Сири химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэв

Сирид Башар аль-Ассадын дэглэмийг халах зорилгоор эхэлсэн иргэний дайнд олон тооны  хүн амь үрэгдээд байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт цэргийнхэн босогчидтой маш хүнд тулаан явуулж, Дамаск хотын ихэнхи хэсгийг дахин хяналтдаа авсан байна. Сирийн хоёр дахь томоохон хот Халебт босогчид болон цэргийнхний хооронд одоо болтол ширүүн тулаан болж байгаа бөгөөд өчигдөр Сири даяар гарсан тулаанд 54 хүн нас барсны 24 нь энгийн иргэд байжээ.

Өчигдөр Дамаск хотод болсон хэвлэлийн бага хуралд Сирийн гадаад хэргийн сайдын төлөөлөгч Жихад Макдисси “Сирид химийн зэвсэг байгаа. Гэхдээ үүнийг өөрсдийн иргэдийн эсрэг ашиглахгүй. Харин гадныхан бидэн рүү дайрвал ашиглана. Бидэнд урьд нь хэзээ ч хэрэглэж байгаагүй хэмжээний химийн зэвсгийн нөөц бий. Гадныхан бидэн рүү дайрсан тохиолдолд бид үүнийг хэрхэн ашиглахаа шийднэ” гэжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Ассадын дэглэмийг эсэргүүцсэн бослогыг нугачин дарахын тулд химийн зэвсэг хэрэглэх вий гэх олон улсын түгшүүрийг нэмэгдүүлсэн байна. Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Башар аль-Ассадад “Өөрийг нь эсэргүүцсэн иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэх нь аймшигтай алдаа” хэмээн анхааруулжээ. Мөн тэрбээр “Түүний юу хийхийг дэлхий дахин харж байгаа. Хэрвээ тэр химийн зэвсэг хэрэглэвэл бид түүнийг түлхэн унагаах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мөн энэ мэдэгдлийн дараа “Химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг үнэхээр буруушаам үйлдэл. Бүхий л улсууд олноор устгах химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа” хэмээн онцолжээ.

Б.АНХТУЯА

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих