УРЛАГТ ХАРАЛГАН МОНГОЛ ТӨР-ЗАСАГ

/Асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг/

 

“Ардчилал” хэмээгч хий үзэгдлийн буянаар бид засаг төрөө дуртай нь харааж, ерөөх эрх чөлөөг олжээ. Энэхүү бичвэрийн тэрлэгч ч мөн тэдний адил нэгэн нь юм.

Угтаа бол монгол хүн “Төрийн минь сүлд өршөө !” хэмээн ханцуйдаа залбирч ирсийм.

Иймээс энэ тухай өгүүлсү.

Ойрхи цаг дор улс төрийн элдэв дуулиант үйл явдлын завсар зайгаар монгол урлагийн тэнгэр ниргэм үзэгдлүүд болж өнгөрөв.

Эдгээрийг билгийн ухааны сүвтэй хүн анзаарахаас сүв нь тагларсан улс бол мэдрэх ч үгүй .

Э. Амартүвшин гэх залуухан хүү Бээжин хотод Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанд түрүүлээдхэв. Зүгээр л нэг багийн гишүүдийн урлагийн үзлэгт түрүүлсэн мэт ихэнх түшмэдүүдэд санагдаж байгаа болтой. Энэхүү үйл явдал.

Манай засаг-төр баригч ханхалзсан эрчүүд бүдүүн жийп, бандагар хаш хөөрөг, хурдтай эрлийз хүлэг морьдоос цааш үнэлэмж байдаггүй мэт. Энэ нь ч аргагүй хэрэг. Үндэсний онцлог биз. Олон арван жил юм үзээгүй явсаных нэг олдсон дээрээ хүслээ биелүүлж авах нь өлөн хомхой хүний араншин юм даа !.

 

Орос ах нарын суурийг нь тавьсан “Монголын сонгодог урлаг” нэгэн жаран элээсний дүнд дэлхийд тэргүүлэх болов. Манай Шинжлэх Ухааны Академи нано технологиор дэлхийд гарах магад хэмээн инээд, ханиад болом зүйл мөрөөдөн сууна. Эзэн чингис, Их Монгол Улсын түүхээ судлаад ертөнцийн нийгмийн шинжлэх ухаанд тэргүүлэх юм гэнэ.

Ийн мангартаж суух ахуйд Монгол Урлаг аль эрт дэлхийд тэргүүлэх болсоноо зарлан тунхаглаатхав. Юу болоод өнгөрөө !? гэж үү ?

Ийм юм боллоо. Дуурь хэмээх манайд театраар нь бараг хүн шагайдаггүй эртний Герегийн сонгодог барилга байдгийм. Тэнд энэ ертөнцийн аль ч лабораториос илүү тандалт, туршилт явагддаг аж. Тэр газар ажилладаг монгол хүмүүсийнх нь сарын цалин төр түшигч монгол эрхмийн машиных нь өрөөсөн дугуйны ханшинд ч хүрдэггүй юм гэнэ. Ийм орчин газарт орчлонд хосгүй бүтээгч төрдөг юм байна. Тэр бол дуучин Амартүвшингийн урлаг.

Амартүвшингийн дуулахыг цахим ертөнцийн цонхоор олонтой ажив. Их Театр, Марийн Театр, НҮБ – ийн танхим, ЮНЕСКО – ийн танхим бас бус сонгодог урлаг дээдэлдэг олон орон газрын хүндэт индэрт дуулжээ. Энэ бол байж боломгүй, үнэмшимгүй зүйл юм. Яагаад гэвэл дэлхийн хамгийн хоцрогдсон, алслагдсан, бүдүүлэг харанхуй оронд ийм дуучин төрж таарахгүй хэмээн нөгөө соёлт хэмээх ертөнцийнхөн бодох аж. Тэд уг нь Бэл Канто хэмээх дуурийн маягаар дуулах аргыг сэдсэн улс л даа. Анхлан Итали-Неаполитан ардын урлаг байгаад төдөлгүй олон улсын үзэгдэл болон тархсан түүхтэй.

Нэгэнт төрсөн байна. Монголд. Арав гаруй жилийн өмнө П. Ганбат шиг дуучин дахиад тавин жилдээ төрөхгүй биз хэмээн бичиж байсан минь том эндүүрэл байж. Монголын авьяас булгилан, оргилж байдаг аж.

Хоолны тавган дээр бүжиглэх хоёр мантууны тэмцэлдээнийг хийгээд ширэн бээлийгээр нэгийгээ тэрий хадтал унагахыг болоод үндэсний ба олон улсын маягаар барилдахыг хараад манай төр-засаг баригчид их ойлгодог болтой. Ойлгох ойлгохдоо хөөрч баярласандаа тас үсрэн гарч ирээд, ард олныхоо өмнө хэхрэн, гулигаж зогсдог аж. Мөн их ойлгосондоо хөөрсөн хэрэг ээ !

Тэр дариудаа ам зарлиг гаргаж, Хөдөлмөрийн баатар маатар гээд өгч болох бүхий л паалантай тэмдгийнхээ дээдийг өгөх аж.

Хүний хөгжлийн танин мэдэхүйн анхан хариу үйлдэл бол хоёр этгээдийн тэмцэлдээнийг хэн нь ялсаныг мэдрэх мэдрэмж. Энэ нь ухамсарт гэхээсээ инстинкт үйлдэл юм. Галидаторуудын стадионд үзүүлэх тулаан үүний сонгодог жишээ. Энэ түүх чинь манай эриний өмнөх явдал шүү дээ !

Боолын нийгэм элээд, феодалыг туулаад сая бид хөрөнгөт нийгэмд тулж ирлээ. Энэ завсар хүний оюун ухааны мэдрэмж их хөгжсөөн. Харин манай дарга нарынх огт хөгжсөнгүй ээ ! Гаднаас нь харахад манай аль ч түшмэл хорин нэгдүгээр зууны хүн харагдана. Харин оюунт үнэлэмж нь тэртээ доод нийгэмдээ хоцорчээ.

Улсын наадмын өмнөх өдөр монгол иргэн бүр төрөөсөө одон тэмдэг хүлээн суудаг байж мэднэ. Сургуультай нохой шиг тэгээд сургачихаж л дээ. Ард олныг. Гэтэл байдаггүй шүү !

Нөгөө Амартүвшингийн нэр банзанд ч үгүй байнд ч үгүй хоцордог байна ш дээ. За яахав. Манай Элбэг хаан хөдөө мал дээр өссөн юм зайлуул. Юуны нь л дуурь муурь ойлгоо аж гэж бодлоо. Тэгтэл нөгөө дуучин хүү маань Дарьганга нутагт мөн л мал дээр өсчээ. Хоёр малчин ард уг нь нэгнийгээ үнэлэн, ойлгож болноо доо уг нь.

Энд юу хэлэх гээд гоншигноод байна гэхээр энэ дуучин хүү дэлхийн урлагийн олимпийн хошой алтан медальтан юм л даа ! Яагаад аавын хүүг алаг үздэг төр-засаг вээ  л гэх гэсэн юм.

Английн элит давхаргыг доргиосон “Хөсөгтөн” хамтлаг, “Бөртэ” хамтлагийн ахлагч Д. Ганпүрэвийн хөгжмийн уран бүтээлийн дэлхийн амжилтууд, Төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэгийн америкийн сонгодог урлаг дахь шургуу хөдөлмөр гээд тун чиг олон энгэр цоолох улсаа хардаггүй монгол төр-засаг даан чиг хайран. Даан чиг харалган хөөрхийс…

 

Б. Батжаргал /АНУ-ын Чикаго хот/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих