Нэртэйгээр нь МАН “Өлсгөлөн зарлана” гээд мэдэгдчихгүй

Өчигдөр МАН-ынхан Бага хурлаа хийгээд завгүй байсан ч З.Энхболдыг эсэргүүцэж буйгаа хэлээд амжлаа. МАН-ын УИХ дахь бүлгийн даргад нэр дэвшээд байгаа Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар нар мэдэгдэл хийсэн. Тэд “МАН-тай зөвшилцөлгүй З.Энхболдыг нэрийг дэвшүүлсэн. Анхны чуулганыг ахмад гишүүнээр даргалуулаагүй. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэцээр шийднэ” хэмээсэн билээ.

УИХ-ын гишүүд тангараг өргөхөд оролцохгүй гэж мэдэгдсэн ч зарим гишүүдийн асуудал маргаантай байсан учраас нэр нь Ерөнхийлөгчид өргөн баригдсан дээр тангарагаа өргөхийг илүүд үзэж чуулганд ирцгээсэн. Харин анхны Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй тав хоног гацаасны эцэст Л.Цогоор даргалуулан З.Энхболдыг зургаа дахь спикерээр сонголоо.

Үнэндээ хоёр дахь ахмад настнаар даргалуулах хуулийн зохицуулалт байхгүй. Тэгээд ч анхны чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй ахмад гишүүн Д.Дэмбэрэл өнөөдөр өглөө 10:00 цагт чуулган хуралдуулна гэсэн захирамж гаргаад байсан. Гэтэл Засгаа байгуулахаар яарсан хүмүүс нэг хоног хүлээж чадсангүй. Тэдний тодроос Г.Уянга “МАН-ынхныг хүлээвэл яасан юм бэ” гэсэн санал гаргасан. Гэсэн хэдий ч 42 гишүүн чууганд оролцож 40 нь З.Энхболдод спикер болох виза өгсөн билээ. Тэдний энэ үйлдэл хууль зөрчсөн нь эргэлзээгүй үнэн.
Гэхдээ МАН хуулийг биелүүлэх гэсэндээ биш, засагт орж чадаагүй, сонгуульд ялагдсандаа шаралхаж улс төр хийж байгаа илт. “Бусад гэдэг чинь бүх гэсэн үг биш” гэдгийг олон хуульчид хэлсэн. Тэгээд ч тэдэнд завсарлага авах эрх байхгүй. Учир нь албан ёсны бүлэг байгуулж амжаагүй байгаа. Тэгээд ч тэд цөөнхи учраас ямар ч шийдвэр гаргаад нэмэргүй. АН-ынхан нэгэнт олонхио бүрдүүлчихээд буй.

Ийм явуургүй юмаар шалтаглаж чуулганд орж ирэхгүй намынхаа дотоод асуудлыг хэлэлцээд байсан улс төрчид төдийгүй ард түмэн эгдүүцэж анхны чуулганыг хууль бусаар хийхийг уухайлсан. Тэд уг нь өчигдөр чуулганд суучихаж болох л байсан. Гэтэл “Манай намын дотоод асуудал шийдэгдээгүй байна, бид эхлээд Бага хурлаа хийчихээд чуулганд орно” гэх нь тэр. Яагаад чуулганд оролцчихоод Бага хурлаа хийж болохгүй байсан гэж.

Тэдний дотоод асуудал үнэндээ Чуулганд оролцохгүй байх шалтгаан биш.
Ийнхүү намынхаа эрх ашгийг дээгүүр тавьж, ялихгүй зүйлээр шалтгалчихаад одоо З.Энхболдыг хүлээн зөвшөөрөхгүй, Цэцэд хандана гэж сууна. Энэ янзаарай ялихгүй юмаар шалтаглаад ажил хийлгэхгүй бололтой.

Нэртэйгээр нь өлсгөлөн зарлана гээд мэдэгдчихгүй. Санаанд нийцэхгүй бол өлсгөлөн зарладаг, зарлана гэж сүрдүүлдэг жишиг манайд тогтчихоод байна.
1996-2000 оны парламентад хоёр сарын хурал хаяж байсан түүхтэй намын Бага хурал халуухан болж буй сурагтай. Ямартай ч Ө.Энхтүвшин намын дарга болжээ. Харин генсекийн төлөөх тэмцэл С.Ботболд, У.Хүрэлсүх нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой гэсэн шаардлагатай тулгарсан сурагтай. Хурал өнөөдөр 12:00 цагаас үргэлжлэнэ.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.