Дамирангийн Энхбатын биеэр эдлэж дуусгаагүй ял

12 жилийн ялтай гэмт этгээдийг шударга үнэний дууч байсан мэтээр олонд итгүүлэхийг оролдох хэрэггүй-

Д.Энхбатын сүүлчийн хүсэл нь “Шударга ёс” байсан юм хэмээн энэ сарын 08-ны нэгэн нөлөө бүхий өдөр тутын сонины сэтгүүлч онцолжээ. Сэтгүүлчийн онцолсон уг нийтлэлд Д.Энхбат хүний дээдээр барахгүй хүний эрхийн төлөө тэмцэгч, шударга ёсны эрэл хайгуулч байсан мэтээр бичиж, түүний үхэлд шууд утгаар биш ч гэсэн монголын төр, түүнчлэн цагдаагийн байгууллага буруутай мэтээр дүгнэсэн байх юм. Монгол хүн үгээ хэлж, хэвлэн нийтлэх эрхтэй хэмээн Үндсэн хуулиар хуульчилж олгосон онцгой эрх бий.  Гэхдээ энэ эрхийг эдэлж байна хэмээн үүргээ мартаж, хэтрүүлэх нь зохисгүй зүйл болохыг энэ дашрамд сануулах юун.

Нөгөө талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр шуугиан тарьж, нэгдүгээр нүүрээс онцлох болсон Дамирангийн Энхбатын хэрэг гэгчийг сөхөн гаргаж, тухайн үеийн байдлыг дийлэнх иргэд эргэн санахгүйг далимдуулан илт мушгин гуйвуулах оролдлогыг бий болгох болов. Монголчууд овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг. Долоон  жилийн өмнөх хэргийг сөхөж, сөхөхдөө ташааруулж, хувь хүний дүгнэлтийг бодит байдал мэт гуйвуулах нь хэнд ашигтай байгааг мэдэхгүй юм.

Энэ оны аравдугаар сарын 08-ны дугаар 241/3631/-д “Б.Хурц Д.Энхбатыг Францаас авчирсан нь” хэмээх нийтлэлд бичигдсэн цагдаагийн байгууллага Д.Энхбатыг баривчилсан гэдэг нь үнэнээс хэт холдсон ташаа мэдээлэл гэдгийг онцлох хэрэгтэй юм. Учир нь Монголын цагдаагийн байгууллага Д.Энхбатыг интерполоор эрж байснаас Монгол Улсад баривчлан авчраагүй. Харин Д.Энхбатыг Францаас баривчилж авчрах ажлыг тагнуулын ажилтнууд хийсэн болох нь өнөөдөр нэгэнт олонд ил болоод байгаа билээ.

Д.Энхбатыг эмч нарттай хуйвалдан эдлэх ялаасаа чөлөөлөгдөж, Монгол Улсын хилээр оргон гарсан, Герман болон европын орнуудад тэнүүчилж, хэрэг зөрчилд холбогдсон. 1996 оны тавдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод Англи улсын иргэн Тим Жарманы толгойд буудаж, амь насыг нь хохироосон. 1998 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулийн 122.3-ийн 4, 79.1, 267.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн шүүхээс 13 жилийн хорих ял ногдуулсан боловч УТКЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Нямсүрэн, их эмч Бурмаа, Жаамаа, Оюунбилэг нарт хахууль өгч хуйвалдан эмнэлгийн дүгнэлтийг хуурамчаар гаргуулан ялаас чөлөөлөгдөн 1998 оны долдугаар сарын 01-нд оргон зайлсан. 1998 оны долдугаар сарын 14-ний өдөр иргэн Батболд, Дашдондог нарт буу тулган айлган сүрдүүлж, танхайрсан. 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр иргэн С-ийг олон удаа хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэгт шалгах шаардлагатай байсан зэрэг хэргээр цагдаагийн байгууллагаас интерполоор эрэн сурвалжилж байсан аж.

Д.Энхбат гэж хэн бэ?

2002 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Багануур, Багахангай дүүргийн шүүхээс Цагдаагийн ерөнхий газарт “Д.Энхбатыг эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн ялыг нь нөхөн эдлүүлэхээр эрэн сурвалжлахад Герман болон европын орнуудаар тэнүүчилж, хэрэг зөрчилд холбогдож байгаа  талаар мэдээлэл байна. Тиймээс Д.Энхбатыг олж ялыг нь эдлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах”-ыг албан бичиг ирүүлж шаардсан байна. Тус албан бичгийг Багануур дүүргийн Шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж мөн дагалдсан байв. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас иргэн Д.Энхбатыг интерполоор эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн байна.

Харин одоогоос долоон жилийн өмнө 2003 онд Монгол Улсын иргэн Д.Энхбатыг тагнуулын ажилтнууд Францын Лэ Хэвра хотоос баривчилсан гэдэг. 1961 оны дөрөвдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой тэрбээр 1976 онд Төмөр замын техникумд суралцаж байсан нэгэн. Сийлбэр хийх сонирхолтой духан дээрээ хүрэн сорвитой Д.Энхбатын төрсөн эцэг нь Батчулуун гэж байсан. Эхнэр хүүхдээсээ салаад удалгүй нас барсан гэдэг. Энхбат хойд эцгээрээ овоглодог байж. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд эгч, дүү нар, ээжийн хамтаар зургуулаа амьдарч байгаад 1981 онд Эрдэнээ хэмээх бүсгүйтэй ханилж, хүүтэй болсон ч удалгүй салсан байна. Дараа нь 1987 онд Эрдэнэцэцэг хэмээх бүсгүйтэй ханилж, хоёр хүүхэдтэй болсон ч аанай л туурга тусгаарлаж. Хожим 1998 онд Ж.Энхцэцэг гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай байсан гэдэг.

Хэдийгээр монголчууд үхсэний ясыг бүү өндөлзүүл гэдэг ч нэгэнт Д.Энхбат гэгч хэн байсныг тогтоохыг хүсч байгаагийн хувьд түүний “нарсанд” өнгөрүүлсэн цаг хугацааг мөн “хөөв”.  Учир нь тэрбээр маш багаасаа гэж хэлж болохоор “нарс”-ны амьдралыг сонгосон нэгэн. Д.Энхбат нь Төмөр замын техникумын оюутан байхдаа 1977 онд гэмт хэрэгт анх удаа холбогдож, шүүхээр таслан шийдвэрлүүлсэн байна. Түүний бусдыг зодож тарчлаасан гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдсон учраас шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77-гийн А буюу 1.6 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Гэтэл жилийн дараа 1978 онд танхайрсан хэргээр тэрбээр шүүхийн хаалгыг дахин татсан аж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 196-ийн Б буюу танхайрах хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн түүнийг Хүүхдийн колонид ял эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан байна. Гэтэл Д.Энхбат хойтон жил нь хорих ангиас оргож, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн учраас Мааньтын хорих ангид найман жил ял эдлэхээр шүүхээр шийтгэгдсэн байна.

1982 онд хутга мэс ашиглан бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан Д.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76-гийн Б-д зааснаар зургаан жилийн хорих ялыг шүүхээс ногдуулж, Авдрантын хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрбээр эндээс 1987 оны гуравдугаар сарын 21-нд суллагдсан ч 1992 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан, улсын өмч шамшигдуулсан, тээврийн хэрэгсэл авч зугтсан, улсын хилийн дүрэм зөрчсөн, засгийн төлөөлөгчийг эсэргүүцсэн зэрэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, 79.1, 218, 267.1-ээр улсын яллагчаас ял ногдуулж, шүүхээс 14 жил хорих ялаар шийтгүүлсэн байна.

Түүнийг 1996 онд Мааньтын хорих ангиас өвчний учир гэсэн шалтгаанаар сулласан ч 1998 оны нэгдүгээр сарын 09-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд иргэн Д.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал дахин хуралдсан байна. Улсын яллагчаас Д.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127.2, 224.1, 212 дугаар зүйл ангиар ял ногдуулж, шүүхээс 13 жил, нэг сар, найм хоногийн ялаар шийтгэж, ШШБЕГ-ын харьяа 401 дүгээр ангид ял эдлэхээр хүргэгдсэн байна. 1998 оны зургадугаар сард Багануурын хорих ангийн дэд дарга тогтоол гаргаж, шинжээч эмч томилж, хоригдол Д.Энхбатыг эмнэлгийн үзлэгт хамруулсан байна. Ингэснээр хоригдол Д.Энхбат нь “халдвар харшлын гаралтай гуурсан хоолойн багтраатай, амьсгал, зүрх судасны дутагдлын хоёр, гуравдугаар үедээ орсон” хэмээн оношлогдож, цаашид хорих ял эдэлж чадахгүй гэсэн дүгнэлтийг гаргуулж байсан аж.

Тэрбүү хэл Д.Энхбат нь Нэгдүгээр эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Нямсүрэн, их эмч Бурмаа, Жаамаа, Оюунбилэг нарт хахууль өгч, “уушигны багтраа өвчний онош зөв байна. Өвчтөний өвчний тавилан муу, эмчилгээ үр дүнгүй болно, цаашид ял эдлэх чадваргүй” гэсэн дүгнэлтийг хуурамчаар гаргуулжээ. Ингэснээр Д.Энхбатын хүсэл биелэгдэж, 1998 оны долдугаар сарын 31-нд эдлээгүй үлдсэн 12 жил нэг сарын ялаас чөлөөлөгдөж, эрх чөлөөт иргэн болсон байна. 2002 онд түүний булхай илэрч, ял эдлэхээс чөлөөлсөн үндэслэл болох УКТЭ-ийн эмч нарын комиссын дүгнэлт санаатайгаар худал дүгнэлт болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдож, прокурор эсэргүүцэл бичсэнээр Д.Энхбатыг эрэн сурвалжилж, эдлээгүй үлдсэн 12 жил нэг сар, найман хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр Багануур дүүргийн шүүхийн захирамж гарсан байна.

Х.Ган-Ялалт   мэдээ.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.