Наадмын ёслолын ажиллагааны бэлтгэл эхэлжээ

Их Монгол Улс бай­гуулагдсаны 806 жил, Ар­дын хувьсгалын 91 жи­лийн ойн баяр наадмын урлаг соёлын багийнхан өчигдрөөс эх­лэн бэлтгэл­дээ оржээ. Төв цэнгэл­дэх хүрээлэнд 11 цагийн үед явж очиход 500 гаруй уран бүтээлч цуглачихсан сургуулилт хийж байв.

Талбайн голд байр­ласан тэд­нийг наадмын ерөнхий найруу­лагчаар ажиллаж байгаа УГЗ Ч.Ган­­­хуяг асар дээрээс удирдаж байлаа. Тэрээр микрофон барь­чихсан “Одоо хөгжимтэй явъя. Наад Ган­жуур, Данжуу­ры­гаа хадаг шиг ба­риа­тах. Битгий юу ч үгүй хумиад бай” гэж заавар­лах ажээ. Харин уран бүтээлчдийн дунд туслах най­руулагч МУГЖ Г.Бат­жаргал зогсож байв.

Өнөө жилийн наад­мын нээл­тийн ажиллагаа дуу хуургүй, бүжиг­гүй бай­на гэсэн. Энэ талаар Ч.Ган­хуяг найруулагч “Ма­найхан шоу­даад сур­чихжээ. Дуучид дуулах­гүй, бүжигчид бүжихгүй байна гэсэн чинь дарга нар хүртэл болж байгаа юм уу гэж гайхаад байх юм.

Уг нь наадмын нээлтийн ажил­лагаа гэдэг ямар нэгэн шоу биш. Төрийн зүгээс ард түмэндээ үзүүлж байгаа хүндэтгэлийн илэрхийлэл шүү дээ” гэв. Тиймээс янз бүрийн хамт­лагийнхан олон хүний өмнө шоу үзүүлж чадахгүй нь. Харин ганцхан дуу­чин оролцох нь гавьяат жүжигчин, дуучин Б.Саран­туяа ажээ. Тэрээр наадмын нээлтэд зориулан зохиосон “Цацлын дуу”-г  дуулах юм байна. Хагас цаг үргэлжлэх ёслолын ажил­ла­гааны бусад хөтөлбөр нь дандаа хүндэт­гэлийг илэрхийлсэн байх юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнд Тө­мөр замын чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхнаас бусад бүх л урлагийн байгууллагынхан оролцож байгаа ажээ. Бэлтгэлийн анхны өдөр тэд хаана байрлах, юу хийхээ заалгаж байв. Уран бүтээлчид цэнгэл­дэхийн найман талаас гараа алд­лан алхах бөгөөд тойрог болж зогссоныхоо дараа газраас “Ган­жуур, Данжуур” гэж бичсэн цагаан даавуу авч хурайлах ёстой ажээ. Ингээд юу хийхээ мэдсэн тэд ал­хаж үзэцгээв. Хөгжим эгшиглэж эхэлтэл Ч.Ганхуяг найруулагч “Бо­льё, зогсъё. Ингэж алхдаг юм уу. Та нараас ямар ч сэтгэл хараг­дахгүй байна шүү дээ. Додомдоод байгаа чинь харагдаад байна. Нэг л олигтой болохгүй нь. Наад хийж байгаа ажилдаа, алхаа гишгээндээ сэтгэлээ гарга” гээд дахин эхлүүлэв. Ингээд хөгжим эхлэхтэй зэрэгцээд уран бүтээлчид гараа алдлан талбайн гол руу алхлаа. Гэтэл ерөнхий найруулагч хөгжим зог­соо­хыг үүрэгдээд “Хүүхдүүд ээ, та нар чинь мэргэжлийн байгуул­лагынхан юм байгаа биз дээ. Наад хөл гар чинь яагаад зөрөөд байгаа юм бэ. Урдах хүнээ хараад алхаж чадахгүй байна уу” гэлээ. Түүнийг заавар өгсний дараа талбайн голд зогсож байсан туслах найруулагч  Г.Батжаргал нэг залууг загнаж гарав. “Хэн гэдэг юм бэ чамайг. Баасны сав чинь юу гээд байгаа юм. Их дарваганаад байвал ажилтай чинь ярина шүү” гэж омог­доод авав. Хэдийгээр микрофоноо буулгасан байсан ч гэсэн загнаж байгаа нь сонсогдоод байлаа. Өнөөх залуу нь туслах найруу­лагчийн өөдөөс үг хэлсэн бололтой юм. Энэ хооронд УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир, Э.Батхүү нар асар дээрээс зураг авч байсан бидэнд хандан “Хөөш, яагаад бид нарын зургийг аваад байгаа юм бэ” гэж хашгираад хүрээд ирэв. Гай­хаад яав ийв гэтэл “Та нар бидний зургийг авдаг хэн юм бэ. Зөвшөөр­лөө үзүүл” гээд аппарат булаа­цалдах нь холгүй юм боллоо.  Туслах найруулагчийн хүн загнаж байгаа зургийг авчихлаа гээд сүржигнээд байгаа юм байх гэж бодоод “Бид нар бэлтгэл сургуу­лилтын зураг авч байна шүү дээ” гэтэл авсан зурагнуудыг чинь заа­вал үзнэ гэх нь тэр. Ингээд хэсэг маргалдсаны эцэст тэд өөрсдийнх нь зургийг авч байна гэж буруу ойлгожээ гээд  буцаад явчихав. Залуу жүжигчид өөрсдийнх нь хуушуур идэж байх агшны зургийг авч гэж ойлгоод сүрхий уурлацгаасан нь тэр ажээ.

Ингээд бэлтгэл цаашаа үргэлж­лэв. Ерөнхий найруулагч дахин нэг удаа анхааруулга өгсний дараа хөгжим хангинаж тал бүрээс тойрог болохоор тэмүүлэх уран бүтээлчид алхаж эхэллээ. Байр байраа олж зогсонгуутаа газраас “Ганжуур, Данжуур” гэж бичсэн цагаан даавуу бариад хурайлж байна. Энэ үеэр найруулагч “Өшөө чанга, нижиг­нэтэл хурайлаач” гэж шаардлаа. Нүүрэн талд Улсын драмын эрд­мийн театрын  жүжигчин Б.Жар­галсайхан, Г.Урнаа, М.Түв­шин, Ц.Баясгалан, У.Уранчимэг, А.Ган­чимэг, Г.Отгонцэцэг нарын уран бүтээлч зогсчээ. Тэдний араас Үндэсний дуу, бүжгийн эрд­мийн чуулгынхан, загвар өмсөгч охидтой зэрэгцсэн байв.

Ардын жүжигчин Н.Сувд тө­рийн эхийн дүрийг бүтээж есөн хөлт цагаан туганд цацал өргөх юм байна. Ингээд тулга дээшээ хөө­рөхтэй зэрэгцээд Монголын эртний судар болох Ганжуур, Данжуурыг залах гэнэ. Энэ үед поп хатагтай Б.Саран­туяа гурван метрийн өн­дөр­тэй тавцан дээрээс “Цацлын дуу”-гаа эгшиглүүлэх ажээ. Түүнийг дуулж дууссаны талбайн голд байгаа уран бүтээлчид гороо хийж, ард нь уртын дуучдаар “Түмэн эх” дууг шуранхайлуулахаар төлөв­лөжээ. Энэхүү хөтөлбөрийнхөө талаар Ч.Ганхуяг найруулагч “Ямар ч байсан ёслол төгөлдөр бол­но. Би өмнө нь наадмыг дөрвөн ч удаа найруулж байсан. Өнгөрсөн хуга­цаанд бид алдаад яваад байж. Хүн­дэтгэлийн арга хэмжээ биш шоу хийх гээд байдаг. Тэгэхээр өнөө жи­лээс эхлэн яг л ёслолын ажил болгоё гэсэн санал тавьж байгаа” гэж байв.

Уран бүтээлчид хэсэг завсар­лаад дахиад эхлэв. Ерөнхий най­руу­лагч тэднийг толгойгоо өргөөд, харцаа дээшлүүлээд ихэмсэг гэгч нь алхахыг анхаарууллаа. Ингээд сүүлийн сургуулилтыг амжилттай боллоо гэж үзээд “Өнөөдөртөө ингээд завсарлая” гэлээ. Уран бүтээлчид алга ташин баяр­лал­даад найруулагчийн зогсох инд­рийн өмнө цуглаад ямар хувцас өмсөх тухайгаа зөвлөлдсөн юм. Драмын театрынхан “Бид “Атга нөж”, “Тэн­гэрийн хүү”-гийнхээ хув­цас­наас хамгийн өнгөтэйг нь ши­лээд өмс­чихье” гэв. Бусад уран бүтээлчид зохион байгуулагчдын зүгээс олж өгсөн хувцсыг өмсөхөөр болсон. Харин гуталнуудаа өөрс­дөө зохи­цуу­лахаар болоод тарах тийшээ хандав. Загвар өмсөгч охид Ч.Ган­хуяг найруулагчаас “Бид нарт таарах жижигхэн хувцас байгаа биз дээ” гэхэд “Яг таг тааруулна гэж байхгүйг ойлгож байгаа биз дээ. Ямар ч байсан монгол хүн өмсөж болохоор стандартын хувцас бай­гаа” гэлээ. Ингээд бүх уран бүтээлч­дэд маргааш (өнөөдөр) хувцас­тайгаа бэлтгэл хийхийг анхаа­руулаад тарж болно гэв. Тэд сур­гуу­лилтаа маргааш наадмын ко­мис­сийнхонд шалгуулах ёстой юм байна.

Ерөнхий найруулагч тайзны заслыг өөрчилж Төрийн ордны нүүр загвараар шинэчлэх санал гаргажээ. Энэ нь ч дэмжигдэж. Ингээд засварын ажлынхаа зур­гийг гаргаад хийх дээрээ тултал хөрөнгө мөнгө нь хүрдэггүй гэнэ. Улсаас 44 сая төгрөг төсөвлөсөн ч дээрх бусад зардалдаа шингээд хүрэхгүй байгаа юм байна. Тиймээс өнөө жилдээ тайз заслын ажлыг түр хойшлуулаад байгаа ажээ.

С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих