Дундговь хамгийн ”хөгжилгүй” аймаг болсон нь Д.Чандманьтай холбоотой

Манай сонин өмнөх дугаартаа Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманийг АТГ-т дуудагдан шалгагдах болсон талаар дурдаж байсан. Тэгвэл энэ удаад Орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгө чухам хаана, юунд зарцуулагддаг болох талаар Засаг дарга Д.Чандмань асуулга тавьж байна.

Өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань өөрийн эрх мэдлийг ашиглан хууль бусаар танил талынхаа компаниудад зөвшөөрөл олгох болсон гэнэ. Хамгийн ойрын жишээ дурдахад Дундговь аймгийн удирд- лага уул, уурхайгаас орж буй хөрөнгө мөнгийг хувьдаа ашиглаж, усны хагалбар бүсэд уул, уурхайн зөвшөөрөл олгосноор бүтээн байгуулалт өрнөх нь бүү хэл ундны усгүй болох аюул нүүрлээд байна.

Энэ бүхэнд дургүйцсэн нутгийн иргэд нь тэмцэл хөдөлгөөн хүртэл зохион байгуулж, орон нутгийн удирдлагынхаа хэрээс хэтэрсэн эрх мэдэлд цэг тавихаар эвлэлдэн нэгдсэн гэнэ. Тухайлбал, «Дундговь газар шороо» хөдөлгөөнийг байгуулан нутаг орноо хамгаалахаар тэмцэж байгаа тухай бидэнд ярьж байсан юм. Иргэдийн хэлж буйгаар Дундговь аймгийн газар нутгийн 16 хувьд нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтын лиценз олгосон гэх албан тоо байдаг ч үнэн хэрэгтээ 70 орчим хувьд лиценз олгосон ажээ.
Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсад уул, уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас олон аймаг гамшгийн хэмжээнд хүрч байгаагийн жишээг Баянжаргалан сумаас харж болно. Тус сумын газар нутгийн 85 орчим хувийг ухаж сэндийчсэнээр малын бэлчээр, ундны ус гээд олон хүчин зүйлд нөлөөлж амьд амьтан бүү хэл хүн явах ч газаргүй болох дээрээ тулсан. Засаг ноёнтноосоо болоод аймгийн сумдад хүн амьдрах нөхцөлгүй болоод байгаа юм.

Түүнчлэн Д.Чандманийн гарын хүн гэгдэх Баян- жаргалан сумын Засаг дарга Г.Цэцгээ гэгч уул, уурхайгаас орон нутгийн «Байгаль хамгаалах сан»-д Орж ирэх их хэмжээний мөнгийг хувьдаа ашигласан тухай «Дундговь газар шороо» хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор ярьж байсан юм.

Өөрөөр хэлбэл, дээрх санд орж ирсэн мөнгийг бусдад хүүтэй зээлүүлж, ломбард ажиллуулж байсан нь илэрсэн аж. Гэтэл уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхлэхээр нь Д.Чандмань дарга «Тийм юм байхгүй» гээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан ч удаа бий.

Гэтэл өнгөрсөн гурав- дугаар сард 23 настай залуу жоншны ил уурхайд ажиллаж байгаад Шороонд даруулж нас барсныг нь аймгийн удирдлагууд нуун дарагдуулж, талийгаачийн ар гэрийнхэнд мөнгө өгч, амыг нь хаасан талаар өдгөө нутгийн иргэд нь халаглан ярьдаг юм билээ.

Үүнээс гадна Дундговь аймгийн Говь-Угтаал
суман дахь төмрийн ордыг ашиглахын тулд Цагаан дэлгэр сумаас хоолой татан, ус татаж авч байна. Ингэснээр Цагаан дэлгэрийн усны нөөц илт багасч, малчид нь аргаа барахдаа аймгийн Засаг даргад хандахад төдийлөн авч хэлэлцээгүй аж.

Ер нь Засаг ноёнтон Д.Чандмань сүүлийн үед жирийн иргэдтэй уулзаж, асуудлыг нь шийдвэрлэж өгөх нь бүү хэл хаалгаараа ч цухуйлгадаггүй болсон тухай их ярьцгаадаг.

Ямар сайндаа энэ сарын 18-нд Д.Чандманьтай холбоотой гэх хэргийг аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Шүүх байсан ч «хэргийн эзэн» ирээгүй учраас шүүх хурлыг хойшлуулсан гээд байгаа. Шүүх хурлын шалтгаан нь иргэн Ц.Энхсайханы гаргасан гомдолтой холбоотой. Учир нь Д.Чандмань уул, уурхайн хувийн компанид хууль бусаар олборлолт явуулах акт гаргасан бөгөөд нутгийн жирийн нэг иргэн үүнийг эсэргүүцэж өргөдөл гаргасан нь энэ.

Ийнхүү Засаг дарга байх дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болох дөхөж байгаа ч Д.Чандманьд хийсэн бүтээсэн минь энэ гээд үзүүлчих ганц ч зүйл байхгүй нь даанч харамсалтай.

Уг нь аймгийн удирдлага юм бол өдийд иргэдийн хэрэгцээ болж буй цэцэрлэг ч болов бариулчих сэтгэл үлдээгүй нь харамсалтай. Ямартай ч Дундговь аймгийн хөгжил Д.Чандмань даргаас хамааралтай гэж хэлэх үү, нутгийн иргэдээс болж хөгжөөгүй гэж ярих уу. Уг нь улс орны хөгжил дэвшил орон нутгийн удирдлагаас хамаардаг. Нэг үгээр хэлэхэд манай улсын хөгжих, эс хөгжихөд аймгийн Засаг дарга нарын удирдахуйн ухаан ихээхэн нөлөөтэй. Монгол Улс 21 аймагтай. Орхон, Дархан- Уулыг эс тооцвол бусад аймагт эн тэнцүү хөгжих нөхцөл, боломж хангалттай бий. Гэтэл аймгуудын хөгжлийг графикаар харуулбал тэнгэр, газар шиг зөрүүтэй байдаг. Ер нь аймгийн хөгжил төв суурин газрынхаа өнгө төрхөөс шууд харагддаг. Шуудхан хэлэхэд Дунд­говь, Булганы төв нь хөгжил сайтай аймгуудын томоохон сумдаас ч дор харагддаг гэхэд хилсдэхгүй. Нутгаа гэх сэтгэлтэй хүмүүс үүнийг уншаад дургүйцэж магадгүй ч бодит байдал дээр яг л ийм дүр зураг угтдаг.

Ялангуяа Дундговийн хувьд Монголын хамгийн хэцүүхэн аймгуудын жагсаалтыг тэргүүлж байгаа нь нууц биш. Хөрш зэргэлдээ Өмнөговь нь Монголын Ду бай болтлоо хөгжиж, дэд бүтэц, бүтээн байгуулалт нь гэрлийн хурдаар өсөж байхад Дундговь 20 жилийн өмнө ямар байсан, яг тэр хэвээрээ, харин ч бүр өнгө уруудан гундсаар. Уг нь Дундговьд Өмнө-говиос дутаад байхаар зүйл нэг их байхгүй. Яах вэ Оюу толгой, Таван толгой шиг том орд байхгүй ч жонш, алт, зэс, нүүрс, ураны нөөцөөрөө бусад аймгийг хол давахаар баян.

Нийслэлээс алслагдсан Ховд, Увс, Баян-Өлгий, Сүхбаатар шиг биш, зургаахан цаг давхиад хүрчихдэг. Гэтэл яагаад хөгждөггүйг нь орон нутгийн удирдлагатай нь холбон тайлбарлахаас өөр арга алга. Дундговьчууд нутаг амьтайдаа л тарж бутарсан, балгас болох дөхсөн сум, багтаа л амьдарч байгаа биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих