Шинэ томилгоо

Улс төрийн уур амьсгал энэ долоо хоногт ширүүхэн болж байна. УИХ, Засгийн газар, Улс төрийн намууд халаа сэлгээ, шинэ томилгоогоор дүүрэн байлаа. УИХ-ын анхдугаар чуулган хуралдахаар хэдэнтээ товлогдсон ч МАН-ынхан УИХ-ын даргыг томилох асуудлаар зөвшилцсөнгүй гэдэг шалтгаар хурлыг хэдэнтээ хойшлуулж, улмаар Бага хурлаа хийгээд амжив. УИХ-ын чуулганд МАН-ынхан оролцоогүй ч АН болон бусад Засгийн газарт орж ажиллах нам эвслийнхэнтэйгээ нийлж байгаад УИХ-ын даргаа сонголоо. Ардчилсан хувьсгалаас эхлүүлээд 20 гаруй жил улс төрийн тавцанд өөрийн байр сууриа эзэлж яваа, АН-ын хүчтэй лидерүүдийн нэг Зандаахүүгийн Энхболдыг УИХ-ын даргаар томиллоо. Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан үеэс нь “хатуу самар” гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн мэдэх болжээ. Түүнийг хатуу чанга, хариуцлагатай, шударга зарчимч хамгийн сайн УИХ-ын дарга байж чадна хэмээн итгэж байна. Сөрөг хүчнийхэн ч түүнээс чийрхэж, айж эмээж буй гэж ажиглагчид үзэж буй юм. УИХ-ын томилгоо нүдээ олсон гэж үзэх хүн олон байна.

УИХ-ын даргыг сонгох тэр цаг мөчид МАН Бага хурлаа хуралдуулж, хариуцлагын тухай үг Тусгаар тогтнолын ордонд хүчтэй сонсогдож байлаа. Бага хурлын гишүүд Удирдах зөвлөлөө бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, намын дарга, ЕНБ-ийн даргаа шинээр сонгов. Намын бодлогын зүгээс Өлзийсайханы Энхтүвшинг МАН-ын даргаар санал болгож үнэмлэхүй олонхын саналаар (89 хувь) намын даргаар томилжээ. Р.Рашийг бэлгэдлийн төдий нэрийг нь заалнаас дэвшүүлж арав хүрэхгүй хувийн санал авсан байна. МАН-ын даргын томилгоо хуучин хэв маягийн дагуу төлөвлөсөн сценараар өрнөсөн бол Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн өмнө нь хэзээ ч болж байгаагүйгээр ардчилалтай болсон гэж ойлгогдохоор “тулаан” болов. ЕНБ-ийн даргын төлөө Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлал сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар өрсөлдөж Г.Занданшатар цөөн хувийн саналаар ялалт байгуулав. Угтаа МАН-ын удирдлага, намын даргын зүгээс Д.Цогтбаатарыг ЕНБ-ийн даргад нэрийг нь дэвшүүлж бодлогын зүгээс гаргаж ирэх санаа байсан ч бүтэлгүүтжээ.

Заалнаас нэр дэвшсэн Г.Занданшатар олонхын санал авсан нь Ардчилсан сонгууль болсныг тэмдэглэх хүн байна. Тэрээр намын бодлого, ах нарынхаа төлөвлөгөөг нураажээ. Хэдийн ардчилалтай сонгууль болсон ч Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын хэн нэг генсекээр сонгогдсон бол дээр гэсэн шүүмжлэлийг ч өгөх хүн байна. Намын даргаар Ө.Энхтүвшин, ЕНБ-ийн даргаар Г.Занданшатарыг сонгосон нь хуучинсаг үзэлтэй, нөгөө л “Ху” намын үзэл баримтлалыг хатуу мөрдөгчдийг сонгосон нь шинэчлэлгүй Бага хурал болсон гэж харагдаж байгаа юм.
Засгийн газар ч ээлжит хуралдаанаараа бүрэн эрх нь дуусгавар болохоосоо өмнө бас нэгэн шинэ томилгоог хийгээд амжив. Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлж, Ц.Нанзаддоржийг тус хорооны даргаар томилох шийдвэр гаргав. Бүрэн эрхээ алдахаасаа өмнө өөрийн хүнээ Төрийн өмчийн хорооны даргаар томилсон хэрэг л дээ.

Энэ долоо хоногт УИХ-ын дарга, МАН-ын удирдлагуудаа өөрчилсөн долоо хоног болж байна. Томилгоо цааш ч үргэлжилнэ. УИХ-ын гурван дэд дарга н, Бүлгийн дарга нар, байнгын хороодыг байгуулах, Засгийн газраа байгуулж сайд, дэд сайдуудыг томилох гээд ирэх долоо хоногт ч томилгоо дүүрэн байх юм.

Т.АМУР olloo


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.