Аль сувгаар ямар спортын тэмцээн үзэх вэ?

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны спортын XXX олимпийн наадам маргааш Будант Албьоны нийслэл Лондон хотноо нээлтээ хийх гэж байна. 12 дахь олимпийн наадамдаа оролцох гэж буй монголчууд спортын долоон төрөлд 29 тамирчнаа өрсөлдүүлнэ. Олимпийн түүхэнд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж буй Монголын тамирчдын тэмцээн маргааш байт харвааны төрөлд өрсөлдөх тамирчдаар буухиалах билээ. Тэгвэл энэ зуны олимпийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрт, улс орнууд өөрсдийн үндэсний олимпийн хороогоор дамжуулан ОУОХ-ноос олгосон зөвшөөрлийн дагуу шууд дамжуулан түгээх юм. Зөвхөн АНУ л гэхэд олимпийн наадмыг шууд дамжуулах эрхийн төлөө ОУОХ-нд 1,181 тэрбум ам.доллар төлжээ.

Олимпийг зохион байгуулагч орны тухайд ВВС телевиз онцгой эрхтэйгээр дамжуулна. Тэд олимпийн турш 5000 цагийн хөтөлбөр цацах ажээ. Мөн Олон улсын олимпийн хорооноос YouTube дэх олимпийн сувгаар дамжуулан Ази болон Африкийн 64 оронд олимпийн наадмын тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэх тухай өнгөрөгч зургадугаар сарын 6-нд албан ёсоор мэдэгдсэн юм.

Харин Монгол Улсад нийт найман телевиз олимпийн наадмыг шууд дамжуулан үзүүлэхээр гэрээ байгуулжээ. Ингэхдээ Монголын тамирчдынхаа тэмцээнийг бүгд ижил эрхтэйгээр шууд хүргэх бол үзэгчдэд хүртээмжтэй байх үүднээс бусад спорт төрлүүдээ хуваан авч, дамжуулах юм байна. Гэхдээ тэдгээр найман телевизээс MN25 дугаар суваг телевиз давуу эрхтэйгээр бүх спортын төрлийг дамжуулах бол бусад долоон телевиз тус тус таван төрлийн спортын тэмцээн, уралдааныг монголчууддаа шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангаад байна.

“Лондон-2012”-ыг шууд дамжуулах Монголын телевизүүд:


  • EDU TV буюу “Боловсрол суваг” телевиз:

Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усанд сэлэлт, байт харваа, хүндийг өргөлт

  • MNB буюу МҮОНТ:

Чөлөөт бөх, жүдо бөх, буудлага, волейбол, таэквондо, хоккей

  • NTV телевиз:

Волейбол, усанд сэлэлт, ширээний теннис, туялзуур сэлэм, байт харваа

  • ТВ9 телевиз:

Чөлөөт бөх, бокс, гимнастик, хүндийг өргөлт, триатлон

  • SBN телевиз:

Хөлбөмбөг, гимнастик, таэквондо, талбайн теннис, элсний волейбол

  • UBS телевиз:

Сагсан бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, гандбол, талбайн теннис

  • ТВ5 телевиз:

Бокс, буудлага, хөлбөмбөг, дугуйн спорт, элсний волейбол

  • MN25 телевиз:

Бүх төрлийн тэмцээнийг дамжуулна.

С.ЦЭЛМЭГ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих