Хүнд даацын машинууд ноцтой осол гаргасаар л

Хамгийн сүүлд гарсан жишээнээс дурьдаж, хүнд даацын машин хэр ноцтой осол гаргаж буйг нотлох гээд оролдоод үзье. Өнгөрсөн долоо хоногт шатахуун ачсан хүн даацын машин Зурагтаас Гандан руу урууддаг замд осол гаргаж, жижиг, дунд оврын долоон машиныг мөргөсөн ноцтой осол гаргасан. Тэр осолд нийтийн тээврийн микро автобус өртөж, гурван настай бяцхан хүүхдээс авахуулаад хэд хэдэн хүн бэртсэн. Азаар хүний амь эрсдээгүй. Осол орой 20:00 цагийн үед гарсан. Эд хөдөлгөөний ачааллын үед хүнд даацын машин тухайн замаар явж таарсан. Хүнд даацын машины жолоочийн хэлж буйгаар тормоз нь гацсанаас болж зогсоож чадаагүй юм билээ. Нэг сайхан мэдээ нь машин онхолдож, шатахуун асгараагүй гэж байгаа. Албаныхан бол шатахуун асгараагүй нь аз гэж яриад байгаа болохоос биш хүнд даацын машин ноцтой осол гаргасан талаас нь харахгүй байна. Дахиад өөр нэг жишээ дурдъя.

Наадмын дөнгөж өмнөхөн “ТЭЦ-III”-ын ойролцоо явж байсан хүнд даацын авто машины ачаа унасан ноцтой осол гарсан. Тухайн үед машин 40 тоннын чингэлэг дотор дүүрэн газ ачиж явсан юм билээ. Гэтэл гэнэт чингэлэг нь унаж, хажуугаар явж байсан Prius-20 маркийн машин дээр унаж, жолооч нь нас барж, хоёр эмэгтэй хүнд бэртсэн. Осол мөн л 20-21 цагийн орчимд гарсан байна. Замын ачаалал ч бага байгаагүй. Тухайн үедээ телевизээр хальт гарсан болоод өнгөрсөн.

Албаныхан мөн л осолд нэг их анхаарал хандуулаагүй. Харин 40 тонны чингэлэг дотор байсан газ дэлбэрээгүй нь маш том аз гэсэн талаас нь тайлбарласан. Хэрвээ тэр олон газ ямар нэг байдлаар дэлбэрсэн бол онц аюултай осол болох байсан нь тодорхой. Дахиад нэг ноцтой жишээ байна. Одоогоос жил гаруйн өмнө Баянхошуунд хүнд даацын машин ноцтой осол гаргаж байсан. Тухайн үед машины тормоз эвдэрснээс болж явган зорчигч дайрч, цаашлаад хэд хэдэн машин мөргөж байлаа. Энэ мэтээр зөвхөн хотод гарсан ослын зах зухаас дурьдаад байвал дуусахгүй.

Уг нь манай улс Улаанбаатар хотын замаар хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тонн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тонн, дөрвөн тэнхлэгтэй бол 38 тонн , таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 40 тонн, зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тонн байвал хотын замаар зорчуулна гэсэн дүрэм журамтай. Угаасаа энэ бол дэлхий нийтэд мөрдөж байгаа нийтлэг стандарт гэхэд болно. За яах вэ, зарим өндөр хөгжилтэй, засмал зам сайн барьдаг улс оронд үүнээс илүү даацтай машин хотын төвөөрөө зорчуулдаг ч байж болох. Ямар ч байсан манай улс ийм стандартыг мөрдөж байгаа юм. Гэтэл өнөөдөр стандарт мөрдөж, дүрэм журам дагаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн гэж алга болж. Зургаан тэнхлэгтэй, 40 тоннын даацтай машин бол зөвхөн уурхайдаа явах ёстой байтал нийслэлийн төвөөр дураараа давхиж явах тохиолдол гарч л байна. Хан-Уулд гарсан ноцтой ослын жишээг аваад үзье. Тэр том машины өөрийнх нь жин багадаа л 20 тонн. Тэгээд дээрээ 40 тонны чингэлэг ачаад явж байна гээд бод доо. Гэхдээ чингэлэг дотроо дүүрэн ачаатай гэж байгаа. Нөгөө хамгийн ихдээ 44 тоннын даацтай автомашин явуулах дүрмийг чинь уландаа гишгэж байгаа биз дээ. Тэгээд хөдөлгөөний эд ачааллын үед хотын замаар явж байгаад хүний амь авч одсон ноцтой осол гаргаж байгаа байхгүй юу. Өнөөдөр хүнд даацын автомашин хотын замаар дур мэдэн явснаас үүдэн гарч байгаа хохирлын хэмжээг тооцох юм бол манай улсын хэдэн жилийн төсөвтэй тэнцэхийг чөтгөр бүү мэд. Жил болгон засч байгаа замын засвар. Эвдэрсэн замаас болж гарч байгаа осол, аваар. Амь насаа алдсан хүний тоо гээд дурьдаад байвал дуусахгүй.

Энэ бүхний цаана барилга, уул уурхайн хэдэн компанийн захирлуудын эрх ашиг л байгаа шүү дээ. Өөр юу ч байхгүй. Стандартад нийцсэн машин оруулж ирээд, хотын төвөөр тээвэр хийхээр олон дахин явж, олох ашиг буурна гэж үзсэнээс тэр. 3ил-130 машинаар 4-5 удаа явах ачааг Хятадын “Норд бенц” компанийн үйлдвэрлэж байгаа 25-30 хүртэлх тоннын даацтай машинаар ганцхан удаа явна. Хэчнээн их цаг хугацаа, шатахуун хэмнэх нь тодорхой. Гэхдээ үүний цаана улсын болон нийтийн эрх ашиг гэж байгаа. Тэр том эрх ашгийн дээрээс хэдхэн хүн “нулимж” байна. Уг нь стандартад нийцээгүй автомашинуудад ердийн дугаар олгохгүй байвал асуудлыг бага ч болов шийдэж болох учиртай. Гэтэл Авто тээврийн газраас ердийн номерыг хүнд даацын автомашинуудад олгосоор л байгаа тухай албаныхан хэлдэг. Ердийн дугаар авчихсан юм чинь том оврын автомашинууд хотын төвөөр зорчихгүй гээд яах вэ дээ. Энэ бүхний цаана нөгөө л авилга, хээл хахууль нуугдаж байгаа гээд хэлчихэд буруудахгүй л болов уу. Нөгөө талаар Замын цагдаа нар ч гэсэн ажлаа тийм ч сайн хийхгүй байна. Уг нь хүнд даацын машин явж байвал зогсоогоод, арга хэмжээг нь аваад, жолоочийнх нь эрх энэ тэрийг хураах ёстой. Цаашлаад компанийнх нь захиралтай тулж харьцаж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллавал зүгээр сэн. Гэтэл замын цагдаа нар торгуулийн мөнгө гэж хэдэн төгрөг авчихаад, нүдээ аниад явуулж байгаа тохиолдол хаа сайгүй гарч байгаа нь хүнд даацын машинууд хотын төвөөр холхиж байгаагийн нэг шалтгаан болж байгаа.

Хий дэмий хардаж ингэж бичсэнгүй. Сайн найз маань өрөмдлөгийн компанид ажилладаг юм. Тэднийх хавраас эхлээд хөдөө байрлаж байгаа бааз руугаа хоол хүнс, сэлбэг хэрэгсэл аваачихын тулд хотоос хүнд даацын машинаар зөөдөг юм билээ. Бас л цаг хугацаа, шатахуун хэмнэж, зардлаа багасгахын тулд хүнд даацын машинаар зөөж байгаа хэрэг. Хамгийн гол нь хотын төвөөр явж, тээврийн товчоогоор нэвтрэх хүртлээ замд тааралддаг бүх замын цагдаад 40-50, цаашлаад 100 мянган төгрөгийн хахууль өгдөг гэж байна. Үнэндээ 4-5 машинаар ачаа зөөж үрэх хөрөнгөнийхөө багахан хэсгээр хэдэн цагдаа хахуульдахад л ажлаа төвөггүй бүтээдэг тухайгаа хуучилна билээ. Үүнд замын цагдаа нарыг буруутгаад байх нь бас л өрөөсгөл ойлголт. Үнэндээ замын цагдаа нар нийслэлийн бүх замыг өдөр шөнөгүй харгалзаж, шалгана гэдэг хэцүү.

Тийм боломж, хүн хүч ч байхгүй. Тэгээд ч цагдаагийн цалин бага учраас ганц удаадаа 100 мянган төгрөг аваад нэг машин явуулчихад яах вэ дээ гэж бодох хүн байлгүй л яах вэ. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүдийн захирлуудтай хариуцлага тооцдог системийг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ стандартыг мөрдөхгүй бол ажлаа хийгээд явж байгаа ядарсан жолоочид биш ахиу ашиг олох гэж хомхойтож, нийтийн эрх ашгийн дээрээс “дэвсэлж”, улсын эд хөрөнгийг барж байгаа задарсан баян захирлуудад хариуцлага тооцож, өндөр торгууль тавьдаг л байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дээр дурьдсан жишээ өдөр, cap, жил ирэх тусам нэмэгдэж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж барьсан зам нь эвдэрсэн хэвээрээ л байх нь. Магадгүй шатахуун ачиж явсан хүнд даацын машин осол гаргалаа биш онхолдож дэлбэрлээ гэсэн аймшигт мэдээ дуулдахыг ч үгүйсгэх газар алга байна. Алийн болгон төрийн байгууллагууд хээл хахуульд идэгдэж, нэг муу компанийн захирлын эрх ашиг дийлж байх ёстой юм бэ.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих