Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон ч Алтангадас фракц яамгүй хоцрох нь ээ

АН-ынхан яамдаа хувааж, бялуугаа хүртээж эхэллээ
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-тай хийх хэлэлцээг АН-ын бүлгээс томилогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтнүүд өчигдөр, өнөөдрийн турш үргэлжлүүлэн хэлэлцэж, тохиролцож байгаа билээ.
Тэгвэл бялуу хуваах үйл ажиллагааг анхааралтай хянаж буй АН-ынхан өчигдөр орой дотооддоо ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар фракцууддаа хуваасан тухай баттай эх сурвалжаас сонстов.
Бидний олж авсан мэдээлэл худлаа биш л бол АН-ынхан энэ удаа намын дарга Н.Алтанхуягийнхаа фракц буюу Алтангадаст Ерөнхий сайдын суудал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөр бялуу өгөхгүй байхаар ярилцаж, шийдсэн гэнэ. Энэ ч утгаараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр нь албан тушаалтай үлдэж, үүнээс өөрөөр илүү харж, билүү долоох боломж Алтангадасынхны хувьд хаагдаж буй бололтой юм.
Бүрэн эрхт хугацаа нь дуусгавар болж буй С.Батболдын Засгийн газар 11 яамтай. Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатайгаа нийлээд 14 сайдтай байлаа.
Харин энэ удаа Н.Алтанхуягийн Засгийн газар 14 яам, 17 сайдтай болж байгаа сурагтай.
14 яамныхаа дөрвийг нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд бэлэглэж буй бол нэг яамаа ИЗНН-д өгөхөөр болжээ. Ингэхээр ард нь есөн яам үлдэж байгаа биз. Үүнийхээ дөрвийг нь Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-д, хоёрыг нь Л.Гантөмөрийн даргалдаг Нэг ардчилал фракцид, гурвыг нь МҮДН-д өгөхөөр өчигдөр орой яригдсан байна.
Нэг ёсондоо АН-ын фракцууд эхний байдлаар яамдаа хуваан авч, бялуугаа хүртээх алхамаа хийсэн байна. Энэхүү бялуу хуваалт ихэнхид нь таалагдвал нэр нь яригдаж буй сайд нарыг удахгүй баталгаажуулах биз ээ.
14 яамыг 14 сайд толгойлно. Эдэн дээр Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга буюу Монгол Улсын сайд нэмэгдвэл 17 сайдтай болох тооцоо гарч байгаа юм. Ийм байдлаар Н.Алтанхуягийн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах нь ээ.
Нөгөөтэйгүүр Н.Алтанхуягийн Алтангадас фракцид яагаад яам өгөхгүй хэмээн АН-ынхан ярилцаж, тохиролцоход хүрнэ вэ гэдэг асуудал урган гарч байна. Үүнийг намаа ялалтад хүргэж чадаагүй гэх шалтгаанаар Н.Алтанхуягт хариуцлага тооцъё гэдэг асуудлыг Х.Баттулга гишүүн хөндөж тавьсантай холбон ойлгож болох аж. Тодруулбал уржигдар буюу энэ сарын 16-ны өдөр АН-ын ҮЗХ-ны хуралдааны үеэр Х.Баттулга гишүүн мөн л энэхүү яриаг сөхөж, дэлгэсэн байна.
Тэрбээр “Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод гэсэн аймгуудад АН-аас нэр дэвшсэн хүмүүсийг бид анхнаасаа эсэргүүцэж байсан. Ялангуяа Говь-Алтай аймагт нэр дэвшсэн Б.Ариунсан гурвын гурван удаа нэр дэвшээд уначихсан байхад дахиад нэр дэвшүүлж, бүхэл бүтэн тойрог алдаад байхдаа яадаг юм. Хөвсгөл, Дорнодын тухайд Л.Гүндалай, П.Алтангэрэл нарыг битгий нэр дэвшүүл, бид дэмжихгүй шүү гэж орон нутгийн АН-ын хорооныхон хэлсээр байтал дэвшүүлээд бас хоёр тойрог алдчихлаа” гэж ихээхэн бухимдалтай нь аргагүй орилж, хашгирч байсан гэнэ. Энэ үгээ Х.Баттулга гишүүн өчигдөр болсон АН-ын дотоод хуралдаанаараа ч давтаж байсан аж.
Тэгэхээр АН-ын даргын суудлаас унагах нь битгий хэл харин ч Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын суудлыг өглөө, үүнээс өөрөөр сайхан загнаж чадахгүй,  битгий давар гэсэн байдлаар Х.Баттулга тэргүүтнүүд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт шахалт үзүүлсэн бололтой.
Харин Н.Алтанхуягийн хувьд “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, мөн Нийслэлийг АН удирдах боломж анх удаа ирлээ. Ард түмэн ийм их итгэл үзүүлснийг бид чамлаж болохгүй. Улсыг удирдах дөрвөн том эрх мэдэл бидний гарт байна. Үүнийг ашиглаж, зөв менежментээр явах хэрэгтэй” гэсэн утгатай зүйлийг ҮЗХ-ны хуралдааны үеэр хэлж байжээ.
Ямартай ч өчигдөр АН-ынхан дотооддоо нэлээн ширүүхэн хуралдаж, яамдаа эхний байдлаар хувааж авлаа. Энэ хуваарилалтыг хэрэв шог байна гэж үзвэл Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадасынхан өөрчлөлт хийх хэрэг гарах биз ээ.

Монголкомментс


URL:

Сэтгэгдэл бичих