Биднийг америкийн индиан, австралийн аброгенүүдийн адил тавилан хүлээж байна

Монгол оронд ямар ч хяналт алга. Олигархи бүлэглэлийн нөлөөнд орсон, хязгааргүй эрхтэй мөртлөө, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй парламент бүхий анархист гаж тогтолцоо бүрэлдэн тогтсоныг Ерөнхийлөгч хийгээд УИХ-ын цөөнгүй гишүүн тэр ч бүү хэл ард түмэн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч, хэлбэрийн төдий, хоосон ардчиллын цаг үед амьдарч байгааг батлан өгүүлж байна.
Энэхүү гаж тогтолцоо нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэх гурван засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалтад гарсан ноцтой гажуудалтай шууд холбоотой. Эл гажуудал нь ялангуяа нийгмийн бүтцийг эвдэн нутгийн өөрөө удирдах бүтцийг сүйрүүлж, улмаар орон нутгийг эзгүйрүүлэх, ард иргэдийг уламжлал болсон олон мянган жилийн түүхтэй мал аж ахуйгаас нь хөндийрүүлж, нэг хотод төвлөрүүлэн хуаранчлах, ажилгүйдүүлэх үйл явцыг аюулын түвшинд хүргэлээ. Төрийн байгууллагын хувьд хүрэлцээтэй санхүүжилт хийхгүй, ажилтнуудыг /ялангуяа цагдаа, багш, эмч зэрэг/ хангалттай цалинжуулахгүйгээр сульдаан хүчгүйдүүлэх харалган бодлогоор илрэн хэрэгжиж байна.
Ийм тогтолцоо нь улс орныг ямар ч хамгаалалтгүйгээр эдийн засгийн даяарчлалын золиос болгох таагүй орчныг бий болгодог ба манайд энэ нь илт мэдрэгдэж, хэрээс хэтэрлээ. Энэхүү байдлыг нэн даруй өөрчлөхгүй бол монголчуудыг Африкийн зарим орны адил тоглоомын Засгийн газар бүхий тогтолцоо, Америкийн индианчууд, Австралийн аброгенүүдийн адил хувь заяа хүлээж байна.
Үүнийг эрүүл ухаантай монгол хүн бүр хүсэхгүй нь мэдээж. Харин “Монголчуудыг ажилгүйдүүлэн туйлдуулж, “Эх орны хишиг” гэсэн сайхан нэр зүүлгэн бага хэмжээний бэлэн мөнгө тарааж, буян болж байгаа мэтээр хуурч, гадны бодлогыг Монголд хэрэгжүүлэхээр махран зүтгэж байгаа нөхөд ч бас байгаа.
Иймд үүнийг таслан зогсоож, тогтолцооны гажгийг засах олон арга зам байгааг бүх нийтээрээ хэлэлцэн шийдвэрлэх цаг болсон төдийгүй энэ хугацаа өнгөрөх гээд байна. Иймд:
-УИХ өөрөө санаачлан Үндсэн хуульд 1999 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгож, Засаглалыг хуваарилах онолын хүрээнд УИХ-ыг хянах эрх мэдлийг Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагад тэнцэтгэн хуваарилах, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхыг хориглох замаар реформ хийх.
-Эс бөгөөс Ерөнхийлөгчийн засаглал тогтоох замаар засаглалын эрх мэдлийг тэнцвэржүүлэх оролдлого хийх. Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг нь УИХ байхгүй болно гэсэн үг биш. Харин УИХ-ын зарим эрх мэдлийг Ерөнхийлөгчид шилжүүлж, улмаар засаглалын эрх мэдэл тэнцвэржих юм. Энэ нь ардчилсан тогтолцооны бас нэг хэлбэр болохоос нэг хүнд эрх мэдэл төвлөрнө гэсэн үг биш.
-Сонгуулийн замаар, эх оронч хүчний холбоо ч гэх юм уу, аль нэг эрүүл бодлоготой гуравдагч хүчин сонгуульд ялалт байгуулж, хүн төвтэй, бодитой хяналт бүхий ардчилсан тогтолцоог бүрдүүлэх /өөр олон хувилбар байгаа нь мэдээж/ гэх мэтээр.

Нийгэмд өөрчлөлт хийх нь тулгамдсан асуудал болоод байна

Яагаад ийм өөрчлөлт хийх ёстой гэж. Яагаад гэвэл бид нэгэнт гаж тогтолцооныхоо золиос болж байгаа. Цаашид баян, хоосон гэлтгүй хотлоороо даяарчлал нэртэй эдийн засгийн шинэ колончлолын золиос болохоор байна.

Үүнийг зарим жишээн дээр авч үзье.
Монгол төрийн эрх барих хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл бүхий УИХ, Засгийн газраас гарах шийдвэрийн хувь заяаг 20 орчим хүн шийддэг тухай УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ярьсныг Монголын ард түмэн бүгд сонссон. Энэ нь ч ортой. Түүгээр  барахгүй бодит үнэн гэдэг нь олон зүйл дээр ажиглагдаж, мэдрэгдсээр байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээ байгуулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж, гаргасан тогтоолыг нь Засгийн газар бүрэн хэрэгжүүлэхийн оронд зөвхөн “Айвенхоу майнз” компанийн эрх ашигт нийцүүлэн хууль санаачилж УИХ-д өргөн барьж, Хуулиуддаа өөрчлөлт оруулсан байдаг. Одоо энэ гэрээ нь луйвар болохыг УИХ-ын гишүүд нотолж эхэлж байгаа тул холбогдох албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох, гэрээг эргэн харах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Гэхдээ үүнийг тэд хийхгүй.
Мөн УИХ-аас батлан гаргаж байгаа хуулиуд нийгмийн харилцааг зөв зохицуулахаасаа илүүтэйгээр гадаадын зарим улс орны сонирхогч этгээдийн захиалга, зааварчилга, ашиг сонирхол бүхий хэсэг бүлгийн захиалга, оролцоотойгоор батлагдаж байгаа нь улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, төрийн байгууллагуудын бие даасан хараат бус  байдал,  үндэсний үйлдвэрлэгчид, ард иргэ­дийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөнд шууд харшилж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн гажуудлын талаар бишгүйдээ ярьж Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж үзэцгээлээ.
УИХ нүдэн балай, чих нь дүлий байсаар л, уг хууль бус хуулийг бамбай болгон урдаа барьсан гадны шуналтнууд газар нутгийг маань цөлмөхөөрөө нэг болж, түүгээр ч барахгүй зарим нь онц аюултай арга хэрэглэж, олон мянган тонн цианит натри зэрэг химийн онц аюултай хороор хордуулж байна.
Тэд Монголын ард түмний өмчийг юу ч үлдээлгүй 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулах замаар цөлмөж байна. Манай зарим эрхтэн дархтан, эх орноо худалдагсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрээр Монголын хөрөнгийг гадагшаа эрчимтэйгээр экспортлох үйлст сохроор болон санаатайгаар хүчин зүтгэж байна.
Үнэндээ гадаадын хөрөнгө оруулалтын утга агуулга нь, Монголд оруулсан хөрөнгө, түүний ашиг нь монголчуудад ашигтай байхад оршино. Тэгвэл утга учиргүй хөрөнгө оруулалтын талаархи ганцхан жишээ авья:  “Бороо гоулд” ХХК гэхэд 42 тонн алт олборлож, шөнийн цагаар тусгай онгоцоор,  манай тусгайгийн цэрэг эрсээр хамгаалуулан ачаад дууссан. Гаальчид, тусгайгийнхан ч зөв харж инээж, буруу харж уйлсаар өөрийнх нь авдрыг ухсан луйварчдад үйлчилж байна.
