Эрүүлжүүлэх байранд эрүүл бодлого үгүйлэгдэж байна

Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хүний эрх, эрх чөлөө гэж тунхагласнаас хойш олон жил өнгөрчээ. Гэхдээ нийгмийн олонхи нь Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн язгуур эрхээ эдэлж чадахгүй байна. Эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа наад захын жишээг эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаагаар харж болно. Энд л хүний эрх зөрчигддөг учраас олон жилийн өмнөөс өнөөдрийг хүртэл шүүмжлэлийн бай болсоор иржээ. Мэдээж эрүүлжүүлэх байранд ажиллах нь хүнд хүчир байдаг. Гэхдээ энэ нь иргэдтэй зүй бусаар харьцах шалтаг огтоос биш. Гэртээ агсам тавьсан согтуу нөхөр, эсвэл олон нийтийн газар бусдын өмч хөрөнгийг эвдэж сүйтгээд байгаа биеэ хянах чадваргүй болсон танхай этгээдийг цагдаагийнхан эрүүлжүүлэхэд хүргэж өгнө. Эндээс л хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж эхэлдэг. Ер нь Монголоос өөр ямар ч оронд цагдаа хүчний байгууллагаараа түрий барьж иргэдээ эрүүлжүүлдэггүй. Дэлхийн бусад улс оронд эрүүл мэндийн байгууллага нь эрүүлжүүлэх ажлаа хариуцдаг байна. Нийслэлийн хэмжээнд 10 эрүүлжүүлэх байр байдаг. Эдгээрт хоногтоо 130-190 хүн ирдэг. Баяр ёслолын үеэр энэ тоо 500 болж өсдөг. Өнөө жилийн наадмаар ч эрүүлжүүлэх байранд “зочлогсод”-ын тоо 450 хол давсан гэсэн. Иргэнийг эрүүлжүүлэх нэг хоногийн ханш нь 4500 төгрөг, Гэхдээ эрүүлжүүлсэн нэрээр иргэдээс авсан мөнгө цагдаагийн байгууллагад бус Төрийн санд орж улсын төсөвт нэгддэг.

Цагдаагийн байгууллагын ажилтны хэлснээр нэг дүүргийн эрүүлжүүлэх байрнаас жилдээ 150 сая орчим төгрөг төвлөрдөг гэх. Ядаж үүнийхээ 10 хувийг нь Эрүүлжүүлэх байранд зарцуулдаг бол хүний эрх зөрчдөг гэх шүүмжлэл багасах магадлалтай. Харин цагдаагийнхан Эрүүлжүүлэх байрнаас салахын мөрөөдөл болж сууна. Тэд хэлэхдээ нэрнээс нь аваад үзсэн ч эрүүлжүүлэх асуудлыг эрүүл мэндийн байгууллага хариуцах ёстой ажээ. Харин эрүүл мэндийн байгууллагынхан ааш авир нь догширч яахаас ч буцахгүй болсон согтуу хөлчүү хүмүүсийг хариуцахгүй хэмээдэг нь нууц биш. Мэдээж архи дарс уусан агсамнасан хүмүүсийг эмч нар дийлэхгүй. Нөгөө талаар иргэдийг эрүүлжүүлж хордлогыг нь тайлах үүргийг цагдаа нар хүлээж чадахгүй нь ойлгомжтой. Эндээс хоёр байгууллагын дунд хүний эрх зөрчигдсөөр байх уу гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс төрөөс Эрүүлжүүлэх байранд хэрэгжүүлэх эрүүл бодлого хэрэгтэй байгаа юм. Зүй ёсоор бол эрүүлжүүлэх байр хэдий ч цагдаагийн ажилтнууд иргэдтэй хүний эрхийг дээдэлж харьцах ёстой. Цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн үйл ажиллагааны дүрэм журамд энэ тухай тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл манай цагдаагийнхан иргэдтэй ширүүн дориун харьцахаас гадна эд эрхтэнд халдаж, эрүүлжүүлэх биш гэмтээх нь олонтаа.

Ерөнхийдөө эрүүлжүүлэх байруудад угаалга халдваргүйжүүлэлтийн өрөөгүй, хүүхэд насанд хүрэгчдийг тусгаарладаггүй, гэмт хэрэг зөрчил гаргаж болзошгүй гэмт этгээдийг бусад хүнтэй нэг өрөөнд оруулдаг гэх шүүмжлэл их гардаг. Мөн ямар ч агааржуулалтын системгүй, өрөөнүүд нь хүйтэн, нэг хүнд ногдох талбай хэт бага, агаараар дамжсан нянг устгадаггүй гэх сөрөг судалгаа ч гарсан. Хамгийн гол нь эрүүлжүүлэх байрууд нэг ширхэг ч цагаан хэрэглэлгүй, цементэн шалтай ба шаардлагатай эм тариа байдаггүй нь бодит үнэн билээ. Уг нь эрүүлжүүлэх байранд цогц үйлчилгээ явуулах ёстой. Наад зах нь модон шалтай, ортой, гудас, хөнжил, хангалттай эм тарианы нөөцтэй байх шаардлагатай. Гэтэл манай эрүүлжүүлэх байрууд орц хонгилд байрладаг. Өндөр хөгжилтэй оронд эхний үед нь хүчний байгууллага нь хорьж, дараагийн шатанд эрүүл болоод гарахад нь эмч нар архи ямар сөрөг нөлөөтэй талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулдаг. Ингэхдээ юуны түрүүнд согтуу иргэнийг тухтай орчинд хүлээн авч усанд оруулж эрүүлжүүлдэг аж. Мөн эрүүлжүүлэхээс гарсан иргэдийн ааш араншинг тал бүрээс нь судалдаг.

Эрүүл мэнд муудах, эрх зүй зөрчихөд архи нөлөөлсөн гэдгийг тухайн хүнд ойлгуулахын тулд эрүүл мэндийн ажилтнууд, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд ажилладаг. Дараа нь нарийн мэргэжлийн сэтгэцийн эмч нар эмчилгээ хийдэг гэсэн. Эцэст нь урт хугацааны туршид нийгэмдээ хэрхэн эрүүл харагдаж байгааг ажигладаг юм байна. Ингэж байж иргэдийг эрүүлжүүлнэ. Харин Монголд цагдаа нар иргэдийг хохироогоод зогсохгүй өөрсдөө ч хохирдог. Цагдаагийн ажилтнууд 20.00-08.00 цагийн хооронд ажиллахдаа амьсгаа авахад хүнд нөхцөлд, спиртийн задралын хорт бодис, өтгөн шингэний үнэрт хордож суудаг байна. Дээрээс нь нийт ажилтнууд үргэлж архидан согтуурагчдын хэл амны бай болдгоос гадна маахуур өвчин тусдаг аж. Цагдаагаас гадна эрүүлжүүлэх байранд ажиллах эмч нар бүр ч олддогүй гэх. Өнөөдрийн байдлаар эрүүлжүүлэх байруудад бага эмч нар голдуу ажилладаг байна.

Гэрийнхээ үүднээс эрүүлжүүлэгдэв
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хүнээс товч яриа авлаа. Тэрбээр олон удаа эрүүлжүүлэхэд орсон гэнэ.

-Та бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаа юу?
-Би он гарсаар долоон удаа эрүүлжүүлэгдэж байна. Цагдаа нар дээд боловсролтой инженерийг орцны үүдэнд зүгээр сууж байхад л барьж аваад хорьчихдог. Эрүүлжүүлэхэд учир бий. Би мөрөөрөө архи уудаг хүн. Агсам тавьдаггүй. Би сэхээтний төвшинд ярьдаг. Ганц удаа хүмүүсийг гэртээ оруулж архи уугаад түлхүүрээ авч үлдэх эрхгүй болсон. Хамт архи уусан хүмүүс гэрээс хулгай хийчих юм.

-Архи уухгүй байж болдоггүй юм уу?
-Монголчууд ажил төрлөө ярихдаа идээ ундааг байнга хэрэглэдэг болж. Оросоос уламжилж ирсэн хэрэг. Хөдөөнөөс хот уруу дайжиж ирсэн иргэд нь хотод ирээд ажилгүй учраас архичны эгнээнд орж байна. Мөнгөтэй нэг нь албан тушаалтай нэгэндээ архи өгөх жишээтэй. Их дээд сургууль нь чанаргүй сургалт явуулаад, хавар нь чихрийн цуглуулга, дарс авч дипломыг нь олгож байна. Бүх зүйлийг архиар л шийдэж байна. Социализмын үед нийгэм өнөөдрийнх шиг байгаагүй юм. Доодчуул өнөөдрийн нийгэмд гутраад ууж байна. Энэ зусарч нийгэм хэзээ өөрчлөгдөж, иргэд хэзээ энгүүн тайван амьдрах юм бэ гэж төр засгаас асуумаар байна.

-Нийгэмд бухимдаад архи ууж байна гэлээ. Архи уухын хэрээр Таны амьдрал үрэгдээд байгаа юм биш үү?
-Хүмүүс барилгын ажлаа хямдхан хийлгэх гээд архи өгөөд байх юм. Би дээр хэлсэн. Одоо чинь бүх зүйл архиар хэмжигддэг болоод байна.

-Таныг зүгээр байхад цагдаа баривчиллаа гэж үү?
-Цагдаа нарын ихэнх нь хараахаас өөр ид шидгүй, мэдлэг боловсрол муутай байдаг. Тэд цөөн хэдэн таньдаг хүнээ л барьдаг юм. Өөр дүүргийн хэнбугай ч ирсэн, яаж агсам тавьсан барьдаггүй юм.

-Уг нь Та архи уухгүй бол нийгэмд их зүйл хийж болохоор л мэдлэгтэй хүн юм?
-Барилгын салбарт хийсэн ажил их. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, “Ганц худаг” төв гээд олон барилгыг барилцаж явлаа. Архи уулаа гээд хүний эрхэнд халдах ямар хэрэг байна. Үр хүүхдээс нь хөндийрүүлж, нэр хүндийг нь унагаад үнэхээр утгагүй юм.

Д.Мягмаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих