Монгол Ардын Намын дарга С.Батболдын Намын Бага хурлын VI хуралдаанд хэлсэн үг

Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд ээ,

Эрхэм журмын нөхөд өө,

 

УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буй болсон улс төрийн шинэ нөхцөл байдалд энэ удаагийн Бага хурал болж байна. Сонгуулийн үр дүн манай намын хувьд нааштай гарсангүй. Үүний шалтгаан нөхцөл, алдаа оноог дүгнэж, хариуцлагаа ярьж, цаашдын бодлого, үйл ажиллагаа, стратегиа тодорхойлох нь энэ Бага хурлын хэлэлцэх гол асуудал билээ.

Юуны өмнө энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөддөө МАН-ын даргын хувьд, мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс баяр хүргэж төр, түмний их үйл хэрэгт нь амжилт хүсье.

Та бүхнийг сонгогч, дэмжигчид, ард түмнийхээ итгэлийг дааж, Монгол төрийн төлөвшил, улс эх орныхоо хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Мөн манай намыг, манай намаас нэр дэвшигчдийг дэмжсэн нийт сонгогчид, ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн УИХ-ын сонгуульд амжилттай оролцож, нэр дэвшигчидээ ялалтад хүргэж гишүүн болгосон аймгуудын намын хорооны удирдлага, бүх гишүүдэд Монгол Ардын Намын даргын хувьд талархал илэрхийлж байна. Тэднийхээ туршлага, үйл ажиллагаа, зохион байгуулалт, стратеги, тактиктай танилцаж, судалж суралцах нь  бусад аймаг, нийслэлийн намын хороодын хувьд дараа дараагийн амжилт, ялалтын эхлэл байх болно.

Эрхэм нөхөд өө,

Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газрыг удирдаж, МАН-ын даргаар ажилласан ажлынхаа үр дүнг Бага хурлын гишүүд, нийт намын хамт олондоо товч боловч илтгэх нь зүй ёсны журамт үүрэг гэж үзэж байна.

Манай Засгийн газрын хөтөлбөрийн зорилтууд, амласан амлалтууд нэн их байлаа. Хөрөнгө санхүү, хүний нөөц, засаглалын чадавхийг дайчлан ажиллахыг хичээлээ. Чамлахааргүй бүр бахархмаар үр дүн ч бий. Бас хийж чадаагүй, хэрэгжилт нь дутуу ажил ч бий.

Бүхэлд нь авч үзвэл өнгөрсөн 4 жилд улс орны амьдралд чанарын өөрчлөлт гарах суурь үндсийг баттай тавьж, их бүтээн байгуулалтын эхлэлийг бүрдүүлж өгсөн гэдгийг итгэлтэй хэлэх байна.

Манай нам 1990 ээд оны улс төр, нийгмийн огцом өөрчлөлтийн хүчтэй цохилтод өртөж элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээж, “хонгилын үзүүрт гэрэл асааж”, хүмүүст ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн улс орныг 1996 оны сонгуулиар хүлээлгэн өгч байсан.

Тэгвэл өнөөдөр манай нам эдийн засгийн өсөлт, хөгжлийн боломжоороо дэлхийн анхаарлыг татсан, эдийн засгийн эрх чөлөө, их бүтээн байгуулалтын үндэс суурь баттай тавигдсан, иргэд нь эх орондоо сайхан амьдрах боломж бүрдсэн улс орныг хүлээлгэн өгч байна.

1996-2000 оны хооронд ээлж дараалан огцорсон Засгийн газруудын хөлд чирэгдсэн иргэдийн амьдралын доройтол, эдийн засаг, нийгмийн задрал сарнилыг даван туулж, тогтвортой хөгжил, өсөлттэй эдийн засаг, хүний хөгжлийн нийгмийн баттай үндсийг бүрдүүлэхэд хүний амьдралын нэгэн үе буюу бүтэн 12 жилийг зарцуулжээ.

Энэ он жилүүдийн ихэнх нь ард түмний алдагдсан итгэлийг сэргээх, эдийн засагт алдсан боломжуудыг нөхөхөд зарцуулсан цаг хугацаа байсан гэхэд хилсдэхгүй. Харин өнгөрсөн дөрвөн жил бол улс орон ч, хүн ард маань ч өсөлт, урагшилт, хөгжил дэвшилд хөл тавьсан он жилүүд байлаа.

Ингэж хэлэхийн үндэслэл, баталгаа юу вэ? гэж та биднээс асуух хүн олон гарна. Бас үгүйсгэж муулах хүн ч бий.  Тэгвэл би дараах тоо баримтыг дурдъя.

Эдийн засгийн бодит өсөлт 2008 онд 8.9 хувь байсан бол өнгөрсөн онд 17.3 хувь, энэ оны гүйцэтгэлээр 19.7 орчим хувьд хүрэхээр байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2008 оныхоос хоёр дахин нэмэгдлээ. Улсын нэгдсэн төсвийн орлого 2008 онд 2.1 их наяд төгрөг байсан бол 2012 онд 6.1 их наяд төгрөг болон өсч, эдийн засаг маань өргөжин тэллээ. Тэтгэвэр тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшин 2008 оныхоос 2 дахин буурлаа. Улс орны хөгжлийн гол хөдөлгүүр болох ёстой байсан төслүүд хэрүүлийн алим болсоор байсныг хөдөлгөөнд оруулж чадсан тул ийм нааштай үр дүн гарсан. Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, барилгажилт, эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлж чадсан.

Эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч, үйлдвэржилтийн үндэс суурь тавигдлаа. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар сэргэж улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах боллоо. Мал сүрэг өсч, эрүүлжиж, түүхэндээ анх удаа тоо толгой нь 50 саяас дээш гарлаа. Боловсрол, соёл, урлаг, спорт, нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн салбарт шинэчлэлт өөрчлөлт гүнзгийрлээ.

Нийгмийн халамж, хамгаалал, даатгалын иж бүрэн тогтолцоо бүрдлээ. Төрийн албаны шинэчлэл хийгдэж, шинэ бүтэц тогтолцоо төлөвшиж байна. Иргэн хүн чөлөөт сонголтоо хийх эрх, эрх чөлөөгөө эдлэх, хамгаалуулах улс төр, эдийн засаг, нийгэм эрх зүйн орчин нөхцлийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл ардчиллын хөгжилд ахиц, чанарын дэвшил, ард түмний амьдралд нааштай өөрчлөлтийн эхлэлийг бий болгож чадлаа.

Энэ бүхэн Ардын намаас өмнөх он жилүүдэд бий болгосон хөрс суурин дээрээ өнгөрсөн 4 жилд тордож ургуулсан хөгжлийн үр шим, өгөөж нь билээ.

Ийм үр дүнд хүрэхийн тулд Монгол Ардын Нам нийгмийн эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг бүхнээс эрхэмд үзэж, илүү чухалчилж ирсэн. Тиймдээ ч манай нам 2004 онд хоёрхон суудлын зөрүүтэй байсан ч гэсэн АН-тай хамтарсан. Мөн 2008 онд бид 46 суудал авчихаад ялсан намын бардам зан, зарим боломжоосоо татгалзаж нийгэм, нийтийн эрх ашгийг эрхэмлэн 27 суудалтай Ардчилсан намыг Засгийн газартаа урьж хамтран ажилласан. Ялагдсан намыг ингэж өөд нь татаж, өсөж өндийхөд нь туслана гэдэг нь өрнөдийн өрсөлдөөнт улс төрийн жишгээр “стандарт бус” шийдэл боловч, улс орноо гэсэн уужуу монгол ухаанд байж болох хувилбар гэдгийг манай нам үлгэрлэж үзүүлсэн.

Ийнхүү нийгмийн эвлэрэл, улс төрийн нэгдэл, зөвшилцлийг эрхэмд үзэж, улс оронд хөгжлийн үүд хаалгыг нээж чадсан шинэ соёл манай намынх байсан. Эрсдэлтэй боловч зоримог энэ алхам манай намд хожил биш хожигдол авчирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хамтын ажиллагаанаас ард түмэн хожсон. Ардчилал хөгжсөн. Ардчилсан нам хонжоо олсон. Монголын ард түмний улс төрийн нэгдлийг “манан” болгон сүүдэртүүлж, нийгмийн сэтгэл зүйг манантуулж чадсан улс төрийн хүчин, тийм хонжоо хайгчид ч “хожсон” буюу монжсон.

Дээр дурдсан амжилт, хийсэн бүтээсэн зүйлсээс гадна бидэнд хийж чадаагүй, амжуулаагүй ажлууд бас үлдсэн. Тухайлбал, бид эдийн засгийн өсөлтийг эхлүүлж чадсан ч үр дүнг нь хүн бүрийн амьдралд мэдрэгдэхүйц байдлаар хэрэгжүүлж чадсангүй. Манай нийгмийн 29 хувь өөрөөр хэлбэл 10 хүн тутмын бараг 3 нь ядуу гэсэн тодотголтой байгаа нь хамгийн эмзэг асуудал юм. Үүнд цаг хугацааны бодит хүчин зүйл ч бий. Эдийн засгийн өсөлт бодитоор сүүлийн хоёр жилд л өндөр байсан. 2008, 2009 онд хямрал, зуд гэсэн эдийн засаг, байгалийн хүнд үеийг даван тууллаа. Ийм өсөлт дөрөв, таван жил үргэлжилж байж ажилгүйдэл, ядуурлын асуудал нааштай шийдэгдэнэ. Бусад орны жишгээс харахад ажилгүйдэл ядуурал дорвитой буурахад наанадаж арав, цаашилбал хорь, гучин жил шаардлагатай байжээ. Үүнийг бидний хөрш азийн орнуудын жишээн дээр ярьж, нотолж болно.

Томоохон төслүүд эхэлсэнтэй холбогдуулаад хүмүүсийн амьдрал өнөө маргаашгүй эрс сайжирна гэсэн хүлээлт олон нийтэд, ялангуяа дээр дурдсан ажилгүй, амьдрал нь хүнд нөхцөлтэй хүмүүсийн дунд бодитоор байсан. Судалгаанаас харахад хүн амын дийлэнх хэсэг “амьдрал дордож байна”, эсвэл “амьдрал сайжирахгүй байна” гэж хариулсан нь хүсэн хүлээж байсан тэр түвшинд хүрч амьдрал нь өөдлөхгүй байгаатай холбоотой. Төслүүдээс нааштай үр дүн гарч, хүн амын амьдралд мэдэгдэм өөрчлөлт авчирахад цаг хугацаа шаардлагатай.

Бэлэн мөнгөний амлалтуудыг хэрэгжүүлэх явцад үнийн өсөлтийн асуудал нийгмийн эмзэг бүлэгт хүндээр туссан. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ сонгуулийн үеэр хүртэл өссөн нь нийгэмд сөрөг уур амьсгал бий болголоо. Нийгмийн зарим хэсгийн хувьд үнийн өсөлтөөс шалтгаалаад бодит орлого нь өсөх биш бүр буурсан. Энэ асуудлыг нэн даруй шийдэх зоригтой алхамыг бид авч хэрэгжүүлж чадсангүйг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдийн засаг, нийгэм, сэтгэл зүйн ийм хөрс дэвсгэр дээр энэ удаагийн сонгууль болж өнгөрлөө.

 

Эрхэм журмын нөхөд өө,

Энэ сонгуульд манай нам олонх болж чадаагүйн цаана олон хүчин зүйл, шалтаг, шалтгаан бий. Өнгөрсөн сонгууль манай намын хувьд улс төр, нийгмийн гээд магадгүй өнгөрсөн 20 жилийн хамгийн хүнд нөхцөлд болж өнгөрлөө. Манай намын дэмжлэгээр төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж намыг даргалж байсан нөхөр нь хуучин нэрийг маань ашиглаж биднийг хагалган бутаргах ажиллагааг зохион байгууллаа. Түүнд нь бусад улс төрийн хүчин, байгууллага, хүмүүс дэмжлэг үзүүлж, эцэст нь манай намын нэрээр УИХ, Засгийн газарт томилогдож явсан эрхэмүүд сонгуулийн ашиг хонжоо хайн оролцлоо. Үүний зэрэгцээ сонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намын орон нутгийн удирдлагууд, албан тушаалтан, нэр дэвшигчдийг хорьж, дарамталж биднийг бүхэлд нь буруутгах гэж оролдлого явагдлаа. Магадгүй манай нам түүхэндээ анх удаа ийм увайгүй нөхцөл байдал дунд сонгуульд оролцлоо. Цаашдаа ийм нөхцөл байдлыг давтагдуулахгүйн тулд Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон Монгол Ардын Нам цуцалтгүй ажиллах нь нийгмийн захиалга гэж үзнэ.

УИХ-ын энэ удаагийн сонгууль шинэ хууль эрх зүйн орчинд болж өнгөрлөө. Шинэ орчин нөхцөлдөө бид зарим талаараа дасан зохицож чадсангүй гэсэн шүүмжлэл их байна. Бид олонхи болж чадаагүйнхээ бурууг хууль эрх зүйн орчноос биш өөрсдийн бодлого, үйл ажиллагаанаас хайх ёстой. Цаашид сонгуулийн энэ тогтолцоог сайжруулахын төлөө Та бид санаачилга гаргах учиртай.

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль зэрэг болж өнгөрлөө. Манай нам хөдөө орон нутагт 34 суудлаас 18 суудлыг нь авч ялалт байгуулсан. Үлдсэн 16 суудлаас гол өрсөлдөгч АН 11 суудал авч бусад нам, бие даагчид 5 суудал авлаа. Намын листээр жагссан 28 нэр дэвшигчээс манай 9 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болсон бол АН-ын 10 нэр дэвшигч УИХ-ын гишүүн болсон.  Харин Улаанбаатар хотод 14 суудлаас маргаантай байгаа 2 суудлыг эс тооцвол үндсэндээ бүгдийг нь алдлаа. Ялсан, унасан нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн тактик, стратегийн хувьд ялгаатай байсан нь мэдээж хэрэг. Гэхдээ Улаанбаатарын хувьд сүүлийн хэдэн УИХ-ын сонгуульд авч байсан суудлын тоо тогтмол багасч, нийслэлийн иргэдийн хувьд манай нам, намын нэр дэвшигчдийг дэмжих хандлага буурсан нь тодорхой харагдлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд ч ийм л дүр зураг байсан. УИХ, орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг явуулахаар 2008 оноос өмнө шийдсэн нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Гэхдээ үүний цаана  яагаад нийслэлийн иргэдээс манай намд өгөх санал жилээс жилд буурч ирсэн гэдэг том асуултын хариу тодорхойгүй үлдэх ёсгүй. Цаашид УИХ, Ерөнхийлөгч, улмаар орон нутгийн сонгуульд амжилттай оролцох үндсэн нөхцөл нь нийслэлийн иргэдийн итгэлийг буцааж олж авах явдал гэж дүгнэж байна.

Мөн манай намыг цөөнх болоход бидний хуучин нэр болох МАХН гэсэн нэрийг хэсэг нөхөд шударга бусаар ашигласан нь ихээхэн нөлөөлөл үзүүллээ. Сонгууль эхлэхэд ч, сонгуулийн үед ч ард иргэд МАХН, МАН гэсэн хоёр нэрийг хольж солих хандлага түгээмэл байлаа. Өөрөөр хэлбэл бид Монгол Ардын Нам гэсэн уугуул нэрээ хоногшуулах, ойлгуулах талаар бүрэн дүүрэн ажиллаж чадсангүй.

Бидний хоёр жилийн өмнө 26-р Их хурлаараа уугуул нэрээ сэргээсэн шийдвэр урт хугацааны эрх ашиг, үнэт зүйлээ бодвол зөв байсан гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна. Цаашид 90 жилийн баялаг түүх, бахархам амжилттай, энэ улсыг улс шиг улс болгосон нь  Монгол Ардын Нам гэдгийг ард түмэндээ ойлгуулан таниулах ажлаа үргэлжлүүлэн сайн хийхийг нөхцөл байдал харуулж бас санууллаа.

Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог бол санал тоолох машиныг хэрэглэсэн явдал юм. Сонгуулийг маргаан будилаангүй, шуурхай болгохын тулд л үүнийг дэмжсэн. Гэтэл УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрөөд бараг сар болж байхад маргаан нь дуусаагүй байна. Ялалт байгуулсан ч тангарагаа өргөөгүй гишүүд, журмын нөхөд бидний дунд байна. Тиймээс энэ асуудлаар санаачилгатай ажиллаж юуны өмнө Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг баталгаажуулах ёстой. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт явуулах дахин санал хураалтыг шударга, зөрчилгүй явуулахыг шаардсаар байх болно. Архангай, Баянхонгор, Хэнтий, Орхон аймаг, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд хяналтын тооллого хийлгэх ёстой. Ер нь санал тоолох машинтай холбоотой эргэлзээг тайлж, нэг мөр болгох хэрэгтэй. Энэ талаар шинээр байгуулагдах УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг гаргаж цаашид тодорхой арга хэмжээ авах ёстой.

Мөн намын зохион байгуулалт, нэр дэвшүүлэлт, сонгуулийн үеийн арга тактик, сурталчилгаа зэрэг олон хүчин зүйл нь сонгуулийн үр дүнд зарим нөлөөлөл үзүүлснийг намын даргын хувьд, сонгуулийн штабын хувьд бүрэн хүлээх ёстой гэж үзэж байна. Эдгээрт алдаа дутагдал байсныг дараа дараагийн сонгуулиас өмнө дүгнэлт хийж давтахгүй байх ёстой.

Эцэст нь улс төрийн нэг чухал дүгнэлтийг хийж, аль аль талдаа ойлгож авах ёстой гэж үзэж байна. Энэ сонгуулийн дүнг харахад хоёр том намын аль аль нь ялагдлаа. Ард түмэн засаг барьсан аль ч намд олонхийн суудал өгсөнгүй. Өнгөрсөн хорин жилийн туршид аль нэг нь дангаараа засаг байгуулах эрхээ авч байсан бол одоо аль аль нь энэ эрхээ алдлаа. Улсын хэмжээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хоёрын төлөө өгсөн сонгогчдын санал 3 хувийн л зөрүүтэй байна.  Тиймээс намуудын рейтинг ойролцоо байсан нь өнгөрсөн сонгуулийн дүнгээс харагдлаа. Цаашид орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд дээрх бүх зүйлд зарчмын дүгнэлт хийх хэрэгтэй.

Сонгуульд оролцсон нөхцөл байдлыг бүх талаас дүгнэн цэгнэж, бодитой дүгнэлт хийж, цаашдын шинэчлэлийн бодлогыг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхийг Та бүхнээсээ хүсье.

 

Журмын эрхэм нөхөд өө,

Манай нам энэ сонгуулиар УИХ, НИТХ-д олонх болж чадаагүйн хариуцлагыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлтэйгээ хамт хүлээж дүрмийнхээ дагуу бүгд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа мэдэгдэж байна. Энэ бол хариуцлагаа хүлээж, улс төрийн соёлыг намдаа бэхжүүлж байгаагийн нэг илрэл юм. Та бүхний болон намынхаа нийт гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг биелүүлж чадаагүйдээ намын дарга, удирдах зөвлөлийнхөө өмнөөс гүнээ хүлцэл өчье. Гэвч манай нам олонхи байж байгаад цөөнхи болсон ч хариуцлага тооцолгүй өнгөрч байсан түүх бий. 72 суудалтай байсан манай нам 2004 онд 37 суудалтай болтлоо ялагдал хүлээж байлаа. Гэвч үүнд улс төрийн дүгнэлт хийж, хариуцлага тооцож байгаагүй. Тухайн үед хариуцлага тооцсон бол бид илүү сурамж авах байлаа. Цаашид сонгуульд ялагдал хүлээсэн л бол хариуцлага хүлээдэг шинэ соёлыг энэ үеийн удирдлага нэвтрүүлэх эхлэлийг тавьж байна. Бид шуурхай, зарчимтайгаар ажлаа өгч, шинэ удирдлага, журмын нөхөд, намаа дэмжиж ажилласаар байх болно.

Би Монгол Ардын Нам гэсэн энэхүү агуу намын даргын нэр хүндтэй бас хариуцлагатай ажлыг аваад 2 жил 3 сар ажиллаа. Энэ хугацаанд Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээж авлаа. Намдаа шинэчлэлт, өөрчлөлтийг гүнзгийрүүллээ.  Нийгмийн ардчиллын үзэл санааг тунхаглан хэрэгжүүллээ. Намын дэргэд олон байнгын хороодыг ажиллуулж, ард түмнээ сонсох аянуудыг явуулж, ард түмний санаа бодлыг сонсох индэртэй болж, намын байраа шинээр барьж, түүхт ойгоо тэмдэглэж, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийнхаа хөшөөг хүрэлдэж, архив бүрдүүлж, ном бүтээл олныг гаргуулсан гээд хийж хэрэгжүүлсэн зүйлүүд их байлаа. Амжилт, ололт бүхнээ Бага хурлын гишүүд, намын нөхөд Та бүгдийн минь дэмжлэг, хамтын хөдөлмөрийн үр дүн гэж ойлгоно. Харамсалтай нь хамгийн гол тоглолтдоо хожил авч чадсангүй.

Намайг дэмжиж хамтран ажилласан Намын Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ дахь намын бүлэг, намын дэргэдэх төрийн бус байгууллага, байнгын хороод намынхаа нийт гишүүд дэмжигчиддээ гүн талархал илэрхийлье.

Цаашид намынхаа шинэчлэлийг гүнзгийрүүлж, ахмадуудын илүү дэмжлэг туслалцаа, залуучуудын идэвхитэй оролцоо, иргэний нийгмийн түншлэлд тулгуурлах ёстой. Үүний зэрэгцээ жендерийн асуудалд анхаарч бүх шатны намын удирдлагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиас доошгүй түвшинд байлгана гэсэн дүрмийн заалтыг хэрэгжүүлж ажиллахыг Бага хурлын гишүүд, журмын нөхөддөө уриалж байна.

 

Бага Хурлын эрхэм нөхөд өө,

Өнөөдөр Та бид, Монгол Ардын Нам түүхийнхээ бас нэгэн том сорилтын өмнө ирээд байна. Манай нам өнгөрсөн 90 гаруй жилийнхээ түүхэнд ийм сорилт бэрхшээлтэй цөөнгүй тулгарч, амжилттай даван туулж ирсэн туршлагатай билээ. Бид энэ удаагийнхаа сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулахаас манай намын, улс орны минь ирээдүй ихээхэн шалтгаалах болно. Тиймээс хариуцлагатай эгзэгтэй үеийнхээ тулгамдсан асуудлуудыг зөвөөр үнэлж дүгнэнэ гэдэгт итгэж байна. Бас ухаалаг, холыг бодсон, алсын хараатай шийдвэрүүдийг гаргана гэдэгт итгэж байна. Бид ямагт дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байх ёстой.

Монгол Ардын Нам улам бүр шинэчлэгдэн хөгжих болтугай.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Тусгаат тогтнолын ордон. 2012 оны 7 дугаар сар 24


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.