Ким Жон Ун гэрлэсэн гэдгийг Умард Солонгосын телевиз анх удаа мэдээллээ

Төрийн тэргүүн Ким Жон Ун гэрлэсэн талаар Умард Солонгосын телевиз анх удаа мэдээлсэн байна. Тэдний мэдээлж байгаагаар Ким Жон Ун нэгэн залуу эмэгтэйн хамт Пёньяан хотын цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхсон бөгөөд тэр нь төрийн тэргүүний гэргий гэнэ. Түүний нэрийг Ли Сол Жу гэдэг.

Тэр хоёр мини-гольфын талбай, усанд сэлэх бассейн болон далайн амьтны хүрээлэн зэргийг үзэж харжээ. Цэргийн барилгачид тэднийг алга ташин тун баяртайгаар угтан авсан байна. Умард Солонгосын төрийн тэргүүний гэргий гэх эмэгтэй өдгөө 27 настай, Ким Жон Сенийн нэрэмжит их сургуулийг дүүргэсэн бөгөөд ээж нь эмч, аав нь багш юм.

Хосуудыг анх долоодугаар сарын 5-ны өдөр нэгэн тоглолтын үеэр харсан бөгөөд үүнээс хойш “үл мэдэгдэх эмэгтэй” төрийн тэргүүнийг байнга дагалдах болжээ. Мөн сарын 15-ны өдөр Пёньяан хотын хүүхдийн цэцэрлэгт очжээ. Богино үстэй энэ эмэгтэй Ким Жон Уны ард зогсоод инээмсэглэж байгаа зургийг сонин сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэ хугацаанд гадаадын хэвлэлүүд бүсгүйг чухам хэн болохыг олох гэж оролджээ.

Умард Солонгост ямар үйл явдал өрнөж байдаг талаар мэдээлэл тун хомс байдаг учир өнөөгийн төрийн тэргүүн Ким Жон Уны насыг ч мэддэггүй билээ. Тэрээр 2011 оны арванхоёрдугаар сард эцэг нь нас барснаар төрийн тэргүүн болсон юм. Саяхан БНАСАУ-ын маршал цолыг хүртээд байна. Түүний гэргийн хамт ингэж олны өмнө гарч ирсэн явдал тус улсад тодорхой хэмжээний өөрчлөлтүүд явагдаж, цэргийнхний нөлөөлөл суларч байгаагийн нэгэн илрэл хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.


gogo.mn

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих