Ерөнхий сайдад нэр дэвшиж чадаагүй Х.Баттулга “М-Си-Эс”-тэй холбоотой нэг ч хүнийг Засгийн Газарт оруулахгүй байх шаардлага тавьжээ

АН-ын УИХ дахь шинээр байгуулагдсан бүлэг өнгөрсөн бямба гарагт хуралдаж,  УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболд,  Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын нэрийг дэвшүүлэхээр шийдэж, АН-ын ҮЗХ-ны хуралд оруулж хэлэлцүүлэхээр болсон билээ.
Мөн өнөөдөр Төрийн ордонд болох ҮЗХ-ы хурлаас МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн Газар байгуулах эсэх асуудлыг албан ёсоор эцэслэн шийдэх юм.

Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-ын удирдлагууд наадмын өдрүүдэд  хоорондоо ярилцаж, “бялуу” хуваах тохироогоо хийсэн байна.
Чингэхдээ Ерөнхий сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний яам тэргүүтнийг “Алтан гадас” фракц, Нийслэл хотын захиргааны удирдлага болон Зам,тээвэр, Барилга Хот байгуулалтын Яам, Хөдөлмөрийн Яамыг Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракци, УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын удирдлагыг З.Энхболд тэргүүтэй “Ардчилсан хүчний Холбоо”,  Хууль зүй, дотоод Хэргийн Яам, Гадаад Харилцааны Яамыг  Х.Тэмүүжин тэргүүтэй “Нэг Ардчилал” клуб тус тус удирдах болсон аж.
Мөн МҮДН, “Кроун” фракц тус тус нэг яамыг толгойлох гэнэ.
Харин МАХН, МҮАН-ын эвсэлд шадар сайд, Батлан Хамгаалах Яам, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам тэргүүтэй 3-5 яам оногдох бололтой.
АН-ын удирдлагууд Засгийн Газрыг “хуваах” үеэр нэгэн сонирхолтой шахалтыг МоАХ-ы дарга Х.Баттулга хийжээ.
Тэрээр “М-Си-Эс-ээс илт хамааралтай нөхдүүдийг Засгийн Газарт оруулахгүй байх хэрэгтэй. Энэ болзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэний үндсэн дээр л би  Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болохыг дэмжинэ” хэмээн өгүүлсэн байна.
“М-Си-Эс”-ээс “хэт хамааралтай” гэгдсэн нөхдүүд нь Ухаа худагийн замын шийдвэртэй холбоотой “Вилла Виста”-д байртай болсон гэгдэх Лүй.Гансүх, “Спирт Бал Бурам”-д буудай нийлүүлдэг “Товхон Хан” компаний эзний төрсөн хүү С.Баярцогт нар аж.

Г.Ганзориг


URL:

Сэтгэгдэл бичих