“Дээлтэй Монгол”-д жуулчид идэвхтэй оролцдог болжээ

Монгол түмний төрт ёсны баяр наадмын үеэр уламжлал ёсоор үндэсний хувцсаараа гангарсан монголчууд нийслэлийн төв талбайг чимлээ.

“Дээлтэй Монгол” наад­мыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн салбар хороо хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулсан юм.

Анх энэхүү арга хэмжээг зохион байгуулах үеэр 100 гаруй хүн оролцож байсан бол энэ жил 10 мянган “Дээлтэй Монгол” цугларсан байна. Нийслэлийн есөн дүүргээс тус бүр 2600 хүн оролцсон бөгөөд тэд халх, торгууд, буриад, казах зэрэг хориод ястны хувцсаар гоёсон нь Сүхбаатарын талбайг цэцэг адил чимэглэж байв.

“Дээлтэй Монгол” наадамд Улаанбаатар хотын иргэд дүүрэг, байгууллага, хамт олноороо оролцдог. Улсын цирк, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг урлаг соёлынхон энэхүү наадмын нэгэн чамин шигтгээ болдог билээ.

Өдөрлөгийн үеэр дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүсээрээ гангарсан монгол түмнээ хэд хэдэн номинациар уралдуулж, шагнаж урамшуулсан юм.

“Хамгийн сайхан үн­дэс­ний хувцастай хүүхэд” хэмээх анхны номинацид халх, казах, буриад, торгууд зэрэг олон ястны хувцастай 100 гаруй хүүхэд өрсөлдсөн. Хамгийн бяцхан оролцогч нь дөрвөн сар 20 хоногтой бяцхан хүү байв.

Арван хүүхэд дурсгалын зүйл гардан авсны дотор халх эхнэрийн өмсгөлтэй Б.Мишээл, халх ноёны дээлээр гоёсон Сүхбат нар “Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд”-ээр шалгарлаа. Тэдний дээлийг эмээ нь оёж, үндэсний хэв шинжийг агуулсан хээ угалз, хатгамлаар чимэглэжээ.

“Гадаадын зочдын хам­гийн сайхан дээлтэй хүн” тэмцээнд Америк, Герман, Англи, Япон зэрэг 15 орны жуулчид оролцсоноос Швей­царь улсын иргэн Тэрри шалгарсан юм.

Тэрбээр Чингис хааны өмсгөлийг дуурайлган орчин үеийн загварт оруулж хийсэн шар дээлээр гоёсон байв. Эхнэр, охин хоёр нь ч мөн адил өнгийн ижил загвартай дээлээр гангарсан нь содон харагдаж байлаа.

“Дээлтэй Монгол-2012” наадмын шүүгчид энэ үеэр нэгэн зүйлд нэлээд шүүмж­лэлтэй хандаж байгаа­гаа нуусангүй. Тэд “Монгол үндэсний хувцасны дэвсгэр байгаа боловч хэтэрхий загваршуулсан байдал ажиг­лагдаж байна.

Ихэнх хүний өмссөн дээлийг харахад хэт босоо, европ маягийн сонгомол захтай байна. Энэ бол монгол дээл биш. Монгол дээлийг шинэ загвараар баяжуулсан хэлбэр гэж ойлгож болох юм. Монгол дээлийн ханцуй, зах, товч, бүч гээд бүгд учир утгатай. Тиймээс бид Монголын унаган хийцийг харж шүүнэ” хэмээж байв.

Шүүгчид энэхүү үзэл баримтлалдаа баттай зогсож байгаа нь “Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хос” тэмцээний үеэр илэрхий байлаа. Тэмцээнд 38 хос оролцсоноос алтан шаргал өнгийн даавууг ногоон торгоор эмжиж хийсэн жирийн монгол дээлээр гоёсон Ариунболд, Золзаяа нарыг шилдгийн шилдгээр тодруулсан юм.

Налайх дүүргийнхэн “Дээл­тэй Монгол” наадамд Монго­лын үндэсний хамгийн том хувцсыг урлан оролцсон. Казах ястны энэхүү үндэсний хувцасны хормой нь таван метр өргөн, есөн метр урт. Мөнх хөх тэнгэрийн өнгөтэй уг хувцасны хормойг дөрвөн бүсгүй барьж явлаа.

Наадмыг 2000 гаруй жуулчин үзэж сонирхсон. Энэ үеэр монгол түмэн төдийгүй манай оронд удаан хугацаагаар ажиллаж, амь­дарч буй гадаадын иргэд монгол дээлээр гангарч, үндэсний их баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэв.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих