З.Энхболд Ардын намынхантай уулзахаас татгалзав

Өнгөрсөн бямба гаригт болсон АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийн үр дүнг ҮЗХ-ны гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.
Иймээс АН-ынхан өчигдөр 11.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулахаар тов зарлав. Гэвч 11.00 цаг өнгөрч байхад хэн ч чуулганы танхимд хүрэлцэн ирсэнгүй. Харин танхимын гадуур Ардчилсан намынхны удирдлагуудаас бусад нь энэ тэнд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч “Монгол Ардын Намынхан чуулганы хуралдаандаа суухгүй, төрийн ажил цалгардууллаа” хэмээн тайлбарлаж байв.
Түүнчлэн бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд удирдлагууд нь өдөржингөө хуралдаж, үдээс хойш чуулганы танхимд Монгол Ардын Намынхныг хүлээлээ.
Ингэх зуур “Хэвлэлийнхэнд яриа өгөөгүй хүмүүс нь гарч яриа өгөөрэй” гэж З.Энхболд намын нөхдөө уриалав. Энэ нь цаагуураа намайг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд саад болж буй Ардын намынхныг сайн гэгч муулаад өг гэсэнтэй ялгарахгүй сонсогдоно.
Уг нь Ардын Намынхан ямар учраас хуралдаандаа суухгүй байгаагаа товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөн билээ. Гэтэл Ардчилсан намынхан дөргүй бух шиг хүчээр чуулганы хуралдааныг хуралдуулна гэж зүтгэсээр өдрийг өнгөрөөлөө. Ингээд чуулганы танхимд Монгол Ардын Намынхан орж ирээгүй учраас УИХ-ын чуулганыг үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшлуулсан юм. 15.00 цагт Ардчилсан намынхан ч хуралдааны танхимдаа ирсэнгүй.
Энэ үеэр Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан болохоор зарлагдсан байлаа. Мөн энэ зуур Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, З.Энхболд нар чуулганы танхимд хэдэнтээ орж гарч мэдээлэл авах гэсэн сэтгүүлчдийг хуйлруулаад орхив. Тэд ямар ч байсан УИХын чуулган эхэлнэ гэдгээс өөр зүйл хэлэхийг хүссэнгүй.
Гэхдээ чуулганы хуралдаан эхлэх нь тодорхойгүй хэвээр байсан юм. Түүнчлэн чуулганы танхимд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “18.30 цаг хүртэл та нарыг хүлээнэ. Хэрвээ чуулганы хуралдаандаа оролцохгүй гэвэл Ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу чуулганыг хуралдууллаа” гэж сэтгүүлчдийн өмнө томроод авсан. Энэ үеэр Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Н.Энхболд, Су.Батболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Намын зүгээс УИХ-ын даргад нэрийг нь дэвшүүлээд байгаа УИХ-ын гишүүн З.Энхболдыг албан ёсоор уриад, өөрийнх нь байр суурь болоод зарим зүйлийг асууж тодруулах шаардлагатай хэмээн үзжээ. Тэдний үзэж буйгаар УИХ-ын дарга бол хууль тогтоох дээд байгууллагын удирдлага.
Тиймээс энэ хүний байр сууринаас ихээхэн зүйл хамааралтай учир асуудалд нухацтай харилцан ярилцахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Харин үүний хариуд З.Энхболд “Бүлэг бүрэлдээгүй байгаа учраас уулзах нь зохимжгүй” гэсэн хариу өгчээ. Харин Ардын намын бүлэг УИХ-ын чуулганы хуралдааныг удаашруулаад, хойшлуулаад байх шаардлага алга, тиймээс З.Энхболд гишүүнийг дахин уриад ярилцъя гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Ардын нам УИХ-ын даргын асуудлыг удаашруулаад байх бодолгүй, гагцхүү зөвшилцөх учиртай гэдгийг л учирлав. Монгол Ардын Намынхан өнөөдөр намынхаа Бага хурлыг хуралдуулсны дараа УИХ-ын анхдугаар чуулганы асуудлыг нухацтай ярих аж.
УИХ-ын анхдугаар чуулганыг өчигдөр 11.00, 15.00, 18.30, 19.00 цагаас дөрвөн удаа зарласан ч бүтэлгүйтлээ. Өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нарыг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтын үр дүнд өнөөдөр өглөөний 10 цагт чуулганыг хуралдуулах мэдээлэл тархав.

Д.МЯГМАРСҮРЭН

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих