Асрамжийн хүүхдүүдийн нэр ашиг хонжооны халхавч болжээ

Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал Ж.Дүгэр асрамжийн төвийн төгсөгч хүүхдүүдийг дамжин өнгөрүүлэх төвийн өргөтгөл бариулахаар 2011 шийдвэрлэжээ. Учир нь, энд хүүхдүүдийг 18 нас хүртэл нь харж хандана. Харин 18 нас хүрэхээр нь насанд хүрсэн учир амьдралаа авч явах ёстой гэсэн дүрмээр ажилладаг. Асрамжийн газраас гараад л аав, ээжтэй элэг бүтэн бусад хүүхдийн адилаар тэр бүр явчихаж чаддаггүй. Аргаа барсан багш нар нь арай ч гудамжинд гаргачихалгүй Шархадны эмнэлэг, шашны байгууллага бараадуулдаг гэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол Баянхошууны “Амьдрах ухаан” төвд очдог. Тиймээс 18 нас хүрсэн хүүхдүүдийг хөлөө олтол нь дамжин өнгөрүүлэх байр сууцтай болгох гэж байгаа хэмээн Ж.Дүгэр захирал “Тэлмүүн лхам” констракшнтай барилга барих гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу барилга барих талбай болгон 1968 онд баригдсан 58 дугаар цэцэрлэгийн ард талын талбайг өгчээ.

Сууриндаа бага зэргийн суулт өгсөн ч цаашид арван жил ашиглах боломжтой хэмээн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодорхойлсон 58 дугаар цэцэрлэгийн барилга бол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захиргааны мэдэлд байдаг. Энд Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 80 гаруй бага насны хүүхэд хүмүүждэг. Ийм цэцэрлэгийг хойшид 10 жил ашиглах боломжтой барилгыг л өргөтгөнө гэсэн Ж.Дүгэр захирлын багш ажилтнууддаа ойлгуулсан тайлбар газар дээрээ алд дэлэм зөрж гэнэт л орон сууц баригдаад эхэлсэн байна. Ж.Дүгэр захирал эхнээсээ хувийн сонирхлын дагуу цэцэрлэгийн барилга өргөтгөх нэрээр Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн талбайг орон сууцны барилгын зориулалтаар ашигласан тухай багш, ажилчид нь ярьж байгаа юм.

Баримт нэг: Тус барилгын зориулалт орон сууцны бус боловсролын зориулалтаар анх авчээ. Уг нь хотын захирагч Г.Мөнхбаяр 2009 онд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёл, шинжлэх ухааны байгууллагын эзэмшил газарт өөр зориулалтаар зөвшөөрөл олгохгүй” гэсэн захирамж гаргасан байдаг. Тиймээс 2009 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 58 дугаар цэцэрлэгийн тоглоомын талбайд Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагааны шаардлагын дагуу өргөтгөл барих тухай 877 тоот захирамжийг Нийслэлийн газрын албаны дарга гаргажээ. Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн соёл боловсролын хүрээний ажлын шаардлагын дагуу хэмээн үнэлж барилга барих зөвшөөрөл олгосон байх л даа. Гэтэл боловсролын зориулалтаар ашиглах нэрийн дор Ж.Дүгэр орон сууц бариулснаа “Манай ойр хавийн айлууд манай цэцэрлэгийн хашаанд хог хаядаг. Архичид цугладаг, сургуулийн хүүхдүүд хашааг нь эвддэг гээд хараа хяналтгүй, бусдад ашиглагддаг талбайгаа хүүхдүүдийнхээ сайн сайханд хөрөнгө оруулж байна…” гэх мэтээр тайлбарласан.

Баримт хоёр: Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагааны хүрээний тус өргөтгөлөөс багш ажилчдадаа зах зээлийн үнээс хөнгөлөлттэйгөөр өгөх, тэтгэвэртээ суусан хүмүүст олгох, цаашлаад тус төвд амьдарч байгаад 18 нас хүрсэн хүүхдийг дамжин өнгөрүүлж амьдруулна гэж гэрээнд заажээ.

Баримт гурав: Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагааны шаардлагын хүрээний өргөтгөл нэртэй барилгын анхны гэрээнд 196 айлын орон сууц тусгагджээ. Одоо 270 айлын орон сууц барьж байна.

Баримт дөрөв: 2004 онд 58 дугаар цэцэрлэгийн нийт талбайг 8984 метр квадрат гэж тодорхойлсон байдаг. Харин 2011 онд олгосон газар эзэмшлийн гэрчилгээний эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудаснаа 6672 метр квадрат хэмээжээ. Энэ хоёрын зөрүүнээс 1000 гаруй метр квадрат талбай алга болчихсон нь хэн нэгний далд эрх ашигтай холбоотой гэж үзэхээр.

Баримт тав: Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн үйл ажиллагааны хүрээний өргөтгөл барилга нэртэй орон сууцны нэг метр квадратыг 1.1 сая төгрөгөөр шахаж байгаа тухай багш, ажилчид хэлж байна. 12 давхраар анх төлөвлөгдсөн барилга одоо бүр 14 давхар болж өндөрсөх сурагтай. Анх бол Ж.Дүгэр захирлын “хамсаатан” болох “Тэлмүүн лхам” констракшнынхан барилгыг зах зээлийн үнээс хямд төсөр үнээр нийлүүлэх тухай амласан байдаг. Гэтэл 270 айлын сууцнаас 30 айлын сууц л Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн багш, ажилтанд хамаарч байна. Үлдсэн 240 айлын сууц нь “Тэлмүүн лхам” констракшны цэвэр ашиг болохоор байна.

***
Ийн Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн багш, ажилчид “Бидэнд өндөр үнэ хэлж авбал ав, байвал бай гэсэн. Анх барилга баригдаж эхлэх үед гэрээ байгуулахад мэдээж зах зээлийн ханш одоогийнхоос хэд дахин бага байсан. Метр квадратынхаа үнийг буулга…” гэсэн шаардлага тавихаар Ж.Дүгэр захирал “Тэнүүнлхам” компанийнхантай ганцаарчлан уулзаж ирээд “Квадрат тутмаас зуун мянган төгрөг татчихлаа…” гэж ирсэн гэдэг. Өнөөдөр “Өмөөрөх хүнгүй болохоор өнчин хүүхдийг элэг барьж болно гэж ойлгосон байх. Гэхдээ багш, ажилчид бол өнчин хүүхдүүдээ хохироохгүй гэж үзэж байгаа…“ хэмээн Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн Үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байна. “Тэнүүнлхам” компанийнхан одоо бүр “Байрны захиалга дууссан, хэл ам татлаад байвал танайхаас захиалга ч авахгүй шүү…” хэмээн хэлжээ.

Үүссэн асуудалтай холбогдуулан Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн төгсөгч О-той уулзсан юм. Одоо 35 настай, хувийн байгууллагад дизайнераар ажилладаг тэрбээр нэрээ нууцлахыг хүссэнийг ёсоор болголоо.

-18 нас хүрээд асрамжийн газраас гарах ёстой гэхээр та 17 жилийн өмнө гарч байжээ. Ер нь асрамжийн газрын хүүхдүүд нас биед хүрэхээрээ хаана очдог вэ?
-Асрамжийн газраар явсан хүүхдүүд “Яагаад сайн ажилтай сайхан амьдралтай болдоггүй юм бэ” гэж хүн болгон л асуудаг. Би улсын асран хүмүүжүүлэх төвөөс 1994 онд хүмүүжиж гарсан төгсөгч. Ажлаа тараад очих орон гэргүй хүнийг ямар албан газар ажилд авах вэ дээ. Асрамжийн газраас явснаасаа хойш бараг 10 жилийн дараа их сургуульд элссэн. Хэцүү бэрхийг туулж үзсэний хувьд энд өсч, хүмүүжиж буй хүүхдүүдийн амьдралын дараагийн шатыг тэгш, дардан байгаасай гэж би хүсдэг. Сургууль төгссөнөөсөө хойш өөртэйгөө адил амьдралтай хүүхдүүдийн амьдарч, сурч боловсорч буй орчин, эндээс гараад хаачих вэ гэдэгт судалгаа хийж эхэлсэн.

-Асрамжийн газрын хүүхдүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал юу байдаг вэ?
-Олон тулгамдсан асуудал бий. Эднийхийг төгсөгчид шууд л гудамжинд гардгийг нуух шаардлагагүй л дээ. Орц, хонгил, гудамж, траншейн гээд олон ч газраар явдаг, тэнэдэг. Хүнтэй суулаа гэхэд сэтгэлийн дарамттай амьдарна. Миний үеийн төгсөгчид амиа хорлосон нь ч бий.

-Асрамжийн төвийн төгсөгчдөө хөлөө олтол нь түр байлгая, дамжин өнгөрүүлье гэж орон сууц, барьж байгаа юм билээ. Гэхдээ энэ нь жинхэнэ эзэд буюу асрамжийн газрыг төгсөгчдийнхөө мэдлийн өмч хөрөнгө болж чадах эсэхэд нэлээд асуудал, хэл ам үүсээд байгаа гэж дуулсан. Таньд энэ талаар мэдээлэл бий юу?
-Тийм ээ, хэл ам, хэрүүл тэмцэл үүсээд байгааг мэдэж байгаа. Яах ёстой, хэрхэх талд нь анхаарч байгаа. Учир нь, өнөөдөр бас маргааш асрамжийн газрыг төгсөгчид надтай адилхан орц хонгил, траншейнаар амьдарвал бусад чухал зүйлст зарцуулах цаг хугацаагаа алдах гээд хамгийн гол нь амьдрах итгэлгүй болж амиа хүртэл хорлох сөрөг нөлөөтэйг би өмнө ярьсан болохоор ийм зүйлийг давтуулахгүйн тулд анхаарах ёстой л доо. Энэ Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг төгсч гарсан 200 орчим хүүхэд “Тус байрыг бидний хойч үеийнхний дамжин өнгөрүүлэх төв болгож, бидний талд шийдэж өгнө үү…” гэсэн санал хүсэлт гаргаж өргөдөл бичсэн байгаа. Одоогоор хариу алга л даа. Уг нь барилгын эхний төлөвлөлтөөр бол нэгдүгээр давхар болон хоёр, гуравдугаар давхрын барилгыг Улсын асран хүмүүжүүлэх төвийн хүүхдэд. Гуравдугаар давхраас тавдугаар давхарт нь тус байгууллагын багш ажилтан залуу гэр бүлийг дэмжих зорилгоор олгохоор болсон юм билээ.

Ч.Буянжаргал

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.