэ эрхээ мөн л эдэлж чадалгүй хоцорсон. Учир нь санал хураалт болсон өдөр лацтай зөөв­рийн хайрцагнаас саналын хууд­суудыг уншуулаад хэрвээ алдаатай байвал шууд хү­чингүйд тооцож байсан юм.

Өөрсдийнх нь зохион байгуулж буй ажлын үр дүнг харуулах учраас СЕХ-ныхон автомат хар машинаа өмгөөлсөөр л сууна. Шодсон тойр­гийн гараар тоолсон, ма­шинаар дүгнэсэн саналууд бараг зөрөөгүй. Ганц, хоёр хэсэгт 2-3 тоогоор зөрсөн гэ­сэн хариулт өгөөд байгаа. СЕХ-ныхон өрсөлдөгчдийн дунд хагас оноо ч чухал гэд­гийг мэддэггүй юм байх даа. Харин өвдөг шороодсон улстөр­чид өөрийнхөө буруу­гаас бус өнөө “машинаас” бол­­лоо гэдгийг баталсаар бай­на.

Тухайлбал, Архангай, Сүх­баатар аймаг, Хан-Уул, Сүх­баатар дүүргийн тодорхой хэс­гүүдэд хугацаанаас өмнө лац хөдөлгөж машин задалсан гэнэ. Мөн Архангай аймгийн нэг хэсэгт 46 минутын хугацаанд 642 хүн саналаа өгч, “рекорд” тог­тоо­сон нь автомат машины хэвлэмэл баримтад дурайтлаа хэвлэгдэн гарчээ. Бодоод үзэхээр нэг хүн 4.2 секундэд саналаа өгсөн байгаа юм.

Түүнчлэн Баян-Өлгий, Орхон зэрэг аймаг болон нийслэлийн зургаан дүүрэгт машинаар уншигдсан тайлангийн дүнд сонгогчдын тоо, өгсөн саналаас зөржээ.

Энэ мэтчилэн эрх баригчдын хувь заяаг гартаа атгасан элдэвтэй машины булхай дуусахгүй нь бололтой. Дээрхээс илүү олон баримтыг нам, эвслүүд СЕХ-нд хүргүүлсээр л байна. Тэгэхээр хэдэн биедээ итгэл алдарсандаа харь газрын хар машин авч ирж сонгуулиа явуулж, дүнгээ гаргуулсан нь бас л бүтэлгүйтэх гээд байгаа бололтой.

Ер нь бол хар машинаар ч тоолуулна уу, гараар ч тоолно уу хэзээ Монголын улстөрчид соёлтойгоор ялж, ялагдаж сурна даа. Сонгуулийн энэ их давалгаанд нь улсын эдийн засаг, ард түмэн хоёр л үрэгдэж, чирэгдэх аюултай юм даа.

Эх сурвалж: “Өглөөний сонин “


URL:

Сэтгэгдэл бичих