Тэд алтыг авахаар барахгүй дээр нь нэмж байгалийг нь сүйтгэж, бүрэн бус тооцоогоор 1600 тонн цианит натри, 240 тн натрийн гидроксид, 12 тн антискалянт, 80 тн флокулянт, 3,0 тн идэвхжүүлсэн нүүрс, 3500 тн кальцийн гидроксид нийт 5235 тонн онцгой хортой ба аюултай химийн бодисыг Хятадаас импортлон та бидэнд “хөрөнгө” оруулжээ. Монголчууд ийм хөрөнгө оруулалт хүсээ гэж үү.
Дээрх тоо баримт нь зөвхөн
Байгаль орчны яамны 0000005 ба 0000128 тоот зөвшөөрөлд дурдсан тоо юм. Энэ хоёр зөвшөөрлийн дунд хэд хэдэн зөвшөөрөл байгааг та анзаарав уу. Тэгвэл “Бороо гоулд” ХХК Монголд 5235 тн онц аюултай хороор хөрөнгө оруулалт хийж, алт угаах үйлдвэр барихад оруулсан гэх хөрөнгөө хэдэн зуу дахин нугалж авсан байна. Тэд биднээс 42 тн алтыг зүгээр л авчихсан ба ачиж явсан нэг тонн алт бүрийн оронд 125 тн онцгой үйлчилгээтэй хор үлдээжээ.
Үүнээс гадна “….Дорнод аймагт химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-д 115 нэр төрлийн, 6,6 сая кг, Төмөртийн “Цайрт минерал” ХХК-д 106 нэр төрлийн олон арван мянган тонн, “Шан лун” ХХК зургаан нэр төрлийн химийн бодис оруулж ирж байна…” гэсэн албан ёсны тоо баримтыг та бид мэдэх бил үү?
Тэнд мөн л хордуулах үйл явц өрнөж байгаа ба эхнээсээ цагаан зээр маань нутаг хайх замд гарсан сурагтай. Монголд зөвхөн гурван компанид цианит натри оруулах зөвшөөрөл өгдөг ба нөгөө хоёр нь бага хэмжээтэй л хэрэглэдэг тул халхавч болж байна ч гэж үзэхээр…
Иймээс онцгой хор импортлохыг хориглох, холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаж шийдвэрлэх, Онцгой хортой бодисыг хориглох ёстой Байгаль орчны яам нь өөрөө зөвшөөрөл олгодог гаж тогтолцоог нэн даруй өөрчлөх шаардлагатай байна.
Түүнээс гадна, одоогийн байдлаар “Бороо гоулд” ХХК нь  “Сентерра Гоулд инк” гэх халхавчийн компани байгуулсан ба Монгол Улсын хуулийг зөрчин Жон Казакоф гэх нэг захиралтайгаар  Гачууртын голд буюу Монгол Улсын Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчин байгаль орчинд одоогийн байдлаар найман тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээд байгаа. Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж шийдвэрлэнэ гэх итгэл алга.
Тэд цианит натриар алтыг нуруулдан уусгах аргаар угааж, дахин та бидэнд олон арван мянган тонн хороор хөрөнгө оруулалт хийж авдрыг тань ухан авахаар бэлтгэж байгааг баттай эх сурвалж мэдээлж байна. Хууль зөрчсөн гэж иргэнээ хорьж чаддаг бид гадны ноёдыг хорьж, хазаарлаж чадах болов уу, Чадахгүй нь илт байна. Ийм учраас л өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй болоод байна.

Манайд хөрөнгө оруулалтын зөв бодлого байна уу

Гадаадын хөрөнгө оруулал­тын бодлого  утгаа алдсаны нэг жишээ бол гадны хөрөнгө оруулалт бүхий компаниудад нийгмийн бүтцийн бүхий л салбарт ажиллах эрхийг хавтгайруулан олгосноос Монголд хөрөнгө орох бус гарах хаалга нээгдсэн байна. Жишээлбэл, Солонгосоос жуул­чин ирээд өөрийн 100 ху­вийн хөрөнгө оруулалттай компанийхаа машинаар тосуулж, буудалд нь бууж, амралтанд нь амраад, өөрийнхөө онгоцоор буцаж байна. Тэдний зарим нь зүгээр ч үгүй Монгол охид хүүхнүүдийг бузарлаад, биеийнхээ аль боломжтой хэсэгт  алт “чих”-ээд явж байгаа. Тусгаар улсын бодлого хаана байна вэ.
Монголд бизнес эрхэлдэг 2500 орчим солонгос иргэн байдаг гэдэг ба Харилцаа холбооны зохицуулах хороо тэдэнд зориулж солонгос хэл дээр телевизийн суваг нээж өгсөн зэргээр улс дотор улс байгуулах үйл явц үргэлжилсээр. Гэтэл “боол”-ын хөдөлмөр хийж буй 30 мянга орчим монголд солонгосчууд суваг нээж өгөх нь байтугай, бизнес эрхлэх эрх ч өгөх нь ховор шүү дээ.
Сүүлийн үед манай төрийн албан тушаалтнууд төрийн байгууллагуудын дотор дэргэд гадны төсөл хэрэгжүүлэх, Төрийн байгууллагуудын барилгыг гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтаар бариулах боллоо. Энэ бол Монгол төрийн бодлогын нууцыг алдуулах, менежментийг сулруулах, хараат бус байдлыг алдагдуулах гэх мэт  маш ноцтой хор уршигтай.
Саяхны нэг жишээ, төрийн цагдааг халдашгүй байлгах, эрхийг нь хамгаалах үүрэг бүхий төрийн төлөөлөгчид гадныханд зодуулсан цагдаа нараа хамгаалахын оронд “Манайхан болчимгүйдсэн” ухааны юм ярьсан. Энэ нь улсын төсвөөр барих ёстой МХЕГ-ын барилгыг гадны зээл тусламжаар бариулсантай цаанаа нягт холбоотой. Энэ нь бусдын хараат болж байгаагийн нэг ноцтой жишээ. Цаашид “бэлэглэсэн”, ”барьж өгсөн” байшинд нь суугаа МХЕГ тэр улсын хөрөнгө оруулалттай, компаниуд нь Монгол Улсын хууль зөрчвөл шударгаар шалгаж, хариуцлага тооцож чадах уу.
Монголын ард түмний татварын мөнгийг төрийн байгууллагуудыг санхүүжүү­лэхэд зарцуулах ёстой. Санхүүжилт хүрэхгүй гэсэн ойлголт байхгүй, харин хүргэдэггүй юм аа гэхэд тухайн төрийн байгууллага нь гэрт ч, гадаа ч хамаагүй ажлаа явуулах учиртай. Гол нь бусдын хараат байх учиргүй. Энэ мэт харалган бодлого, гажуудлын  үр дүнд Монголын хүн амын 70 хувь нь ядуурч, газар нутгийн 80 хувь нь цөлжиж, лицензлэгдэж хордлоо. Энэ бүхэн төрд шургалсан Авлигачдын балаг. Үүнд гадныхныг буруутгахгүй, тэд өлөн чонотой адил, тэдэнтэй нийлсэн гэрийн нохдын гайгаар тэднээс өөрснийгөө хамгаалах чадваргүй болж байгаа нь бидний буруу.
Иймд бид нийгмийн бүхий л салбар нэгжийн хүрээнд бүтцийн томоохон өөрчлөлт хийж, засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгож, орон нутгийг бие даалган, эрх мэдлийг нь олгох замаар гадаадын хөрөнгө оруулалт нэртэй луйврыг хяналтад оруулах нь нэн чухал асуудлын нэг болоод байна.

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.