МЧБХ 32 настай Б.Наранбаатарт итгэл хүлээлэглээ

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар “Лондон-2012” Зуны Олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцох бүрэлдэхүүн, тамирчдын нэрсийг эцэслэн гаргалаа. ДАШТ болон сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан 8 бөхөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өөрчлөлт оруулж Гавьяат тамирчин О.Насанбурмаагийн оронд дэлхийн аварга Гавьяат тамирчин С.Батцэцэгийг олимпийн наадамд барилдуулах шийдвэр гаргажээ.

Монголын чөлөөт бөхийн багийн дарга

Лхагвагийн Чинбат-МЧБХ-ны ерөнхийлөгч

Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч

Ганхуягийн Бат-Эрдэнэ-МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга

Монголын чөлөөт бөхийн багийн гишүүд

Долгорсүрэнгийн Дагвадорж-МЧБХ-ны Хүндэт ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин

Хадбаасангийн Бат-Эрдэнэ-МЧБХ-ны дэд ерөнхийлөгч

Олимпийн наадамд оролцох дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном-Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, олимпийн наадамд 3 дахь удаагаа дасгалжуулагчаар оролцож байна.

Бямбаринчингийн Баяраа-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Зэвэгийн Дүвчин-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, Олимпийн наадамд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна, өмнө нь 1980, 1988 онуудад олимпийн наадамд тамирчнаар 2 удаа, “Найрамдал-84” тэмцээнд оролцсон.

Түмэндэмбэрэлийн Сүхбаатар-Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Олимпийн наадамд 2 дахь удаагаа дасгалжуулагчаар оролцож байна, өмнө нь 1988 оны олимпийн наадамд тамирчнаар оролцож байсан.

Олимпийн наадамд оролцох шүүгч

Цэрэндагвын Сэрээтэр-МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч, өмнө нь 2008 онд олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцож байсан.

Багийн эмч

Чулууны Насанбат-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга, олимпийн наадамд 5 дахь удаагаа эмчээр оролцож байна.

Мягмарсүрэнгийн Саранцацрал-БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны эмч-илээч олимпийн наадамд анх удаагаа оролцож байна

Олимпийн наадамд барилдах бөхчүүд

Эрэгтэй

Баяраагийн Наранбаатар

1980 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин. Бүх ард түмний спортын наадмын 3 хүрэл медальтай, улсын хошой аварга. ДАШТ-ний мөнгө, хүрэл медальтай, оюутны дэлхийн аварга, Оюутны универсиад наадмын аварга, Дэлхийн цомын төлөө тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. “Монгол говь” тэмцээний хошой аварга, Болгар улсад болдог Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Иран улсад болдог Тахтийн цомын төлөө тэмцээн, ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн, ХБНГУ-д болдог олон улсын тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд 7 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон. Зуны олимпийн наадамд 3 дахь удаагаа оролцож байна. 55 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном.

Пүрэвжавын Өнөрбат

1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, “Хасу-Мегаватт” клуб болон  үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Бүх ард түмний спортын наадмын аварга, улсын хошой аварга, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний алт, залуучуудын тэмцээний мөнгө, хошой хүрэл, насанд хүрэгчдийн тэмцээний мөнгө, хошой хүрэл медаль, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд хоёр удаа, Азийн наадамд оролцсон. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 74 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Оргодолын Үйтүмэн

1989 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер цол. Бүх ард түмний спортын наадмын болон залуучуудын улсын аварга. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном.

Жаргалсайханы Чулуунбат

1984 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, “Сүлд” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер, Улсын начин. Өсвөр үеийн УАШТ-нд алтан медаль, залуучуудын УАШТ-нд мөнгө, хүрэл медаль, Бүх ард түмний спортын наадамд алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд мөнгө, 3 алтан медаль авсан. Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл, Ази тивийн элсний аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээн, “Mongolia Open 2012” тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд 3 удаа, Азийн наадамд оролцсон. Олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 120 кзг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Бямбаринчингийн Баяраа, Арслангийн Цэдэнсодном

Эмэгтэй

Даваасүхийн Отгонцэцэг

1990 онд Дархан-Уул аймагт төрсөн, “Мегастарс” клуб болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. Бүх ард түмний спортын наадмын хошой аварга, насанд хүрэгчдийн болон залуучуудын УАШТ-нд тус бүр 4 удаа, өсвөр үеийн УАШТ-нд 3 удаа түрүүлсэн. ДАШТ-ний мөнгө, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай. И.Ярыгиний нэрэмжит Алтан Гран-При тэмцээн, ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд 4 удаа оролцсон. Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 48 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, Арслангийн Цэдэнсодном

Сүндэвийн Бямбацэрэн

1990 онд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон болон үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер. Бүх ард түмний спартакиадын аварга, УАШТ-ний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, мөнгөн медальтай. Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, АНУ-ын Нью-Йорк хотод болдог “Holiday International Wrestling Open” олон улсын тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд оролцож байсан. Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна, 55 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Юрагийн Гандолгор, Арслангийн Цэдэнсодном

Соронзонболдын Батцэцэг

1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн,  “Хилчин” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин. Бүх ард түмний наадмын алт, хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ний хошой алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, Хүүхдийн спортын наадмын алт, өсвөр үеийн УАШТ-ний мөнгөн медальтай. ДАШТ-ний аварга, Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. “Mongolia Open 2012” тэмцээний аварга, ДАШТ-нд 2 удаа оролцсон. Зуны олимпийн наадамд анх удаагаа оролцож байна. 63 кг-ийн жинд барилдана. Дасгалжуулагч нь Зэвэгийн Дүвчин, Арслангийн Цэдэнсодном

Очирбатын Бурмаа

1982 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин. Гавьяат тамирчин. Бүх ард түмний спортын наадмаас 2 хүрэл, алтан медаль, УАШТ-нээс мөнгө, 6 алтан медаль авсан. ДАШТ-ний мөнгөн медальтай, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 3 мөнгө, хүрэл медальтай. Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн, Румын улсад болдог олон улсын тэмцээн, Ясир Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн, БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээн, Энэтхэг улсад болдог Хари Рамын нэрэмжит “Гранд-При” олон улсын тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд 5 удаа, Азийн наадамд 2 удаа оролцсон. Зуны олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байна, 72 кг-ийн жинд барилдана, дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном

Нөөц тамирчин

Очирбатын Насанбурмаа

1989 онд Улаанбаатар хотод төрсөн, “Хүч” спорт хороо болон үндэсний шигшээ багийн тамирчин, Гавьяат тамирчин. Бүх ард түмний спортын наадмын алт, хошой мөнгөн медальтай, улсын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд 4 удаа, залуучуудын тэмцээнд 3 удаа, насанд хүрэгчдийн тэмцээнд 4 удаа түрүүлсэн. ДАШТ-ний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, Дэлхийн цомын төлөө тэмцээний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хошой хүрэл, ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай. ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, Турк улсад болдог Яшар Догугийн нэрэмжит олон улсын тэмцээний алтан медальтай. ДАШТ-нд 5 удаа оролцжээ. Дасгалжуулагч нь Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, Арслангийн Цэдэнсодном МЧБХ, Д.Өлгийсайхан

М. Золбаатар

URL:

Сэтгэгдэл бичих