Хятад руу нүүрс тээвэрлэх замаа тавьж байна

НЬЮ-ЙОРК. /Блүмберг/. Хятадад нүүрсний эрэлт өндөр байна гэдэгт Монгол Улс найдаж байна гэж “Mongolia Mining Corp.” /MMC/ компанийн топ-менежер Б.Готов хэлжээ. Хятадад нүүрс экспортолж байгаа нь Монголын уулын олборлох салбар түргэн хөгжих боломж олгож байгаа аж.
Эдийн засаг нь хамгийн түргэн өсч байгаа орнуудын нэг болох Монгол Улс өнгөрсөн онд Хятадад 20 сая тонн коксжсон нүүрс нийлүүлж, энэ үзүүлэлтээр Австралийг гүйцэж түрүүлсэн байна. Одоо ММС 800 сая доллароор БНХАУ руу 250 км урт төмөр зам тавьж байгаа бөгөөд энэ нь экспортын хүчин чадлаа 30 сая тонноор нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм.
Энэ онд ММС Тавантолгой орд газрын Ухаа худаг уурхайн олборлолтоо 41 хувиар өсгөж, 10 сая тонн, 2013 онд 15 сая тонн хүргэхээр төлөвлөжээ. Тус компани шинэ төмөр замын экспортын хүчин чадлын тал орчим хувийг ашиглаж, үлдсэн хувийг олборлогч бусад компанид түрээслүүлэх аж.

2015 онд ашиглалтад орох ёстой төмөр зам Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэхэд шаардагдах хугацааг хоёр цагаар богиносгож, ердөө хоёр цагийн дотор тээвэрлэх боломж олгож байна. Монголын Засгийн газар 19 жилийн дараа энэ төмөр замын 51 хувийг өөрийн мэдэлд авна. Хөрш орнууд хоорондын тээврийн харилцаа өргөжсөнөөр Монголын байр суурь Хятадад коксжсон нүүрсний гол нийлүүлэгчийн хувиар дээшлэх боломжтой болж байна.
З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих