1996 оны МАХН-ын бойкот давтагдаж, чуулган гацаанд орлоо

2012-2016 оны парламентын анхдугаар чуулган дахин завсарлалаа. Учир нь өнгөрөгч баасан гарагт анхдугаар чуулганы товыг зарлаж, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан.
Гэвч УИХ-ын даргад З.Энхболдыг томилох тухай асуудлаар МАН-д албан ёсоор бичиг ирүүлээгүй, эл асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, зөвшилцөөгүй  гэх шалтгаанаар чуулган хуралдах боломжгүй болов.
Энэ үйл явцыг харахад 1996 онд тухайн үеийн МАХН цөөнх болж бойкотолдог байсан нь давтагдах болол¬той. Тэгэхэд  мөн л томилгооноос шалтгаалж УИХ-ын чуулганыг гурван сар гацаанд оруулсан “туршлагатай”.Харин энэ удаа гацаанд оруулснаа МАН-ын бүл¬гийн дарга Н.Энхболд тайлбарлахдаа “Олонхын бүлгээс УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн хүний нэр, албан бичгийг намын байрны жижүүрт пүрэв гарагийн орой орхисныг нь баасан гарагийн өглөө хүлээж авлаа. Тиймээс асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж амжсангүй. УИХ-ын даргыг хуулийн дагуу сонгох хэрэгтэй. Үндсэн хуулийн 9.1, 9.2-д нам, эвслийн бүлгүүд шаардлагатай гэж үзвэл бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж зөвшилцөнө гэж заасан байдаг. Тийм учраас хуралдаанд оролцох боломж¬гүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Түүнийг мэдэгдэл хийсний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг “АН ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй яриа хэлцэл хийж, УИХ-д олонхыг бүрдүүлж чадлаа. МАН-ын хувьд бид өчигдөр /пүрэв гарагт/ хуулийн дагуу зөвшилцөх бичгээ явуулсан. Бичиг хүргүүлснээр зөвшилцөнө гэж ойлгож байгаа. Үүнийг дэмжих эсэх нь та бүхний асуудал. УИХ-д АН олонх бүрдүүлчихсэн юм чинь МАН-ынхан санал бодлоо хэлээд ажлаа хурдасгамаар байна” гэв. Харин МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Ажлаа түргэвчлэхтэй санал нэг байна. МАН-аас 25 гишүүн УИХ-д сууж байгаа. АН-ын зүгээс бичиг хүргүүлээд орхих биш тэдэнтэй зөв¬шилцөж байж шийдвэрлэх учиртай. Бичиг хүргүүлээд орхисныг зөвшилцсөн гэж ойлгож болохгүй” хэмээгээд чуулганы танхимыг орхиж гарсан юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Бид зөвшилцөх асуудал дээр Үндсэн хуулиар тодотгосон УИХ-ын тухай хуулиа баримтлах нь зүйтэй. УИХ-ын даргыг нэр дэвшүүлэхдээ албан бичиг хүргүүлсэн л бол зөвшилцсөн гэж ойлгож болно. МАН-аас хариу ирүүлэх шаардлагагүй” гэв.
Ийнхүү АН-ынхан МАН-ыг буруутгаж зөв¬шил¬цөх асуудлыг өөр өөрсдийнхөө¬рөө тайлбарласан. Тэр ч бүү хэл УИХ-ыг даргалагч Д.Дэмбэрэлийг АН-ын гишүүд “Таныг ахмад гишүүн гэж хурал даргалуулж байгаа болохоос биш намын үүднээс даргалуулаагүй юм шүү” хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “МАН УИХ-ын даргын асуудлаар зөв¬шилцөөд чуулганы хурал¬даанаар оруулж ирэхийг нь хүлээх хэрэгтэй. Гишүүдийн хагас нь эзгүй байхад УИХ-ын даргаа сонгоно гэж ярих шаардлагагүй” хэмээн ширүүхэн хэлээд албан ёсоор хуралдааныг завсарлуулав. Үүнд нь АН-ынхан гоморхож, арга ядсандаа “Д.Дэмбэрэл гишүүн хурал даргалахгүй бол дараагийн ахмад гишүүнээр хурлыг удирдуулья” хэмээн ямар нэгэн хуулийн заалтгүй зүйлийг хэлж байлаа. МАН-ын бүлэг тухайн өдрийн 15:00 цагт хуралдсан боловч чуулганы хуралдаанд орол¬цоогүй гэдгээр анхдугаар чуулган хуралдсангүй.

mongolcomment


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.