Ацан шалаанд орсон АН МАХН-тай нэгдэж шившгээ тарих вий дээ

АН шинэ Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх нь олон нийтийн анхаарлыг маш ихээр татаж байна.

Тэд энэ сонгуульд олонх болсон ч дангаараа Засгийн газар бүрдүүлэх хэмжээнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, сонгуульд хүссэнээрээ ялалт байгуулж чадсангүй.

Одоогийн байдлаар АН УИХ-д 31 суудалтай. Хэрэв Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Л.Эрхэмбаяр ялалтаа баталгаажуулж чадвал 32 суудалтай болно гэсэн үг. Гэтэл дангаараа Засгийн газар бүрдүүлэхэд 39 суудал хэрэгтэй байдаг. Иймээс дөрвөн намын төлөөлөлтэй УИХ-аас өөрсдөдөө ашигтай шинэ Засгийн газрыг яаж байгуулах вэ гэдэг асуудал АН-ынхны толгойны өвчин болж байна.

Үүнээс болж АН дотроо хоёр хуваагдчихав. АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракцийнхан МАН-тай нэгдэж, Засгийн газраа бүрдүүлэх хүсэлтэй байгаа бол З.Энхболд, “Женко” Х.Баттулга нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй нэгдэхээр зүтгэж байна. Дутуу алсан могой шиг хоёрын хооронд ялалт байгуулсан АН ийм л ацан шалаанд орчихлоо.

Уг нь АН-ынхан МАН, МАХН-ын алинтай ч нь эвсэх сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Иймээс ч ИЗНН-ын хоёр, бие даагч Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарт сайдын суудал амлаж, эгнээндээ нэгтэх байх гэсэн шум хэсэг ниссэн. Харамсалтай нь энэ таван суудлыг нэмсэн ч дангаараа Засгийн газар бүрдүүлэх 39 суудалд хүрэхгүй.

Тэгэхээр АН-д МАН, МАХН-ын аль нэгэнтэй нь эвсэхээс өөр сонголт үлдсэнгүй. Хэрэв Н.Ал­тан­хуяг намаа дагуулаад МАН-тай нэгдэж чадвал АН-МАН гэдэг Засгийн газартай болох нь. Ана мана, ач тач үзэлцэнэ гэдэг шиг. Гэхдээ ямар ч сонирхолгүй Засгийн газар болно.

Харин “Женко” Х.Баттулга, З.Энхболд нар дийлж, МАХН-тай нэгдвэл ихээхэн сонирхолтой Засгийн газар бүрдэнэ. Учраа мэдэхгүй, инээдэмтэй хөгийн ч гэмээр юм уу даа.

Гэхдээ АН-ынхан МАХН-тай нэгдэж, Засгийн газар байгуулах боломж тун бага. Учир нь МАХН шууд утгаараа Н.Энхбаярын заавраар хөдөлнө. Энэ хүний хүссэнээр үйлчилж, энэ хүний ашиг сонирхлоор үйл ажиллагаа нь явагдана.

Харин Монгол Улс ардчилсан Ерөнхийлөгчтэй орон. Ардчилсан Монгол Улсын иргэд АН-ыг авлигын “загалмайлсан эцэг” Н.Энхбаяр болон түүний намтай нэг оронд орохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тиймээс ч АН-ынхан МАХН-тай нэгдвэл ард түмэнд хүнд цохилт болж, ардчилсан Ерөнхийлөгчийн нэр хүнд огцом унах нь ойлгомжтой. Ийм зүйлийг хийхгүй гэдэгт ард түмэн итгэж байна. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ хариуцлагатай үед ардчилсан Ерөнхийлөгч ийм гэнэн алхам хийхгүй биз ээ.

Ингээд эцэст нь АН-ынхан МАН-тай эвсэж, Засгийн газар байгуулах ганцхан сонголт үлдчихэв. Гэхдээ иргэд, сонгогчид үүнийг бас л хүсэхгүй. Өмнөх дөрвөн жилд МАНАН байсан бол энэ удаа АНМАН болж л өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, маш сонирхолгүй Засгийн газар бүрдэх бололтой.

Харин үүний дараа Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга нарын дунд хэн нь Ерөнхий сайд болох вэ гэдэг ширүүхэн тэмцэл өрнөх биз ээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих