Бөө болсон урлагийнхан тайзнаа буцаж ирэхээр шийджээ

Монголд нэгэн үе од болохыг хүсэмжлэгчдээс олон зүйл байсангүй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өдгөө тэд урлагийн тэнгэрт од болон гялалзах мөрөөдлөө орхин, улстөр, бизнес, тэр ч бүү хэл шашны салбар руу урваж эхлэв.

Урлагийнхан шилээ даран бөөгийн дуудлага хүлээн авч, “Энэ дуучин, тэр жүжигчин бөө боллоо” гэсэн мэдээлэл хуурай өвсөнд ассан түймэр шиг тархах болоод удаж байна. “Овжин охид” киноны Сампилын дүрээр олны танил болсон жүжигчин С.Ганзоригоос эхэлсэн энэхүү моод тун ч хурдан газар авчээ.

Түүний араас “Х түц” хамтлагийн жүжигчин Ааяа буюу С.Алтанцэцэг, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, дуучин Б.Халиун нар “дагаар орсон”. Ц.Энхманлай өөрөө бөө болоод зогсохгүй, араасаа олон шавь дагуулж буй. Хачирхалтай нь, тэр шавь нараа урлагийнхан дотроос тодруулсаар байна.

Хошин шогийн “Х түц” хамтлагийнхан хоёр дахь гавьяатынхаа найрыг хийгээд удалгүй хамтла­гаасаа төрөн гарсан анхны бөөгөө угтаж авахаар бэлт­гэж эхэлсэн. Учир нь, тус хамтлагийн жүжигчин Н.Онон “Харан­га”-ын ах­лагчийн анхны шавиар тодор­сон юм. Тэрбээр Хэнтий аймагт очиж, онгодоо буулгаж авсан гэх.

Түүний дараа хошин урлагаас дахин бөө тодорсон нь сониуч зантай олны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэлээ. “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан бөөгийн дуудлагаа хүлээн авч, хамтлагаа орхих гэж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих болов. Хамтлагийнхан нь ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Жүжигчин МС-гийн онгод тодроод бараг жил болж байгаа ч тэрбээр хүлээж авахгүй байгаа гэх. Гэвч тэрбээр бөөгийн зан үйлийн талаар нууцхан судалж, хамтлагаасаа тодорсон анхны бөө С.Ганзоригоос заавар зөвлөгөө авч яваа талаар түүний ойрын эх сурвалж мэдээлж байсан юм.

Хурц үг хэллэг, эрс шийдэмгий санаа бодлоороо өөрийгөө тунхаглаж, Мон­голын урлагт орж ирсэн хүн бол яах аргагүй реппер Gee. Гэтэл тэр урлагийнхнаас тодорсон дараагийн бөө болсон юм. Тэрбээр бөөгийн хувцас хэрэглэлдээ их ач холбогдол өгч, олон сарын туршид тусгайлан урлуулсан. Түүнчлэн бөөгийн зан үйлд хагас жил хэртэй суралцсаны эцэст дуудлагаа хүлээн авч, албан ёсоор бөө болсон. Реппер залуу ганцаараа бөө болоод зогсолгүй, “Флаш” хамтлагийн дуучин Б.Билгүүн, “Хоёр хүү”-гийн Гавана нарыг араасаа дагуулсан.

Ийнхүү эрэгтэй уран бүтээлчид дараалан бөөгийн онгодоо хүлээж аваад байтал бүсгүйчүүд юунаас дутах вэ гэсэн аятай эмэгтэй дуучид удаа дараалан бөө болцгоосон юм. Поп дива С.Наранг бөө боллоо хэмээн нэг хэсэг шуугисан. Тэрбээр багаасаа зөн совинтой, бөөгийн удамтай гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч бөө болсон хэмээх мэдээллийг эрс эсэргүүцсэн билээ. Харин түүний дараа “В” продакшны залуу дуучин Б.Эгшиглэн бөөгөөр тодорч, шашны үйлд шамдаж буй. Түүний онгод нэлээд хүчтэй орж ирсэн бөгөөд багаасаа эрх дураараа өссөн дуучин бүсгүй одоо найзуудтайгаа уулзаж наргиж цэнгэх байтугай, утсаа ч авах завгүй яваа гэнэ.

Залуу дуучин Н.Тэмүү­жин рок попын бөөгийн онгодыг таслалгүй үргэлж­лүүлж, Ц.Энхман­лайгийн шавиар тодорсон ч ойр дотны хүмүүсийнхээ ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг. Гэвч тэрбээр аль хэдийнэ онгодоо хүлээн авч, бөөгийн шашинд бие, сэтгэлээ зориулахаар шийджээ.

Урлагийнхан дундаас хамгийн сүүлд бөөтэй холбогдсон хүн бол дуучин Ч.Ану. “Гала”-гийн дэгжин хээнцэр хоёр охины нэг өдгөө хамтлагаасаа өрх тусгаарлаж, ганцаарчилсан уран бүтээл туурвиж буй. Өнгөрсөн хавар түүнийг бөө болох нь гэсэн яриа гарсан юм. Аливаа хэл аманд өртөмтгий дуучин маань өөрийнхөө талаарх элдэв мэдээлэлд тэр үр хариу өгөөд байдаггүй. Гэвч тэрбээр энэ ярианд яаравчлан “Би уул тахих ёслолд очиж, ая дуугаа өргөсөн болохоос бөө болоогүй” хэмээн хариулсан билээ.

Гэтэл бөө болсон уран бүтээлчдийн талаарх цоо шинэ мэдээ чих дэлслээ. Юу гэвээс, тэд эхнээсээ бөөгийн онгодоо буцааж эхэлжээ. Урлагийнхан бөө болох замын үүд хаалгыг нээсэн жүжигчин С.Ганзориг энэ бүхний эцэст шашны зан үйлээ орхиж, урлагтаа эргэн ирлээ. Тэрбээр одоо дэлгэцийн бүтээлд хүчээ үзэж, кинонд тоглох саналд даруулж байгаа сурагтай.

Жүжигчин Ж.Мөнх­сайхан, Н.Онон нар ч бөө болох эсэхдээ аль хэдийнэ эргэлзэж эхэлсэн бололтой. “Тэд онгодоо хүлээж авсан ч уран бүтээлээ хийсээр байх болно” хэмээн мэдээлж байсан ойрын эх сурвалжууд одоо “Хэн ч бөө болохгүй. Хошин урлагийг Монголд хөгжүүлэхийн тулд бид хамтлаг байгуулан олон жил хамтдаа зүтгэж байна. Цаашид ч хамтдаа байх болно” хэмээн мэдэгдэж байна.

Бөөгийн дуудлага хүлээн авснаар нөхрийнхөө ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан дуучин Б.Халиун ч мөн онгодоо буцаах талаар ярьж эхэлсэн сурагтай.

Залуу дуучин Б.Эгшиглэн бөө болсноор ёс заншилд баригдаж, эрх чөлөө нь хавчигдах болсон талаар ойр дотныхондоо гомдоллох болжээ. Тэрбээр бөөгийн онгодоо буцаах хүсэлтэй байгаа ч онгод тэнгэр нь хараахан зөвшөөрөхгүй байгаа гэнэ.

Сонгууль дуус ч, улстөрч болохоор сэрүүн зүүдэлж явсан урлагийнхны мөрөөдөл ч талаар боллоо. Бөөгийн дуудлага хүлээн авч, мөнх хөх тэнгэрийн элч болж, ард түмний оройн дээд шүтээн болохоор шийдсэн бөө нар ч ээлж дараалан онгодоо буцааж эхлэв. Ийнхүү хэсэг хугацаанд эзгүйрээд байсан урлагийн тайзан дээр тун удахгүй дуу хуур тасралтгүй эгшиглэж, уран бүтээлчид маань ч эзэмшсэн мэргэжил, эхэлсэн цэгтээ эргэн ирэх нь.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.