Хоол уу эсвэл, хор уу

Иргэдийн rap дээр хадгалалтын хугацаа дууссан, буруу горимд хадгалсан чанаргүй бараа бүтээгдэхүүнүүд очсон хэвээр, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Энэ нь импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтаар нь хадгалах, агуулах сав хомс, тээвэрлэлтийн горим ноцтой зөрчигдсөөр. Нөгөөтэйгүүр автобусны буудал, орон сууцны дунд аль хүн олон явдаг газарт тод өнгийн саравчинд ил задгай түүхий болон өдөржин наранд халсан жимс зарж байгаа нь элдэв өвчний эх үүсвэр болж байгаа билээ.

Өчигдөр манай сурвалжлах хэсэг иргэд амин дэм хэмээн хууртаж мөнгөөрөө өвчин худалдаж авах болсон хүнсний ногооны талаар сурвалжиллаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар жимсний улаан хачиг дөрвөн удаагийн ургамал хорио цээрийн шинжилгээгээр 13 тонн алимд илэрч хуулийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож устгасан мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгч байсан. Жимсний улаан хачиг нь маш жижигхэн 0,25-0,3 мм урт, энгийн нүдээр харах бараг боломжгүй аж.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэ амьтан нь улаан пэлцгэр, аалз хэлбэртэй, бөөрөнхий биетэй, дээгүүрээ үсэрхэг бүрхүүлтэй. Маш хурдан үрждэг онцлогтой. Өндөг нь дугуй хэлбэртэй, хөгжлийн эхний үедээ өнгөгүй, нэвт харагддаг, томрох тусам өнгө нь булингартаж, шаргал өнгөтэй болдог. Энэ хачиг нь алимны мөчрөөс зүүгдэн ишний нь хонхор хэсэгт байрладаг тул алим худалдан авахдаа уг ишний хонхор хэсгийг сайн ажиглах хэрэгтэй аж. Харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн, бохирдсон байвал болгоомжлох хэрэгтэй гэнэ. Гэтэл алим авахдаа хонхор хэсгийг шалгаад зогсох хүн бараг л үгүй. Дотроосоо ялзарч муудсан, улаан хачиг, өттэй байх явдал одоо бол энүүхэнд болсон.

Хүмүүс үүнийг ийм байх ёстой юм шиг тоохоо больжээ. Харин ч бүр түүхий хүнсний ногоо хүний биед сайн, амин дэмтэй хэмээн ярих болж WWW.MYCHINA.BIZ хэмээх сайт нь БНХАУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхлэн явуулж байгаа бизнес мэдээллийн сан юм гэнэ. Энэ сайт дээр “Хүнсний ногоонд эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зарим нэг био идэвхит бодис нь 55 хэмээс дээш хэмд мөхөж, чадавхи алддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Хятад хүмүүс зарим нэг хүнсний ногоог түүхийгээр хүнсэндээ хэрэглэдэг.

Түүхийгээр нь хэрэглэж болох хүнсний ногооны амин дэм, шим тэжээл нь түүхий байхдаа хамгийн их хэмжээгээр агуулагддаг ба хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Учир нь түүхий ногоонд Lectin гэх дархлаа үүсгэгч бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь хүний эд эсийн Lectin генд сайн нөлөө үзүүлж, нэг ёсондоо хүний биеийн эд эсийг хамгаалах цэрэг болох ба хүний биед оршиж байгаа хорт хавдрын эд эсийг устгаж, вирусийн халдварыг хязгаарладаг” хэмээн бурсан байх юм.

Монгол хүн Монголчууддаа урд хөршийнхөө түүхий хүнсний ногоог шахах гэж ийм юм бичиж ярьж байгаа нь дэндүү эмгэнэлтэй хэрэг юм. “Түүхий” гэдэг чинь ядаж үгийн хувьд бодоод үзэхэд юу нь сайн байхав дээ. Нөгөөтэйгүүр, та бидний хэнэггүй зантай мөн холбоотой асуудал юм. Иргэд энэ баталгаагүй газраас жимс, хүнсний ногоогоо худалдан авч иддэггүй бол энэ олон саравч өдөр өдрөөр нэмэгдэн гарч ирэхгүй байх. Бид саравчинд ил задгай жимс зарж байгаа хүмүүсээс худалдаа хийх зөвшөөрөлтэй байдаг, жимсээ хэрхэн хаана хадгалдаг талаар асуутал зарим нь уурлан биднийг хэл амаар доромжилж байлаа. Харин нэг эмээ хэлэхдээ “энэ жил зөвшөөрөл өгөхгүй гээд байгаа. Мэргэжлийн хяналтаас ирээд шалгаад хөөгөөд байгаа. Тэглээ гээд яахав дээ хоолны мөнгөө олох гэж ийм юм хийж сууна” гэлээ. Хэдхэн төгрөг олох төдий асуудал нь цаанаа ард иргэдэд ямар олон өвчин худалдаад сууж байгаагаа эдгээр хүмүүс ухаарах цаг нь болсон гэлтэй.

Бид тэндээсээ шууд Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очиж энэ талаар албаны хүнтэй уулзсан юм. НМХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуй үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Н.Валя хэлэхдээ “Жилдээ “Барс” худалдааны төвөөр 1600 вагон буюу 80 гаруй төрлийн төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэгдэн ирдэг. Мөн гадуур нисдэг тэрэг болон жижиг тээврийн хэрэгслээр 10 гаруй мянган тонн ногоо ачигдан ирдэг. Үүнд дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсүүд тухайн бүтээгдэхүүнийг гүний хяналт буюу худалдан борлуулалтанд нь хяналт хийдэг. Энэ он гарсаар Худалдааны төвүүд, “Барс”, гудамж талбайд худалдаалж байгаа газруудад хяналт шалгалт хийсэн.

Ер нь импортоор орж ирсэн хүнсний ногоонд манайх бүрэн хяналтаа тавьж ажилладаг. Импортын хүнсний ногоо орж ирэх чинь маш олон хяналт шалгалт давж байж орж ирдэг. Урд нь өрхийн амьжиргааг дэмжих үүднээс зарим дүүргүүдэд цэг байршил заагаад зөвшөөрөл өгдөг байсан. Харин энэ жилээс зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбай дээр худалдаа хийхийг ерөөс хориглосон. Тиймээс иргэдэд сүүдрэвчтэй ил худалдаа хийх албан ёсны зөвшөөрөл өгөхгүй байгаа.

Манайхаас хэчнээн хяналт тавьж байгаа ч иргэд гудамж талбайд төмс хүнсний ногооны худалдаа хийсээр байна. Ганц манайх энэ хүмүүстэй тэмцэх биш бүх шатны байгууллагууд тэмцэх ёстой. Тэгэхгүй бол нэг өдөр хөөгөөд торгоод явахад маргааш нь дахиад л гараад ирдэг” хэмээн ярилаа. Нэг удаа торгоод өнгөрөх нь тэдний олж байгаа орлогоос нь багаар шийтгэж байгаа болохоор тэд хүн хордуулах ажлаа хийсээр байгаа.

Хавтгайрсан торгуулийн хуулийг цэгцэлж, нүдэнд харагдахуйцаар шийтгэвэл энэ асуудлыг зогсоож болмоор санагдах юм. Бид НМХЕГ-аас гараад ХӨСҮТ-рүү явлаа. Хүний өсөлт, хөгжил, эрүүл мэндийг тэтгэх учиртай хүнс эргээд бидэнд хор болсоор байна. Шар, улаан, ногоон өнгө өнгөөр алаглах жимсний хажуугаар бяцхан хүүхэд битгий хэл том хүн явж чадахааргүй сайхан харагддаг. Гэвч тэдний энэ бизнес хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэндэд заналхийлэл учруулсаар байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдвартын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Х.Энхцэцэгтэй уулзлаа.

Тэрбээр “Хүнсний бохирдлоос үүсдэг цусан суулга, вируст гепатит, А,В халдвар зэрэг гарч байгаа. Гаднаас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн ихээр орж ирж байгаатай холбоотойгоор зарим халдварт өвчнүүд ихэсч байна. Жишээлбэл сүүлийн хоёр жилд вируст гепатит буюу бохир гарын шар өмнөх жилүүдээс нэлээд нэмэгдсэн. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг тухайн хүний эрүүл байх нэгэн бүрэлдэхүүн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ авахдаа хугацаа, баталгаат байдал, сав баглаа боодол, хэт халуун, хүйтэн нөхцөлд хадгалж байгаа эсэхийг шалгаж, ахуйн ариун цэврийг тогтмол сахиж байхыг зөвлөж байна” гэв.

Тиймээс ил задгай баталгаагүй жимс жимсгэнэ, хүнсний ногоо зараад байгаа эдгээр хүмүүсийг хуулиараа барьж дийлдэггүй юмаа гэхэд ядаж хүнсний ногоо, жимсний хэрэглээг нь дотооддоо хангах тал дээр анхаарлаа хандуулах нь чухал болоод байна эрхэм дарга нар аа. Чанартай баталгаагүй, гарал үүсэл нь тодорхой бус, хадгалалтын горим зөрчиж, гудамж талбайд ил зарагдаж байгаа жимснээс худалдан авахаас зайлсхийх нь та өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж буй хэрэг юм.

Ж.Отгонмягмар

”Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.