С.Батболдыг улируулан ажиллуулах хүсэлт их байсан ч өөрөө татгалзаж, Ө.Энхтүвшин МАН-ын дарга боллоо

МАН-ын ээлжит бага хурал болж өндөрлөлөө.
Хурлын өмнөхөн тус намын дарга С.Батболд, Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар  сонгуульд ялалт байгуулж чадаагүй тул огцрох хүсэлтээ тус тус гаргаад байсан юм.
Гэсэн ч бага хурлын төлөөлөгчид У.Хүрэлсүхийг огцруулахыг санал нэгтэй дэмжсэн атлаа С.Батболдыг улируулан ажиллуулах нь зөв гэсэн байр суурь олонтаа илэрхийлж байв.
Харин С.Батболд намын гишүүдийнхээ уг саналд талархаж буйгаа илэрхийлсэн ч улс төрд  шинэ соёл, дэг тогтоох үүднээс намын даргаар цаашид ажиллах боломжгүй хэмээсэн юм.
Ингээд тус намын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Энхтүвшин 89% -ийн саналаар МАН-ын даргаар сонгогдлоо.Харин заалнаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Р.Раш 11%-ийн санал авсан байна.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин нь МУИС төгссөн, түүхч мэргэжилтэй нэгэн бөгөөд  “Ардын Эрх” сонины парламентын сурвалжлагч, тоймч,  “Үнэн” сонины эрхлэгч, Боловсрол, соёл, Шинжлэх Ухааны сайд, МАН дахь жигүүрийн ахлагчаар тус тус ажиллаж байжээ. МАН-ын бага хурал өнөөдөр 12.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм байна.

Ч.Явуу


URL:

Сэтгэгдэл бичих