Баянхонгорын бага олимп их олимптой давхацна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олимпийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм. “Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж “Бээжин-2008” -аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байлаа. Тэгвэл энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондоны олимпийн сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.

Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, 9 багаас спортын 28 баг 756 тамирчин 9 төрлөөр гурван хоног өрсөлдөх юм байна. Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд 1, 2, 3 дугаар байрын эздийг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг мөн шалгаруулах юм байна.

Энэ жилийн олимпийг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж, 2008 оны уламжлал ёсоор говийн мазаалайг бэлгэ тэмдгээ болгохоор болжээ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих