“Sky” телевизийн захирал Ж.Эрдэнэцэцэг Б.Ганзориг зураглаач нарт сая төгрөг өгье, тохиръё гэсэн байна лээ

МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Б.Мөнхбаатарын ялагдалд бачуурсан “Хөвсгөл Ньюс” ХХК-ийн захирал Б.Ганзориг гэгч балмад этгээд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болох “Sky” телевизийн уран бүтээлчдийг зодож, хэл амаар доромжилсон талаар манай сайт мэдээлсэн. Аймгийн Цагдаагийн газраас гэмт этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч түүнийг батлан даалт нэрийн дор гадуур сэлгүүцүүлж байгаа. Ингэснээр тэрбээр шүүх эмнэлгийн дүгнэлтэд нөлөөлөх, хохирогчдыг багахан хэмжээний мөнгөөр худалдан авахыг оролдож буй аж. Тэрбээр угийн балмад харгис ааштай этгээд агаад түүний эл үйлдэл нь хоёрдахь удаагийнх аж. Бид энэ талаар “Sky” телевизийн захирал Ж.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу?
Ж.Эрдэнэцэцэг сэтгүүлч, 15 дэх жилдээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа. Орон нутгий шилдэг сэтгүүлчээр хоёр жил дараалан шалгарсан. Асуудал хөндсөн сэдэвээр  ард түмний хүндэтгэлийг хүлээсэн нийтлэлүүдийг бичдэг. Тухайлбал  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нүүрсний уурхай, Бүрэнхааны фосфорит зэрэг байгаль орчны сэдвээр үнэн баримттай нэвтрүүлэгийг удаа дараалан хийснээр Фосфоритын асуудлыг зогсоож чадсан.
-Танай телевиз хэдэн ажилтантай бэ?
-Ерөнхий редактор, найруулагч, дөрвөн сэтгүүлч, гурван зураглаач, эвлүүлэгч, ерөнхий санхүүч, нярав, үйлчлэгч, нийт  11 ажилчдыг байнгын ажлын байраар хангаж байсан.
-Тухайн үед яг юу болсон талаар ярих уу?
-2012 оны зургадугаар сарын 28- 29-нд шилжих шөнө 23 цаг 55 минутын орчим сэтгүүлчид болон уран бүтээлчид сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар сүүлийн мэдээллээ өгөхөөр ажлын байрандаа ажиллаж байх үед гаднаас “Хөвсгөл Ньюс” ХХК-ийн захирал Б.Ганзориг согтуу орж ирсэн. Тэр “За та нарын бах чинь ханаж байна уу, танай Даваасүрэнд 1500 хүнээр манай хүн ялагдлаа энэ хариуцлагыг та нар хүлээнэ” хэмээн миний ширээг цохиж аван хашгирч эхлэхэд сэтгүүлч, зураглаач нар захирал руу хүн агсам тавиад байна хэмээн гүйлдэж намайг хамгаалахаар орж ирсэн зураглаач С.Цэдэндамбыг барьж аван зодож, унагаж байгаад тархи толгой руу нь өшиглөж танхайрсан. Мөн уран бүтээлчдийн өрөө рүү орж хашгичиж орилон бүгдийг нь зодож эхлэсэн. Энэ үед манай зураглаач  камераа зааланд асааж орхисон нь бидэнд үнэтэй баримт болж байна.
-Тийм шүү. Үнэхээр тэр зураглаач камераа асаагүй байсан бол та бүхнийг хүн гүтгэсэн гэх байсан байх. Та “Sky” телевиз дахин үйл ажиллагаа явуулахгүй гэж байсан?
-Биднийг эхнээс нь зодож танхайраад л бидний дуудлагаар ирсэн цагдаа нарыг байхад биднийг нохой мэт бүгдийг хөөж гаргасан, зайл, энэ телевизийг хаалаа, та нар гудамжинд гарч гутлаа өшиглө, та нарын яаж явахыг чинь харна хэмээн үг хэлээр доромжилж хөөсөн учир өнөөдрийг хүртэл телевиз ажиллахгүй хаалгаа барьсан байгаа. Тэд өөрсдөө телевизийг түгжээд явсан байх аа.

-Б.Ганзориг ер нь яагаад тийм балмад авирласан юм бол. Энэ хэргийг та юунаас үүдэлтэй гэж бодож байна?
-Энэ бол анхнаасаа л Хөвсгөл аймгийн МАН бусдыг дарангуйлдаг шигээ хэвлэл мэдээллийн амыг барих зорилтыг агуулан Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг телевизүүдээр зөвхөн МАН ын нэр дэвшигчид гарах ёстой гэж удаа дараалан дарамталж байсан балмад явдал нь ийнхүү халдлагад өртөх гол шалтгаан болсон гэж уран бүтээлчид үзэж байгаа. Яагаад ингэж намыг буруутгав гэхээр аймгийн МАН-ын дэд дарга, Хөвсгөл аймгийн орлогч дарга М.Очирхуяг нь нэр дэвшигч Мөнхбаатарын штабын хүмүүст  танай “Sky” телевизээр  өөр намын нэр дэвшигчид гараад байна. Ингэж гарах учиргүй зөвхөн МАН л гарах ёстой гэж хов зөөн, уран бүтээлч бидний дэргэд байнгын цагдаа шиг хүн байлгаж бүх үйл явдалыг хянуулж  турхирч байснаас үүдэлтэй хэмээн бид үзэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан, сэтгүүлчдийн чөлөөтэй тэгш үйлчлэх эрхийг хаасан хэмээн үзэж байна. Үүнээс болж сонгуулийн явцад 20 минут тутам МАН-ын нэвтрүүлэг болон нэр дэвшигчдийн сурталчилгаа явагдаж байсныг үзэгчид эсэргүүцэн тухайн үед санал гомдолоо илэрхийлж байсан.
-Б.Ганзориг гэгчийг та хэр сайн таних вэ?
-“Хөвсгөл Ньюс” ХХК захирал солигдсон гээд л энэ хүнийг хэлж бидний ажилтай ирж удаа дараалан танилцаж байсан.Урьд нь танидаггүй байсан.
-Хэрэг болсноос хойш Б.Ганзоригтой уулзсан уу, түүнийг гадуур явж байна гэсэн мэдээлэл байгаа?
-Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар бүлэг хэрэг хэмээн эрүү үүсгэн шалгаж байгаа учир батлан даалтаар гадуур гаргасан юм шиг байна.
-Та бүхэнд мөнгө өгье тохиръё гэсэн гэх мэдээлэл байгаа?
Манай телевизийн найруулагч, зураглаач нарт нэг сая төгрөг өгье ажлаа хий, тохиролций гэсэн, надтай бол ямар нэгэн байдлаар яриагүй байгаа.
-Түүнээс гадна нэг эмэгтэй орж ирээд таныг алгадаад байх шиг байсан. Тэр хэн бэ?
-Тэр эмэгтэйг Лхавга гэдэг гэсэн. Мөрөнд ажил хийдэггүй, сонгуулийн штаб-д ажилласан. Төрөл садан юм шиг байна лээ. Намайг үсдэж дарж алгадсан, Би их гомдолтой байгаа, гудамжны нэг хүүхэн хэвлэл мэдээллийн удирдлага руу дайрч, доромжилсонд. Энэ эмэгтэйд мөн эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн.
-Б.Ганзориг урьд нь та бүхэнтэй бүдүүлэг харьцдаг байсан уу?
-Сонгуулийн хугацаанд байнга дарамттай бидний дэргэд цагдаа шиг сонгуулийн штабын залууг байнга харгалзуулж хянуулж байсан.Сонгуулийн үеэр бид мөн шударга байж ижил тэнцүү намуудад үйлчилнэ гэж нэвтрүүлгийн төлөвлөгөө гаргаснаар буруутан болж нэг удаа муудалцан, манай телевизийн зүгээс “Хөвсгөл Ньюс” ХХК-д албан шаардлага өгч байсан баримт бий. Энэ халдлага бол хоёр дахь удаагийн дайралт юм.
-Хүмүүсийн тань биеийн байдал ямар байна?
-Уран бүтээлчдийн толгой бүгд доргилттой. Хоёр залуу маань бүр илүү ихээр зодуулсан, тархины томографийн зураг авхуулах шаардлагатай гэсний дагуу үзүүлж зургаа авхуулсан хэдий ч бүгд цоо эрүүл ямар ч гэмтэлгүй гэсэн байгаа. Үүнд бид эргэлзэж дараагийн шатны эмнэлэгт үзүүлнэ гэж бодож байгаа. Ямар тэнэг хүн хуурч байгаа биш их сонин дүгнэлт гарч байгаад харамсч байна. Ямар сайндаа л цагдаа дуудаад өгөхөд 15 минутын дараа суллаад явуулсан байсан. Эндээс харахад үнэн юм гэж байхгүй болчихсон юм уу даа гэмээр харагдаж байгаа.
-Цаашдаа яая гэж бодож байна даа?
-Хэн нэгэн эрхтэн дархтаны хараат бус телевизийг байгуулж ажилла гэж ард түмэн саналаа хэлж, сэтгэлээрээ дэмжиж байгаа. Манай баг хамт олон хамтарч уран бүтээлээ үргэлжлүүлэн ажиллана.Байгууллага, хамт олон хувь хүмүүс ч их хандаж байгаад урам зориг ихтэй, улам сайн ажиллаж Хэвлэлийн Эрх Чөлөөг илэрхийлсэн ард түмний телевиз байгуулах бэлтгэл ажлаа эхлээд байна.
Ард түмний хандиваар ард түмний телевиз байгуулж ажиллана.
М.Нандин www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих