“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн “зөвлөх”-үүд асуудал үүсгэлээ

Тавантолгойн ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани нь зөвлөхөөрөө сонгоод байсан Германы “Дойче” банктай холбоотой дуулиан шуугиан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Уг банк нь Өмнөд Солонгост хууль бус үйл ажиллагаа явуулсан, тус банкны удирдлагуудын ёс зүйтэй холбоотой асуудал ч сөхөгдөөд байгаа юм байна.
Мөн “Goldman Sachs” банкны захирал байсан Ражат Гупта гэдэг эрхэм өөрийн албан тушаалаа ашиглан нууц мэдээллийг бусдад зарсан хэргээр шийтгүүлж, торгууль хүлээж байгаа тухай АНУ-ын Хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комиссоос зарлажээ. Гурван жил гаран удирдах албан тушаалт ажилласан тэрээр Галлеон группын үндэслэгч Ража Ражатнам гэдэг хүнд Уоррен Баффетийн 2008 онд “Голдмэн Сакс”-т оруулсан таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг зарсан хэргээр шалгагдаж байгаа аж. Мөн АНУ-ын Хөрөнгийн биржийн аюулгүй байдлын комиссоос 2007 онд Procter & Gamble компанийн болон “Голдмэн Сакс”-ийн ашиг орлогын талаарх нууц мэдээллийг ч бас ноён Ражатнамд өгсөн хэмээн Ражат Гуптаг буруутгаж байгаа талаар ч мэдээллэсэн байна.
Гэтэл дэлхийн хэмжээнд яригдах болсон манай Тавантологойн ордын хувьцааны хувь заяаг шийдэх, зөвлөхөөр ажиллах гэж байгаа банкны удирдлагуудын ёс зүйгүй үйл ажиллагаа дэлхий нийтэд цацагдсаар байна.  Иймд Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллах банкуудыг шалгаруулан сонгож байгаа үйл явц өндөр шалгууртай, ил тод, талуудын санал, байр суурьд үндэслэгдэх ёстой болж байна. Харин өнөөдрийн байдлаар асуудал үүсгээд байгаа “Голдмэн Сакс” банкийг чухам ямар үндэслэл, ямар шалгуураар сонгосон нь тодорхой бус байна.


URL:

Сэтгэгдэл бичих