МАН-ыг Ө.Энхтүвшин удирдаж, “гал тогоо”-г нь Г.Занданшатар барина

МАН УИХ, НИТХ-ын сонгуулийн үр дүнг хэлэлцэн, намаа ялуулж чадаагүй намын удирдлагуудад хариуцлага тооцох, улмаар намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох гээд ар араасаа дагасан асуултад хариулт өгөхөөр хоёр өдөр хуралдав. МАН-ын Бага хурлын зургадугаар хуралдаан үндсэндээ хаалттай болсон бөгөөд, эхний өдрийг намын даргын тавьсан улс төрийн илтгэлийг сонсч, мөн санал шүүмжлэл өрнүүлэхэд зарцуулсан юм.

Намын даргын илтгэлтэй холбогдуулан Бага хурлын 40 гаруй гишүүн санал шүүмжлэл хэлсэн аж. Нэгэнт С.Батболд дарга намаа сонгуульд ялуулж чадаагүйгийнхээ хариуцлагыг хүлээн, албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч байгаа нөхцөлд дараагийн даргыг санал болгох ёстой. Бага хуралдааны өмнөхөн “Намын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өрсөлдөгчгүйгээр нэр дэвшин шууд намын даргаар томилогдоно” хэмээх таамаг зөрсөнгүй.

Санал хураалтын дүнд шинээр сонгогдсон МАН-ын дарга Бага хурлын гишүүдийн 89 хувийн саналыг Ө.Энхтүвшин авсан. Гэхдээ тэрбээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа шууд сонгогдоогүй юм. МАН-ын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн асан Р.Рашийг намын даргад зүтгүүлсэн.

Харин нууц санал хураалтын үр дүнгээр Бага хурлын гишүүдийн 89 хувь нь буюу 178 гишүүн Ө.Энхтүвшинд, 22 гишүүн Р.Рашид санал өгчээ. МАН-ын дүрэмд зааснаар намын даргад нэр дэвшигч нь Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн санал авсан нөхцөлд Их хурлыг зарлахгүйгээр шууд намын даргаар томилогдож болдог аж.

Мөн дүрмээр намын дарга нь намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ санал болгох ёстой аж. Энэ дагуу МАН-ын дарга Ө.Энхтүвшин генсекээ санал болгох ёстой ч тэрбээр “Бодох цаг хугацаа өгөх хэрэгтэй байна. Одоо шууд санал болгоход амаргүй байна” хэмээн хүссэний дагуу ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг уржигдар шийдвэрлэлгүй, өчигдөр үдээс хойш эцэслэсэн юм.

Үүрэг гүйцэтгэгчтэй байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд намын дарга Удирдах зөвлөлөөс дэмжсэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатар нарыг санал болгосон бол заалнаас УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нэр дэвшжээ. Гурван эрхмийн хэн нь Бага хурлын гишүүдээс олонхийн санал авна, түүнийг ерөнхий нарийн бичгийн даргаар томилно гэх байр суурь баримталж байсан гэнэ.

Ингээд дээрх гурван хүний дунд явуулсан санал хураалтаар Бага хурлын гишүүдийн 44.6 хувь нь Г.Занданшатар, 29.1 хувь нь Д.Цогтбаатар, 25.5 хувь нь Ж.Сүхбаатарт итгэл үзүүлсэн байна.

Гэвч Бага хурлын гишүүд хамгийн олон нь санал авсан бус олонхийн санал авсан нэр дэвшигч ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох ёстой хэмээн үзсэн аж. Угаасаа тус намын дүрмээр 50+1 гэсэн зарчмаар олонх болсныг тооцдог учир Ж.Сүхбаатарыг орхиод хамгийн олон санал авсан буюу Г.Занданшатар, Д.Цогтбаатар нарын хооронд хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулжээ.

Нууцаар зохион байгуулсан дахин санал хураалтаар Бага хурлын 207 гишүүний 115 нь буюу 55.6 хувь нь Г.Занданшатарыг дэмжсэн аж. Харин 98 гишүүн Д.Цогтбаатарт итгэл хүлээлгэсэн юм. Ингээд олонхийн саналаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудал шилжив.

Бага хурлын хүрээнд болсон дараагийн сонгууль намын нарийн бичгийн дарга нарыг сонгох тухай юм. МАН-д орон тооны дөрөв, орон тооны бус тав, нийт найман нарийн бичгийн дарга тус тусын чиг үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ намын нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх процесс намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарын хоорондын зөвшилцлөөр эхэлдэг юм.

Тиймээс Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар намын нарийн бичгийн даргад хэнийг нэр дэвшүүлэхээ зөвшилцөхөөр болж, Бага хурлыг түр завсарлуулсан. Хоёр цаг гаруй хугацаанд зөвшилцсөний дараа сая нэг нэр дэвшигчдээ танилцуулав. Гэхдээ өмнө нь нарийн бичгийн дарга нарын тооны асуудлыг шийдсэн байна. Намын дарга, генсекийн хоорондын зөвшилцлөөр бол хуучин бүтцийг хэвээр нь хадгалах шийдэлд хүрч, есөн нарийн бичгийн даргатай байх нь зөв хэмээн үзсэн аж.

Бага хурлын зарим гишүүн нарийн бичгийн дарга нарын тоог цөөлөх саналыг гаргаж байсан ч эцсийн шийдвэр хуучин зохион байгуулалтаа хадгалахаар болов. МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга нар нийслэлийн намын байгууллага, судалгаа шинжилгээ, аймгийн намын байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, сан хөмрөгийн асуудал хариуцсан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Харин орон тооны бус нь УИХ дахь намын бүлэг, Гадаад харилцаа хамтын ажиллагаа, Иргэний нийгэм гишүүд дэмжигчдийн эрх ашиг, ТББ, зорилтот бүлэг, Жендерийн эрх тэгш байдал зэрэг асуудлуудыг тус тусдаа хариуцан ажиллах юм. Намын удирдлагууд нарийн бичгийн дарга нарыг нэр дэвшүүлэхдээ “25”-ын зарчим баримталсан гэнэ. Энэ нь нийт нарийн бичгийн дарга нарын 25 хувь нь эмэгтэй хүн байна гэсэн үг.

Ингээд зөвшилцөөний үр дүнгээр Нийслэлийн намын байгууллага хариуцсан нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилыг санал болгосон бол Аймгийн намын байгууллагад ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшин, бүдэрсэн Ж.Сүхбаатарыг санал болгож байв. Харин Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар өмнө нь ажиллаж байсан Д.Сарангэрэлийг улираахаар болжээ.

Тэгвэд сан хөмрөгийн асуудлаа УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нь хариуцаж, намын хүйсийн эрх тэгш байдлыг ЭБЭХ-ний дэд сайд Ц.Гарамжаваар зохицуулуулахаар нэр дэвшүүлсэн юм. Түүнчлэн Гадаад харилцаа хамтын ажиллагааг Д.Цогтбаатар, Иргэний нийгэм гишүүд дэмжигчдийн эрх ашгийг Э.Мөнх-Очирт даалгах нь зөв хэмээн намын удирдлагууд үзсэн бололтой. Түүнээс гадна ТББ, нийгмийн зорилтот бүлгийн асуудлыг хариуцах хүнээр “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат тохирно гэж үзсэн аж.

Намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцсөний үр дүнд эдгээр есөн хүнийг намын нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас хоёр хүнийг санал болгов. Тухайлбал Нийслэлийн намын байгууллагыг УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Б.Мөнхбаатарыг нэр дэвшүүлэв. Түүний “Намын байгууллагын бүх шатанд ажилласан туршлагатай” хэмээн тодотгосон.

Мөн нийслэлд шинэ залуу имиж болно хэмээн үзжээ. Харин орон нутгийн асуудлыг намын удирдлагууд Ж.Сүхбаатарт хариуцуулах нь зөв гэж үзсэн бол заалнаас Ц.Сүхбаатарыг дэвшүүлэв. Ц.Сүхбаатарын хувьд найман жил уг албыг хашсан. Түүнээс гадна энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн дийлэнх олонх нь орон нутгаас байсан гэдгийг сануулж байлаа. Энэ нь Ц.Сүхбаатарын ажлын үр дүн хэмээн үзсэн аж.

Б.ЭНХЖАРГАЛ

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.