Бидний мэдэхгүй тэд

“Сэтгэцийн өвчлөл байнга өсч байгаа нь судалгаагаар нэгэнт тодорхой болсон зүйл. Нийгмийн бухимдал, архидалт, ядуурал, гэр бүлийн байдал, хамт ажиллагсдын харьцаа зэргээс хамаараад энэ тоо өсч байгаа. Манай эмнэлэг 450 ортой. Одоогийн байдлаар дүүрчихээд байна” гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуун хэлэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу олны нэрлэж заншсанаар “Шархад”-ны эмнэлэгт эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж, ачааллаа дийлэхээ болиод таван жилийн нүүрийг үзэж байгаа гэх. Үүний гол шалтгааныг мэргэжилтнүүд архидалт, нийгмийн төвшин, ажилгүйдэл, ядуурал, ажиллах орчин нөхцөл, гэр бүлийн байдал зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Монгол Улсын насанд хүрсэн нийт хүн амын 20 хүрэхгүй хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бол, гурван хувь нь сэтгэцийн архаг өвчинтэй гэсэн тоо гарчээ.

Тэднээс жийрхэх ёстой юу?

Хотжилт дэлгэрч, алтны солиоролд автсан тэр үед АНУ-д сэтгэцийн өвчтэй хүмүүсийг “тэд” хэмээн нэрийдэж, нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээнээс хасдаг байсан гэдэг. Эмнэлэг, тэр дундаа сэтгэл судлал дорвитой хөгжөөгүй байсан 1800-аад оны сүүл үе шүү дээ.

Харин XXI зууны монгол оронд  “тэд” гэсэн тодотголыг сэтгэцийн өвчтэй хүмүүст хэрэглэдэг ажээ. Ямар сайндаа л “Шар хад”-ны эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн дийлэнх хэсэгт нь эргэлт огт ирдэггүй байх вэ. Гэр бүлээсээ гадна төрийн томчуудын анхаарлыг “тэд” татдаггүй. Одоогоор Монгол Улсын хэмжээнд цорын ганц гэж хэлж болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд төсөв хөрөнгө, орчин үеийн шаардлага хангасан техник хэрэгсэл алга. Адаглаад эмчлүүлэгч нарын тав, тухыг хангасан ор ч алга. Гэхдээ тэд өөрсдийнхөө хэмжээнд үйлчилгээ үзүүлж байна. “Ер нь сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нэг их тоодоггүй юм шиг харагддаг. Шархадны эмнэлгийг ч хүмүүс толгойдоо “юмтай” хүмүүсийн эмнэлэг гэж ойлгодог. Яг үнэндээ өөрт болон өрөөлд аюултай үйлдэл хийж болохуйц эрсдэлтэй хүмүүсийг л эмчилдэг газар шүү дээ. Төр засгийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэж сэтгэл судлаач, доктор Б.Эрдэнэбаатар ярьж байсан юм.

Тэдний эгнээнд хэн ч нэмэгдэж болно

Сүүлийн хоёр жилийн байдлаар 113 гаруй мянган хүн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 22 мянган хүн идэвхитэй хяналтад эмчлүүлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүний 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүн эзэлж байдаг. Гэхдээ үүнд 2012 оны судалгааг оруулаагүй гэдгийг сануулъя.

Сэтгэцийн эмгэгийн хамгийн анхны илрэл нь стресс ажээ. Хэрвээ үүнийгээ нэн даруй эмчлэхгүй бол сэтгэцийн эмгэг болон хүндрэх аюултайг сануулж байсан юм. “Үүнээс шалтгаалаад сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүсийн тоо өсч байгаа юм. Нийгмийн бухимдал буюу стресс нь хүмүүст хамгийн элбэг тохиолддог. Тэр их бухимдалаа гаргахгүйгээр дотроо хуримтлуулаад яваад байхаар энэ нь сүүлдээ сэтгэл зүйн өвчин болж хувирдаг юм.” гэж О.Ганчулуун ярьсан юм.

Сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс сэтгэл зүйн давхар дарамтад орж хүндрэх тохиолдол илүүтэй ажиглагдах болжээ. Үүний хамгийн гол шалтгаан нь сэтгэл гутралд өртсөн хүмүүс бухимдалаа архиар тайлах гэж оролдох бүрдээ, улам бүр архинаас хамааралтай болдогт оршиж байгаа ажээ. Сэтгэл гутралын эхний шинж тэмдэг мэдрэгдээд эхэлмэгц нэн даруй сэтгэл зүйчид хандаж мэргэжлийн зөвлөгөө авах нь тустай арга болдогыг мэргэжилтнүүд дуулгасан юм.

Сэтгэл зүйч + Өвчтөн = ?

Эмнэлгийн үйлчилгээний хамгийн эхний нэгж нь өрхийн эмнэлэг. Тэр ч утгаараа сэтгэл зүйчид байх учиртай. Гэтэл одоогийн байдлаар сэтгэл зүйчид алга. Стрессийн анхны шинж тэмдэг илэрсэн нөхцөлд хүмүүс хаана хандах вэ? Яг одоогийн байдлаар үнэтэй хувийн эмнэлэгт эсвэл “Шар хад”-ны эмнэлэгт л хандах хэрэгтэй болж. Хувийн эмнэлэгт хандъя гэвэл мэргэжлийн бус хүмүүс эмчилгээ хийдэг гэх гэм бий. “Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв олон болсон. Гэхдээ тэр бүр мэргэжлийн хүмүүс ажиллаад байдаггүй. Тийм учраас хяналт, шалгалт хийдэг байвал зүгээр” гэж Б.Эрдэнэбаатар ярив.

Хувиараа зөвлөгөө өгдөг сэтгэл зүйчид тэр бүр Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвтэй тэр бүр хамтарч ажилладаггүй бөгөөд одоогийн байдлаар 4-5 сэтгэлзүйч шаардлагатай хүмүүст зөвлөгөө өгдөг ажээ.

Монголд сэтгэл зүй тэр дундаа сэтгэл зүйчтэй хэрхэн харьцах вэ гэдэг харьцаа төлөвшөөгүй байдаг учраас эмчилгээ хийлгэхэд бэрх гэдгийг хэлэх хүн ч байсан юм. “Ард иргэд маань сэтгэл зүйчид хандаж байна гэхээр танил хүмүүсээсээ их санаа зовдог. Эсвэл зөвхөн “юмтай” хүмүүс л сэтгэл зүйчид ханддаг гэсэн ойлголттой байдаг. Энэ ойлголтоо засаад сэтгэл зүйчид санаа зоволгүй ханддаг байх хэрэгтэй” гэж сэтгэлзүйч эмч Г.Эрдэнэтуяа ярив.

Бидэнд яг одоо 2000 онд баталсан “Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр” гэгчийг баталснаас өөр зүйлгүй л сууна. Эмнэлгийн хүний нөөц болон техник, хэрэгслийн хангамж, төрийн бодлого алга. Харин ганцхан байгаа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ачааллаа дийлэхгүй байгаа гэсэн ганцхан зүйл л тов тодорхой байна.

Б.БОЛОРСҮХ


URL:

Сэтгэгдэл бичих