Авлигач засгуудын халааг Дундговийн Д.Чандмань үргэлжлүүлэх нь

Лиценз ашиглах эрхгүй компанид төрийн тамгыг дарж өгсөн Д.Чандманийг АТГ шалгавал зохилтой
Сонгуулийн өмнөхөн аймгийн Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газраас ээлж дараатай шалгаж, хэд хэдэн хүнийг улсын хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн «аав»-ынд морилуулсан. Энэ нь ч эндүү дүгнэлт биш.

Төрийн ажлыг авч, бүхэл бүтэн аймаг толгойлохдоо хувийн компаниа удирдаж буй мэт аашилж авирладгийг олон түмэн мэдэх болжээ. Төрөөс төрсөн тэрбумтнуудын дунд аймгийн Засаг ноён цөөнгүй бий. Тэдний хэрээс хэтэрсэн хууль бус үйлдлийн энгийн жишээ захаасаа авахуулаад маш олон.

Аймгуудын засаг ноёдын дуулианы гарааг эхлүүлсэн хүн нь Орхон аймгийн Д.Оюунбат. Орхоны Засаг дарга асан улсын хөрөнгийг хувьдаа ашиглаж, их хэмжээний авлига авсан хэмээн буруутгаж, ял сонсгосон. Гэтэл мань хүн тун удалгүй хэргээ задалж, давж заалдсанаар Улсын Дээд шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Түүний араас Увс аймгийн Засаг дарга асан Т.Цасчихэр, ИТХ-ын дарга асан Г.Батсайхан нар шүү­хээс ял сонсоод байгаа.

Тэгвэл одоо Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань тэдний халааг авч, АТГ-т дуудагдлаа. Өнгөр- сөн намраас Д.Чандмань АТГ-т шалгагдаж эхэлсэн. Түүний дуудагдах болсон шалтгаан нь аймгийнхаа 70 жилийн ойгоор цугларсан ихээхэн хэмжээний хандивыг хувьдаа завшсан гэх үндэслэл. Тэрбээр хоёр дахь удаагаа Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд дуудагдаж, өдгөө Нийслэлд шалгагдах болсон байна.

Тодруулбал, 2008 онд Цагаандэлгэр сумын ундны усны нөөц газарт Хараат уулын Цайр, Төмрийн орд руу татах усны хайгуулын зөвшөөрлийг тухайн үеийн аймгийн Засаг дарга Ш.Төрбат БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай «Шанжин орд» ХХК-д олгожээ. Үүнийг нутгийн иргэд нь эсэргүүцэж, зогсоохыг шаардсан ч хүчрээгүй аж. Цагаандэлгэр сумын ундны усны нөөц дээр Хятадын компани арван цооног ухаж, хэзээ мөдгүй усыг нь соруулахад бэлэн болоод байгаа гэнэ.

Говь-Угтаал сумын Хараат уулын Цайр, Төмрийн ордын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хууль бусаар хийж өгсөн эрхэм нь тус аймгийн Засаг ноёнтон Д.Чандмань, Говь- Угтаал сумын Засаг дарга В.Нямсүрэн. Тэд Дундговь аймагт амьдардаггүй хүмүүсийн нэрээр хуурамч материал бүрдүүлж, ашиглалтын лиценз олгосон байна. Энэхүү хууль бус үйлдлүүдийг таслан зогсоохын тулд нутгийн иргэд хөдөлгөөн байгуулж, аймгийн удирдлагуудад шаардах хуудас удаа дараа хүргүүлсэн ч тэдний үгийг тоох нь бүү хэл, буцаагаад өөрсдийг нь цагдаад хэлж, дарамтлуулдаг байжээ.

Мөн Дундговь аймгийн Орон нутаг хөгжүүлэх санд уул уурхай, ашигт малтмалаас орсон орлого, улсын төвлөрсөн арга хэмжээнд зориулсан хандив тусламжийг юунд зарцуулж байгааг удирдлагын хурлаараа тайлагнадаггүй, энэ тухай асуусан хүний өөдөөс «Чиний мэдэх хэрэг биш» гэж амыг нь тагладаг аж.

Хамгийн гол нь тус аймагт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын болон хайгуулын лиценз эзэмшдэг компаниудтай, хувийн ганцаарчилсан тоглолт хийдэг нь түүнийг шалгах болсон шалтгаануудын нэг. Аймгийн малын бэлчээр, ундны усыг сүйтгэх гол ажлыг хийж байгаа хүн нь Д.Чандмань дарга гэдгийг нутгийн иргэд нотолж, хуулийн шат шатны байгууллагад ханддаг ч тэдний үгийг тухайн үед тоох хүн байгаагүй гэнэ. Харин засаг төр өөрчлөгдөж байгаа энэ үед дэндүү эрх мэдэлтэй Засаг даргыг АТГ-т шалгуулах болсноор хууль бус үйлдлүүд нь ээлж дараалан илрэх болсон байна.

Уг нь Д.Чандмань даргыг Засгийн газраас томилохдоо нутаг орныхоо ард иргэдийн амьдралд өгөөжтэй зүйл хийхийг л хүссэн байж таарна. Гэтэл эрх мэдлээ хэтрүүлж, зөвхөн өөрт ашиг унах толгой эргэм их мөнгөний тоог харж, нутгийн иргэдийн ус уух эрхийг хааж байгаа түүнийг төрийн албанд тохирохгүй хүн гэхээс өөр яах билээ.
Ашигт малтмалын газраас энэ жил уул уурхайн олон компанийн лиценз ашиглах эрхийг цуцалсан байдаг.
Гэтэл лиценз ашиглах эрхгүй компанид төрийн тамга дарж өгсөн Д.Чандманийг энэ удаа АТГ бүрэн утгаар нь шалгаж, нутаг оронд гарсан хохирлыг төлүүлэх нь зөв хэмээн нутгийн иргэд уламжилж байсан юм.

Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Гэтэл мань хүн нутаг орондоо жигтэйхэн хайртай хүний дүр эсгэж явна гэж ярьцгаах юм билээ. Д.Чандмань даргын хувьд чадварлаг боловсон хүчнээ үндэслэлгүйгээр ажлаас халж, танил тал, хамаатан саднаа төрийн албанд «шингээх» мэтээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үндсэндээ хариуцлагын тогтолцоо гээчийг бүрэн бэлчээр томтой Д.Чандманийг энэ удаа АТГ нэлээд сайн шалгавал Засаг дарга хийх хугацаандаа ямар аргаар мөнгө олж байсан нь илрэх бололтой.

Р.Саруул

Эх сурвалж: “Өглөөний сонин “


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.