Сонгуулийн тоостой цагаар нутагтаа буугаад мордох зуур

Намирын буурал дэнж
Сонгуулийн тоосонд дарагдаж
Намираа бороо царайчлан
Сорлог тал минь гунджээ

Намайг хөтөлж өсгөсөн ах нар
Намын боол
Насан идэр эрчүүл нь
Нанчидын боол болжээ

Хурдан унаатай баячуул
Хурлын зар тарааж
Худалдаж аваад сурчихсан
Хуучин зандаа дасжээ

Танил зүстэй ороолон
Талаар нэг бэлчиж
Тавлаг нутгийг минь
Тахлаж сэглэж гүйцжээ

Хөтөл гүвээ бүхэн
Хөндлөн замаар хэрчигдэж
Хөөрхий хэдэн өвгөд
Хэлэх үгээ баржээ

Эрээгүй улс төр
Элгийг нь хүртэл хиртээж
Ичих, айх булчирхайг нь
Ирвэсийн арьс шиг цоохортуулжээ

Итгэл үнэмшил хоёр нь
Имэрдэг цаасанд татагдаж
Инээд дуу хоёр
Ичмээр өнгөнд хувирчээ

Адуу янцгаадаг тал минь
Моторын дуунд дарагдаж
Айраг сэнгэдэг хоймор
Мохоорын үнэрт нэвширчээ

Авгай хүүхний хууч
Ховын үгээр холигдож

Айлчин гийчний сураг
Худалчийн дүрээр солигджээ

Агтны хийморьтой залууус
Алтны нүхэнд шургаж
Хүүхдийн гийнгоо тасарч
Хүлгийн нуруу эзгүйрчээ

Хошой саахалтын холбоо
Хүнийх юм шиг хөндийрч
Хот газрын гийчид
Хоосон цээжээр түнхийжээ

Тахиж өссөн нутаг минь
Танигдах аргагүй өөрчлөгдөж
Танимхаарч үнсдэг өвгөд
Тарагны ямаа шиг цөөрчээ

Ахан дүүс хүртэл
Намын сэтрээр гоёж
Алдуул мал хүртэл
Ламын сэтэртэй болжээ

Хэнээ туссан нэгэн
Лекц уншихыг санаархаж
Хэлэх нь цэгцгүй мөртлөө
Лектор болохыг мөрөөджээ

Холын мэндийн өмнөөс
Хорон үг шидлэнэ
??? ???????
?????????

Хэтэвч богц хоёроор
Хүнийг дүгнэх янзтай
Хэтэрхий эмзэг сэтгэлийг
Хийсгэж одох шинжтэй

Хошуун цугласан газар
Хятад төмөр данхийж
Хоршин хэлдэг үгэнд нь
Харь аялга хавчуулагджээ

Өргөө гэрийнхээ үүдэнд
Саравчилж угтдаг түмэн минь
Үүд хойморын зайд
Шагайж булталздаг болжээ

Үдэж гаргахдаа
Сүү өргөдөг нөхөд
Үхлийн хортой хорзоор
Өмөртөл шахаж даажигнан

Эл хульхан байдаг гудамжинд
Элээ мэт “сикл” сүлжилдэж
Эрин цагийн гэрлээс
Элгэн түмнийг минь далдалжээ

Гарал түүхээрээ гайхуулдаг
Гал зүрх нь нурамшиж
Ганцхан өдрийн жаргалаар
Гэрээ хүртэл заржээ

Сэтгэлээ дэлгэсэн түмний минь
Зүрхний дууллыг хулгайлж
Сэлгэн ирэх цагийн үүдэнд
Сэвтэй хаяахаар улайрчээ

Сонгуулийн хөл татарч
Соотон ноходын хуцалт холдож
Солонгот нутагт минь бороо шивэрч
Солигдмол цагийн эргэлтээр нар мандаж байгаа даа

Сонгуульгүй цагаар нэг буухсан
Сураг сонсож хууч хөөрөхсөн
Намгүй сайхан амьдрахсан
Наам нэг уулзахсан

Эрлийн хүнтэй тааралдахсан
Энд байж магадгүй гэж санаа хэлэхсэн
Хол газрын огт танихгүй аянчинтай
Хоноод яваа ч гэж дөжгөлдөхсөн

Нохой шувуу, чоно туулайны тухай
Номтой өвгөдөөс үлгэр сонсож
Ногт чөдөр зангидан хуучлахсан
Нойроо сэргээн чагнахсан

Уулын орой дээрээс холыг харуулдаж
Усанд цувах адууг зүслэхсэн
Улаанбаатарт биш нутагтаа байгаа мэдэрч
Уртын дуу уянгалуулж, уруу өөдөө давхихсан

Түүдгийн галын дэргэд, үдшийн гялаан дор
Түүх хөөрөлдөж, ирээдүйгээ зөгнөхсөн
Хотол олноороо цуглан нэрмэл шимэж
Хоргүй агсам тавьж, хошин шог болгож маргааш нь ярихсан

Архлаагаа таслаж одсон морио
Ангаж унатлаа явган хайж
Холгуулсан хөлөө амрааж
Хийтэн уснаас дүнгэлэхсэн

Бороотой өдөр хойнд явахсан
Борцтой хариулсан цай уухсан
Ивээл жилтэй охинд хайрын захиа өгөхсөн
Ичсэндээ болоод буруу хараад өнгөрөхсөн

Саргүй шөнө төөрч нохойн дуугаар айл олохсон
Сайхан сэтгэлт эгчийг дуг нойрноосноос нь сэрээж буухсан
Саваагүй зан гаргаж хөнжлийн сэжүүрээс нь татахсан
Сайхан мэдээрэй гэсэн жоготой үгийг нь сонсохсон

Гэгээ орохоос өмнө мордож
Гэрийн зүг исгэрэнхэн хатируулахсан
Гэм хийгээгүй хүн шиг эс мэдсэн царайлж
Гэзэгний ширхэг наалдсан дээлээ
Гэргийнхээ гар дээр тавихсан

Харанхуйд төөрч хадны нөмөрт хонолоо гэж
Хачин үнэмшилтэй худал хэлэхсэн
Хажуугаар чоно явахад хашгирч үргээлээ гэж
Хачирлан хөглөж ханиа инээлгэхсэн

Нуурын шувуудаар хань хийж нутагтаа нэг зусахсан
Нулимстай инээх халтар хөвүүнийг өхөөрдөж мориндоо сундлахсан
Намын үнэн сониноор тамхи ороож, намаржаа руу нүүх хүртэл
Насны ганц нутагтаа наадан дуулж амьдрахсан

Тал бичээч: Да.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих