Хулгайч телевиз, хуурамч телевиз

Монголд телевиз үзэх, хятад бараа авах хоёр бараг л адилхан болжээ. Аль аль нь хулхи болохоор авсан хүн л хохироод үлдэнэ. Гэхдээ хуурамч хятад пүүз өмсөөд сарын дараа ханзраад урагдахаас илүү хууль бусаар нэвтрүүлж буй хятад, солонгос телевизийн нэвтрүүлэг илүү хор хөнөөлтэй. Сүүлийн үед телевиз үзэхээс айдаг боллоо. Бодит эсэх нь мэдэгдэхгүй солонгос драмын үйл явдалд орж, дараагийн ангийг нь хүлээхээс залхдаг боллоо.

Телевиз гээч нь улсынх бай, хувийнх бай ард түмэндээ мэдээлэл хүргэж байгаагийн хувьд  хийж буй нэвтрүүлгийнхээ хариуцлагыг хүлээдэг байх ёстой. Талх хийж байгаа компани бүтээгдэхүүнд нь ямарваа нэг согог гарваас үйлдвэрээ хаалгах хүртэл арга хэмжээ авахуулдагтай адил телевиз хэмээгч тархи угаагч машиныг дарж зогсоох хүн гэж Монголд байна уу, үгүй юү? Эс бөгөөс энэ телевизүүд бүгд аль нэг эрхтэн дархтаны “нууц хүү” юу? Реклам сурталчилгаанаас мөнгө олоод л явж байдаг “дархан цаазтай” газар уу?

Солонгос кино
Манай бараг бүх телевизийн сувгаар солонгос кино гардаг. Дагаад баясах нь ч хаашаа юм, зүгээр орхих нь ч хаашаа юм. Айлын завтай авгай нарт зориулсан энэ кинонуудыг Солонгост нь ч хүн үздэггүй гэвэл та итгэхгүй байх. Солонгосчууд киногоо Вьетнам, Монгол мэтийн хөгжил буурай оронд зориулж үйлдвэрлэдэг. Өөрсдөө Америк, Япон кино үздэг юм. Хөөрхий амьтад түүхэндээ улс орон эзэлж яваагүй юм болохоор “Их гүрэн” болох гэсэн мөрөөдлөө кинондоо л гаргах юм. Яагаад тэд манай телевизүүдийг солонгос кино хулгайгаар гаргахыг хараагүй юм шиг өнгөрдөг вэ гэхээр парламент нь зөвшөөрдөг болохоор тэр. Жишээ нь Японд Солонгос савангийн дуурь гаргах гэвэл төлбөр тооцоогоо хийсэн хойно л авна. Тэгвэл Өмнөд Солонгосын Засгийн газар нь Монгол хэмээгч энэ орныг зэвсгийн хүчээр биш киноны урлагаар эзэлнэ гээд итгэчихсэн хүлээж суугаа гэнэм. Солонгос кино үзсэн хүн Сөүл орохыг мөрөөднө, солонгос шампуниар нэг удаа ч болсон толгойгоо угаасан хүн дахиад угаана гэж бодож баярлаж яваа улс бол БНСУ билээ. Наяад онд Азийн луу хэмээн нэрлүүлж явсан БНСУ бол дэлхийд хулгай хийдгээрээ ч тэргүүлдэг орон юм. Солонгос кино үзээд эрдэм мэдлэгтэй болсон хүн би мэдэхгүй ч эргүү тэнэг болсон хүн бол хамаатнууд дунд маань ч бий билээ.

Монголын нэр хүнд
Улс хөгжөөд сайхан болж. Олимп дэлхийн аваргын тоглолтыг орондоо хэвтэж байгаад үздэг болж. Харамсалтай нь олон улсын спортын олон холбоод Монголын телевизэд тэмцээнээ нэвтрүүлэх эрх өгөхөөсөө жийрхдэг болсон гэнэ. Спортын фэн бид шуурхай түргэн дамжуулж байгаад нь баярлаад л өнгөрдөг болохоос цаанаа олон асуудал байдаг юм байна. Юуны түрүүн нэвтрүүлэх эрх. Мэдээж тус тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүсийн хувьд аль болох олон оронд гаргаж, төлбөр мөнгөө авах нь ашигтай. Харин энэ тал дээр манай телевизүүд захын “Ганзагын наймаачин шиг” аашилдгаараа алдартай аж. Манай ТВ-үүд эхлээд тэдний саналыг хүлээн зөвшөөрнө. 100.000 доллар төлнө гээд гэрээ байгуулна. Тэгээд л “новшроод” эхэлдэг хэмээн гаднынхан ярьж байна. Монгол ядуу жижигхэн орон тул төлбөр хийж чадахгүй байна гэж эхлээд гуйснаа сүүлдээ манай улсын дарга нар дарангуйлагч, бид эрх чөлөөгүй гээд л дуусдаг аж. Үнэхээр мөнгөгүй бол гэрээ байгуулаад яах юм, ард түмэн бид олимп үзсэн, үзээгүй амьдарна гээд бодохоор бас биш аж. Телевизийнхэн Монголын хэдэн компаниас олимпийн тоглолт дамжуулах эрх авахад хэрэгтэй гээд хэдэн төгрөг салгаад авчихсан байгаа юм. Тэгсэн мөртлөө тэр эрхээ бусад телевиздээ дамжуулаад зарчихсан гэж байгаа. Турины олимпийн эрх дээр манай нэг телевиз “ажилласан” явдал энэ бизнесийн том жишээ буюу. Улс эх орныхоо нэрийг бодооч телевизүүд ээ. Та нарын “олимпийн наадмын” бузартаж бохиртсон бичлэг үзсэнээс огт үзээгүй нь монгол хүнд дээр билээ.

Монголд хэдэн ТВ хэрэгтэй вэ?
Одоо Улаанбаатарт 14 жирийн, 9 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулдаг аж. Үйл ажиллагаа гэхээр уншигч та тэднийг ажил хийдэг гэж битгий бодоорой. Тэд зүгээр л хулгайч нар. Монгол телевизэд мэргэжилтэй сайн нэвтрүүлэгчээс илүү орчуулагч хэрэгцээтэй. Учир нь тэд өөрсдөө юм хийхээс илүү гадны реалити шоу,  нэвтрүүлгийг л орчуулаад тавьчихдаг улс. Ардаа бүгд ямар нэг УИХ-ын гишүүн, компанийн ивээн тэтгэгчтэй болохоор чанар тэдэнд тийм ч чухал биш. Сонгууль дөхөхөөр сурталчилгаа хийж өгч байвал л ард түмний тархийг солонгос драмаар угаах уу, америк боевикээр доторлох уу, тэдэнд ер падлий байхгүй. Японд бол улсын хэмжээний зургаахан телевиз байдаг юм. Бусад нь зах зээлийн хуулиар устаад алга болдог. Тэгэхээр манайд байгаа “Зах зээлийн хууль үйлчилдэггүй” зохиомол телевизүүдийг улсаас зохицуулахгүй бол ард түмнийхээ тархийг хэдий болтол угаалгах вэ. Өнөөгийн монголчуудын оюуны шаардлагыг манай телевизүүд хангахгүй байна.

Оюуны өмч телевизэд хамаагүй юу?
Оюуны өмчийн хулгай Монголд газар авсантай холбогдуулан манай улс нэгэн арга хэмжээ авчээ. Овоо доо гэж баярлахаар. Өнгөрсөн жилийн аравдугаар сард “Оюуны хулгайг эсэргүүцэх сарын аян” зарлаж, шадар сайд Н.Алтанхуяг биечлэн оролцоод 50 сая төгрөгийн хуурамч хуурцаг устгасан гэнэ. Баярлахаас өөр яах вэ. Хэдэн дуучдын маань хөлс хүчээ зарцуулж бүтээсэн дууг хуулбарлаад зараад байхаар тэгэхээс ч өөр яахав. Даанч тэр сарын аян нь хэдэн кино хуулбарлаж зардаг жижиг гаруудыг хашраасан болохоос телевиз гэсэн “Том хулгайчдыг” айлгаа ч үгүй нь харамсалтай. Уг нь бол их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий. Хулгайч бол хулгайч. Монгол дуучдын бүтээлийг хулгайлбал хэрэгтэн, гадаадынхыг луйвардвал ОК гэсэн заалт хууль дүрмэнд баймааргүй. Өдөр нь Оросын зурагтаар гарсан нэвтрүүлгийг орой нь орчуулаад гаргачихдаг манай телевизийг шүтмээр. Өөрсдөө юм хийж чадахгүй юм уу гэхээр, арай үгүй. Цалин хөлс нь бага болохоор хийх хүсэл ч байдаггүй бололтой. “Одод” хэмээх архивын телевизээс шинэ мэдээлэл хэзээ ч олж чадахгүйгээ саяхнаас ойлгож эхлэв.

Сүмо
Японы NHK аргаа барсан гэнэ. Аргагүй шүү дээ. Монголын бүх телевиз сүмо “шууд” дамжуулж байхаар. Дэлхийд “эрхэлдэг” Монголын ард түмэнд сүмо мэтийн зүйл хулгайлах юу ч биш гэдгийг ойлгож. Тэгээд ядаж ганцад нь эрхийг нь өгье гээд МҮОНТ-д нь өгсөн юм байх. Тэглээ гээд бусад нь болихгүй тул сүүлдээ зохиогчийн эрх энэ тэр гэж ярихаа ч болиод, найрамдалт монгол ард түмэн юм даа гээд үг хэлэхээ ч больсон юм байх. Японд сүмо бөхийг NHK л  дамжуулдаг. Улсаас татаас авдаг болохоороо үндэсний спортоо дэмжиж байгаа нь тэр. Тэгээд “Евро спорт” мэтийн гадаад телевизүүд худалдаж авдаг. Харин манайх хулгайлаад гаргаж байгаа мөртлөө сумогийн тэмцээнийг шууд дамжуулж байна гэх мэтээр ярьдаг нь санаа зовмоор. 1970-аад оны үед Японы бүх телевиз сүмо гаргадаг байж. Суваг солих арга алга байж. Тэгээд л сүмогоос өөр зүйл гаргаваас илүү ашигтай гээд л эхнээсээ больж эхэлсэн гэдэг.

Тархи угаах
Ард түмэн хоосон цаас, түүн дээр юу ч бичиж болно гэдэг үг байдаг. Ард түмэн түүхийг хөдөлгөгч гэдэг марксизмтай эсрэг юм. Үнэндээ бол ард түмэн хэмээгч масс нь хоосон цаас бөгөөд тэнд юу бичихийг хэвлэл мэдээлэл шийддэг. Шударга хэвлэлтэй газрын ард түмэн үнэн мэдээлэл авах бол дарангуйлагч дэглэмтэй нь орчлон дэлхийд юу болж байгааг ч мэдэхгүй өнгөрөх нь олонтаа. Аливаа улс орноос зурагт телевизээр юу гарч, нэвтрүүлж байгааг хянах системтэй. Болохгүй бол арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэдэг журамтай. Манайх бол ард түмнийхээ тархийг гадаад телевизийн шоу, драмаар угаалгаад хараад л сууж байдаг сайхан засгийн газартай.

М.Сугар-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.