Е.САГСАЙ: ТАВАН НЭР ДЭВШИГЧИД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

УИХ, НИТХ-ын гишүүдийг сонгох сонгуулийн дуулиан өнгөрсөн долоо хоногт бараг шувтарсан. Харин өдгөө зарим нэр дэвшигчийн хууль бус үйлдлүүдийг шалгаж эхлээд байгаа. Нэр дэвшиж, ялалт байгуулсан хэд хэдэн хүнийг эрүүгийн хэргийн сэжигтнээр татаад байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсайгаас тодрууллаа.

-УИХ-ын болон Нийслэлийн ИТХын сон гуультай холбоотой хэчнээн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Уг хоёр сонгуультай холбоотой 10 гаруй хэргийг цагдаа, тагнуулын байгууллагад одоогоор шалгаж байна. Эдгээр хэрэгт Нийслэлийн болон аймаг, дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа.

-Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол?

-УИХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн, сонгуулийг зохион байгуулалттай будлиантуулсан, сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдыг эд мөнгөөр татсан, санал хураалтын явцад хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах зорилгоор сонгогчдын нэрсийн жагсаалтыг давхардуулан үйлдсэн зэрэг хэд хэдэн асуудлыг шалгаж байна.

-Хэд хэдэн нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй, шүүхийн шийдвэрээр хойшлуулаад байгаа шүү дээ. Тэднийг хууль хяналтын бай гууллагаас шалгаж байгаа гэсэн үг үү. Гэтэл хууль зөрчсөн гэх үйлдэл нь нийтэд ил болсон гэж үзээд байгаа зарим нэр дэвшигч өнгөрсөн баасан гаригт тангаргаа өргөлөө.

-Нэр дэвшигчдээс Өвөрхангайн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Төмөрхүү, Увсын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Орхон аймгийн 20 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэг, Дархан-Уулын 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Хаянхярваа нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Сангийн сайд Д.Хаянхярвааг ямар асуудлаар шалгаж байгаа юм бэ?

-УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Сангийн сайд Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулсан хэрэгт шалгаж байгаа. Тэрбээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгөөс 670 мянган төгрөгийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Д.Хаянхярвааг хэн “матаж” гомдол гаргасан бэ гэдгийг хэлж болох уу?

-Прокурорын байгууллагад МАХНМ ҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын гаргасан гомдлоор шалгаж байна.

Г.ЦОЛМОН


URL:

Сэтгэгдэл бичих