Лэди Гагаг шүүхэд өгчээ

Дэлхий дахинаа өвөрмөц дүр төрх, хит дуугаараа алдаршсан дуучин Лэди Гага болон түүний менежментийн компанийг  “Bratz” хүүхэлдэй үйлдвэрлэгчид  шүүхэд өгч, 10 сая ам.доллар нэхэмжилжээ. Хүүхдийн тоглоом болон энтертайнмент тоглоом  үйлдвэрлэгч “Micro-Games America” буюу MGA энтертайнмент нь “Bratz” хэмээх загварын хүүхэлдэй үйлдвэрлэдэг байна.

Тус компани алдарт дуучин Лэди Гагагийн дүртэй хүүхэлдэй гаргах гэрээ байгуулан ажилласан  бөгөөд энэ хүүхэлдэйгээ зул сарын баярт зориулан дэлгүүрүүдэд гаргахаар төлөвлөжээ. Харин поп од маань 2013 онд бэлэн болох шинэ цомгоо гартал хүүхэлдэйг худалдаанд гаргахгүй байхыг хүсч, худалдаалахыг хориглосон байна. Үүнээс болж тус компани хатагтай Гагатай зарга үүсгэж, Нью-Йоркийн  шүүхэд өгчээ.

Нью-Йоркийн шүүх тус компанийн Лэди Гагаг өөрийнх нь дүртэй хүүхэлдэйг худалдаанд гаргахыг хориглож,  худалдаанд саад учруулан, гэрээ зөрчсөн гэх гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна. Тус компаниас Лэди Гага болон түүний менежментийн компанийг “Хүүхэлдэйнд анхаарлаа хандуулахын оронд худалдаа наймааны асуудалд оролцлоо” хэмээн буруутгаж байгаа юм.

MGA энтертайнмент энэхүү хүүхэлдэйг 2012 оны Зул сарын баярт зориулан худалдаанд гаргаж, жижиглэнгийн худалдаанаас 28 сая ам.долларын орлого олохоор товлосон байжээ.  Мөн тус компани хүүхэлдэйг хамгийн багадаа арван улсаас ирсэн хүсэлтийн дагуу зургаан гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулахаар гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

Б.Анхтуяа


URL:

Сэтгэгдэл бичих