Вирүст гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй

Дэлхийн гепатитын өдөр нь вирүст гепатит В, С-тэй амьдарч байгаа хүмүүс болон өвчтөний бүлгүүдэд олон улсын анхаарлыг хандуулах зорилготой жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг бөгөөд гепатитын талаархи ойлголтыг дээшлүүлэх, оношлогоо, эмчилгээг хялбар болгох, өвчнөөс сэргийлэх бодит өөрчлөлтүүдийг хийх боломжийг олгодог.

Дэлхийн нийт газар нутгийг вирүст гепатитын тархалтын зэргээр нь өндөр, дунд, бага тархалттай гэж ангилан үздэг. Манай орон өндөр тархалттай орны тоонд багтдаг. Тархалтын зэрэг нь тухайн улс орны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, ус, хүнстэй холбоотой байдгийг олон судлаачид тогтоосон. Өндөр тархалттай газар нутагт насанд хүрэгсэд нь ихэнхдээ дархлаатай болсон байдгаас ялангуяа А вирүст гепатитын хувьд тахалт тархалт болох нь ховор байдаг бол дэлхийн олон улс оронд ариун цэврийн нөхцөл сайжирч дархлаагүй буюу өртөмтгий хүн ам болох хүүхэд залуусын тоо нэмэгдсэнээс өвчний дэгдэлтийн давтамж олшрох эрсдэлтэй байдаг байна.

Манай улс анх удаа өнгөрсөн оны долоодугаар сарын 28-ны өдөр “Гепатитын халдварт хэн ч, хаана ч өртөх эрсдэлтэй. “ҮҮНИЙГ МЭД, ҮҮНТЭЙ ТЭМЦ” гэсэн уриан дор вирүст гепатитын талаархи хүмүүсийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, баяжуулах энэ чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааг дэмжихийг уриалж байсан. Харин вирүст гепатитын өдөр нь жил бүрийн долдугаар сарын сүүлийн долоон хоногт болдог юм. Ер нь вирүст гепатит гэж юу вэ. Энэ өвчний талаар иргэд тэр бүр мэдээлэл муу байдаг.

Тэгвэл өнөө үед элгийг сонгомолоор гэмтээдэг, эмнэлзүйн илрэл нь төстэй боловч бүтэц, бусад шинж чанараараа өөр хоорондоо эрс ялгаатай есөн төрлийн вирүс тодорхойлогдоод байгаагаас хамгийн элбэг тохиолддог нь А, В, С, D, Е вирүсын халдвар юм. Эдгээрээс А болон Е вирүс нь ходоод гэдэсний замаар дамжин халдварладаг. Мөн өвдсөний дараа архагшилт үүсгэдэггүй. Харин В, С, D вирүсүүд цус, цусан бүтээгдэхүүн болон биеийн бусад шингэнээр дамжин халдварладаг.

В вирүсийн халдвар авсан хүүхдүүдийн 10-аас бага хувь, насанд хүрэгчдийн 30-50 хувьд нь шинж тэмдэг илэрдэг бөгөөд өвчин архагших нь наснаас хамааралтай байдаг. Тухайлбал, төрөх үедээ халдвар авсан хүүхдийн 90 хувь, нэгээс таван насанд халдвар авбал 30 хувь таваас дээш насанд халдвар авбал 5-10 хувь нь архаг вирүс тээгч болдог. Харин С вирүсын халдвар авсан хүмүүсийн 10-20 хувьд нь л шинж тэмдэг илэрч, 50-80 хувь нь архаг халдварт шилждэг. Харин В, С вирүст гепатитын архаг халдвартай хүмүүсийн 15-30 хувь нь элэгний хатуурал болон элэгний хорт хавдраар хүндэрдэг байна.

Тиймээс манай улс В, С вирүст гепатитын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд нийт хүн амын 10-17 хувь нь В вирүсийн, 10-30 хувь нь С вирүсийн архаг тээгч болохыг хэд хэдэн судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн хавдрын өвчлөлийн бүтцийг авч үзэхэд, элэгний хавдар байнга нэгдүгээрт орж байгаа бөгөөд үндсэн шалтгаан нь В болон С вирүсын халдвар болохыг судлаачид тогтоожээ.

Харин 1991 оноос шинэ төрсөн хүүхэд бүрийг В вирүст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулж, улмаар В вирүст гепатитын өвчлөл дархлаажуулалтын өмнөх үетэй харьцуулахад 3.4 дахин буурсан үзүүлэлттэй байгаа боловч 1990 оноос өмнө төрсөн хүн ам ялангуяа цус, цусан бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг эмч, эмнэлгийн ажиллагсдын дунд өвчлөл өндөр байна. С вирүст гепатитаас сэргийлэх вакцин хараахан гараагүй байна.

Энэ өвчний илрэх гол шинж тэмдэг нь арьс, салст шарлах, ноомой болох, бие сулрах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Харин халдвар хэрхэн дамждаг гэхээр халдвартай цус цусан бүтээгдэхүүн хэрэглэх, халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох, халдвартай эхээс хүүхэд төрөх үед мөн бохирдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслийг хэрэглэх, хатгалтанд өртөх гэх мэт зүйлээс болгоомжлох хэрэгтэй.

Мөн сахлын хутга, сойз зэрэг хувийн хэрэгслийг дамжуулж хэрэглэх, бохирдсон гоо сайхны багаж хэрэгслээр дамжих магадлалтай юм. Хамгийн их эрсдэлтэй бүлэгт эмч, эмнэлгийн ажилтнууд, халдвартай эхээс төрж байгаа нярай, олон бэлгийн хавьтагчтай хүмүүс, судсаар эм, тариа хэрэглэгчид хүмүүс,халдвартай хүнтэй амьдарч байгаа хүмүүс, мөн цус цусан бүтээгдэхүүн юүлүүлдэг хүмүүс, дархлал дарангуйлагдсан хүмүүс, чихээ цоолуулах, шивээс хийлгэдэг хүмүүс гэх мэт маш өргөн хүрээг хамардаг байна.

Тиймээс халдвараас сэргийлэх нь маш чухал юм. Үүний тулд эрсдэлтэй бүлгийн хүн амыг В вирүст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулдаг. Мөн жирэмсэн эхчүүдэд вирүс илрүүлэх шинжилгээг хийж, В вирүст гепатитын халдвартай эхээс төрж байгаа нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор дархлаажуулах, шинжилгээ хийгдсэн, баталгаатай цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх, эмнэлгийн багаж хэрэгслийг сайтар ариутгаж хэрэглэх, аль болох нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх, бэлгийн тогтмол хавьтагчтай байх, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох, шаардлагагүй тариа, хатгалтаас зайлсхийх, сойз, сахлын хутга зэрэг хувийн эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх, мөн шивээс хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хэрэв танд халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандан, шаардлагатай бол вирүс илрүүлэх шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь халдварыг эрт илрүүлэх тусам, эмчилгээний үр дүн илүү байдаг. Тиймээс иргэн бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тохиолдуулан дэвшүүлсэн уриалгыг хүлээн авч, эрүүл мэндийн салбарынхантай хамтран тэмдэглэхийн зэрэгцээ вирүст гепатитын эрсдлээс өөрийгөө болон үр хүүхэд, гэр бүл, бусдыг хамгаалах талаарх мэдлэгээ дээшлүүлж, эрсдлийг бууруулах, сэргийлэх талаар хамтдаа ажиллахыг уриалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих