Монгол улсын ерөнхий сайдын Австрали дахь айлчлалын тухай хэгжүүн үгс буюу хэвлэлээр гараагүй албан бус зарим мэдээ

Канберрад ерөнхий сайд нарын үдийн зоогт оролцлоо.

Монгол Улсын Ерєнхий сайд Сүхбаатарын Батболдод зориулж Австрали Улсын Ерєнхий сайд Жулиа Гиллард энэ 2 сарын 23-нд Канберра хот дахь парламентийн ордны их танхимд үдийн зоог барьсан юм. Уг зоогт Монгол Австралийн талаас “сэтэртэй сэтэргүй” барагцаагаар 300 орчим хүн оролцов.

Эхлэхийн хүлээж хэсэг зогсож байхдаа яаж зүгээр зогсохов гээд ойролцоо зогсон өндөр нуруутай хүнтэй үг сольсон чинь Австралийн хөдөө аж ахуй хариуцсан нэгэн төвийн удирдах албан хаагч аж. Монгол Австрали хоёр хөдөө аж ахуйн талаар хамтарч ажиллах юм байхаа.

Удалгүй тусгай хаалгаар танхимд ерөнхий сайд нар орж ирснээр хүндэтгэлийн зоог маань Австралийн уугуул иргэдийн бүжиг, хөгжмийн аялгуу доор нээлтээ хийв. Тэр үеэр хоёр ерөнхий сайд, манай сайдын гэргий хатагтай Х.Отгонтуяа нар танхим дахь бүх хүмүүсийн өөдөөс харж индэр дээр зогсов. Австралийн ерөнхий сайд нь гэрлээгүй гэхдээ хамтран амьдрагчтай тиймээс ганцаараа зогсож байлаа. Танхим дахь хүмүүс босож зогсоод нэг бол тэр хоёр руу эсвэл бүжигчид рүү ширтэнэ. Монголын ч, Австралийн ч ерөнхий сайд нар энэ арга хэмжээний үер хүмүүсийн нүд рүү эгцэлж харахгүй танхимын хий хоосон орчинг харан зогсох нь анзаарагдах бөгөөд элдэв харцаар дамжсан сэтгэл зүйн нөлөөллөөс тэгж зайлсхийдэг юм болов уу гэж сэтгэгдэл төрүүлсэн. Төрийн дууллууд эгшиглэсний дараа хоёр улсын ерөнхий сайдууд болон Австралийн сөрөг хүчний тэргүүн либерал Тони Аббот бас үг хэлэв.

Австралийн ерөнхий сайд Монгол улсыг өнгөрсөн зууны эхнээс 1990 он хүртэл тусгаар тогтносон эрхийнхээ төлөө тэмцэж явсан улс гээд, ардчиллын замаар амжилттай явж байгааг, мөн ардчилал болон дэлхийн хамтын ажиллагаанд Австрали улстай хамтран ажиллаж Афганистан, Иракт холбоотон болж байгааг, НҮБ-ийн хүрээнд цэрэг дайчдаа явуулж байгаа, Чингис хааны үед их гүрэн байсан эртний түүхтэй улс гэж дурдаж байв. Түүнчлэн хойшдын хамтын ажиллагааны талаар үг хэлж байсан. Тэр талаар албан ёсны сонин хэвлэлд дурдсан болохоор энд дурдаад яршиг гээд орхилоо. Харин Австралид төгсөөд Монголдоо очсон оюутнууд амжилттай ажиллаж тэдний нэг нь сайд хийдэг, хамтын ажиллагааны байгууллагаа байгуулан Мози гэж нэрлэдэг гэж хэлэхэд зарим хүмүүс инээд алдаж байна билээ. Учир нь Mozzi гэх дуудлага нь Англи хэллэнд mosquito (шумуул) гэдгийн товч дуудлага болдог.

Хэлсэн үгнүүдээс анхаарууштай зүйл бол Австралийн ерөнхий сайд ч, сөрөг хүчнийх нь удирдагч ч гэсэн Монгол, Австрали нь нүүрсний салбарт өрсөлдөгчид бус хамтрагч байх ёстой гэсэн нэг санаагаа дахин дахин давтсан. Энэ үг миний чихэнд ихэд тод сонсогдож байлаа. Учир нь энд сөрөг хүчнүүд манайх шиг дээгүүрээ найр тавиад хуйвалдаад байдаггүй бие биенийгээ гадаад, дотоод бодлогын асуудлаар ямагт шүүмжилж өөрсдийнхөө рейтинг өсгөж өрсөлдөгч нараа доош нь хийж хэвлэлээр байнга ярьдагийг нь сонссоор байгаад би тэгж хүлээн авсан байж магадгүй. Тиймээс засгийн эрхийн төлөө өрсөлдөгч гол хоёр хүчнийх нь удирдагчид ам нэгтэйгээр Монголчуудад хандаж хэлээд байхыг бодоход миний хувийн бодлоор бол Австраличууд нүүрсний экспортод нь шинэ өрсөлдөгч гарч ирж байгаад болгоомжтой хандаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн.

Дээрхээс улбаалаад Монгол улсынхаа ерөнхий сайдыг үг хэлж байхад өөрийн эрхгүй энэ хүн энэ талаар юу бодож явдаг юм бол оо? Эд нар ийм асуудал үүсэхийг эртнээс харж тооцоолоод барын зулзагыг бага дээр нь дарж авъя гээд манай уул уурхайг эртнээс хуулийг нь хүртэл зохиож өгөөд атгаад авсан юм биш үү? Өнөөдөр манай уул уурхайд голлон тоглогч нар аль хэдийнээ эд болсон нь үнэн. Канад, Австралиудтай хамтрахыг хичээх нь зөвч, ижил төрлийн бизнес хийн мөнгө хийх гэж байгаагийн хувьд тэртээ тэргүй өрсөлдөгч болохоос өөр замгүй нөхцлийг манай засаг төрийн удирдагч нар яаж тооцоолдог юм бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Ерөнхий сайд маань хүнийхээ хувьд харахад нүдэнд дулаахан, цоглог жавхаатай эр харагдаж юм. Энэ баян эр их хувь заяагаар Монголын ард түмний ирээдүйд нөлөөлөхөөр албан тушаал авчээ. Гэхдээ улс орныхоо ирээдүйд чухал шаардагдсан нийгмийн шинэчлэл хийхээс юундаа алгуурлаад байдаг юм бол? Яагаад өнөөдөр нийгмийг маань хамгийн их хойш нь татаж чангааж байгаа авилгал шударга ёсны эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй харин ч МАН-даа авилгал, хахуулийн асуудалд хамгийн их сэжиглэгддэг улс төрчид, ард түмнээсээ тасарсан баян олигархиудыг цуглуулчихаад өрсөлдөгч Монголын Алдартай Хувьсгалчдын намдаа өгөөш бэлдээд явдаг юм бол? Баян мөнгөтэй, эрх мэдэлтэй байж юунаас айж юуг алдана гээд энэхүү түүхэн боломжийг ашиглан ард түмнийхээ төлөө зоригтой хөдлөхгүй байгааг гайхан бодож суулаа.

Либерал намын удирдагч, сөрөг хүчний эвслийн тэргүүн Тони Аббот нь хошигнох дуртай хүн шиг санагдсан. Тэр хэлэхдээ манай ерөнхий сайдыг хүнд алба хаадаг яагаад гэвэл өдөр болгон сөрөг хүчнийхэндээ парламентад тамлуудаг би ч гэсэн тэр тамлагчдын нэг тиймээс энд болж буй үйл явдлыг далимдуулаад өөрийнхөө ерөнхиий сайдаас уучлал гуйя гэж хошигнож байсан. Үнэндээ бол Монголд сөрөг хүчин гэж байхгүй бүгдийнх нь амыг албан тушаал, хуйвалдаанаар таглачихсан гэдгийг хөөрхий Австралийн сөрөг хүчний намын тэргүүн яаж мэдэх вэ дээ. Харин манай засгийн газрын тэргүүн тэр үед юу бодож суусан бол?

Дараа нь ерөнхий сайдууд босоод хундаганы үг хэлцгээв. Энэ үеэр би буруу дуулаагүй бол Жулиа Гиллиард манай ерөнхий сайдыг ерөнхийлөгч болоорой гээд ерөөл тавьчих шиг болов. Яг тэр үер би өөр зүйлд сатаараад сайн анхаарал тавиж чадаагүй байсан юм. Манай ерөнхий сайд тэр даруй босоод хариу хундаганы үг хэлж байна билээ.

Хүндэтгэлийн зоог ерөнхийдөө сайхан зохион байгуулалттай болсон. Манай талаас Монгол улсын элчин сайдын яамнаас зохион байгуулалтад нь оролцож сайхан болгоход нь хувь нэмрээ оруулсанд нь талархал илэрхийлэе. Монголын талаас таньдагаас эрх биш ганц албан тушаал байдаг юм болохоор нь ерөнхий сайд маань, шар хэвлэлд гарч алдаршдагаар нь хууль зүйн сайдаа болон боловсролын сайд зэрэг бас бус нөхдүүд, их хурлын гишүүд, элчингийнхэн гэх мэтчилэн байлаа. Бичигч би тэр болгоныг нь хэн гэдгийг нь мэддэггүй, сонирхдоггүй тул эрхэм албан тушаалтнуудыг нэр дурдаагүй бол хүлцэл өчье! Харин ширээнд хамт сууснаар нь их хурлын гишүүн Д.Ганхуяг гуайтай танилцав. Хаа очиж энэ шинэ үеийн дарга нар хуучны дарга нар шиг хамартай баас түрхсэн юм шиг ихэмсэг яравгар бус хүнтэй аятайхан харьцах соёлд суралцсан хүмүүс шиг санагдлаа.

Бас ширээнд хамт суусан эвтэйхэн зассан цагаан хууз сахалтай яриа шар өвгөнийг хаана харлаа яасан танил царайтай өвөө вэ гэж бодож суутал хажуу дахь хүн маань энэ хүн чинь Австралийн спикер (их хурлын дарга) Харри Женкинс ш дээ гэж байна. Тэгж хэлэнгүүт нь түрүүнээс хойш харсан царай харагдаад байсны учрыг нь оллоо. Аргагүй л спикер гэсэн шиг манай ширээний хамгийн яриа хөөрөөтөй хошигнож марзганах дуртай хүн байна билээ. Хүн болгонтой өөрөө эхэлж үг өдөж ярьж байсан. Хамгийн түрүүнд миний өгсөн нэрийн хуудсыг харснаа танай оффис Милтонд байдаг тээ? үерт автсан уу? гэх мэтээр хүмүүстэй яриа өдөж ярьснаа, Ганхуяг гишүүний хэн гэдгийг асууж лавлаад хоёулаа эрх мэдлээ хуваана шүү хэмээн сандлаа хуваахыг оролдох мэт дүр үзүүлэн марзганаж бас өөрийгөө Чингисийн удам хэмээн Чингис хааны зургийн хажууд авахуулсан зургаа үзүүлэв. Нээрээ л адилхан хууз сахалтай харагдаж төстэй ч юм шиг. Тэгэхлээр нь би давруулаад бөгсөндөө хөх толботтой төрсөн үү үгүй юу гээд та ээжээсээ асуухгүй юм уу гээд марзганаснаа настай, албан тушаалтай хүнийг арай ч хэтрүүлээд явуулчихав уу хэмээн сүүлд нь хэлээ хазав.

Рио Тинто нилээн анхаарал тавьж байгаа бололтой зэс хариуцсан захирал Андрю Хардингаа Лондонгоос явуулжээ. Андрю Хардинг нь залуухан нүдэнд дулаахан, нүдээрээ инээмсэглэсэн хөх нүдтэй юм.

Би эр хүнийхээ хувьд харин эмэгтэйчүүдийг нилээн сонжлоо. Жулиа Гиллиардыг хөгшин авгай гэж бодож байсан чинь яг биеэр нь ойроос харсан чинь гайгүй аятайхан эмэгтэй байна. Манай ерөнхий сайдын авгай олон хүүхэд гаргасан гэхээргүй бие галбиртаа анхаардаг сайхан хүүхэн юм аа. Аятайхан, тэгсэн мөртлөө даруухан ч гэмээр өнгийг сонгож хувцаслачихаж. Ширээнд нь бас нэг аятайхан Монгол эмэгтэй суугаад байсныг нь орчуулагч юм болов уу гэж бодсон чинь элчин сайд Ц.Жамбалдорж гуайн гэргий юм байна. Манай Монголын бүсгүйчүүд цаанаа л нэг өөр сайхан шүү! Элчин сайд маань дунд эргэм насны аятайхан монгол эр байдаг юм. Бид хоёр манай мужид болсон их үерийн үеэр Монголчууддаа хэрхэн хандаж ажиллах талаар ярилцаж танилцсан билээ. Тэр үеэр “хаа очиж” Монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, тэдэндээ санаа тавьдаг нь анзаарагдаж хүндлэл төрүүлэх болсон. Мань хүн зав муутай байсан тул гар барьж хэдэн үг солиод өнгөрлөө.

Хамт ширээнд суусан Аделэйдээс ирсэн Батжаргал маань сэргэлэнтэж зоог дуусах дөхөхөд эрхэм спикерээр ерөнхий сайдаас гарын үсэг авахуулж байна. Би бас юугаар дутахав гэсэн бодол гэнэт төрөн Австралийн спикерээр түрээ барин ерөнхий сайдтайгаа хэдэн үг сольж гарын үсгийн авсан боловч хажууд нь байсан Австралийн ерөнхий сайд, спикер хоёроос нь гарны үсэг авах ямарч сонирхол байсангүй. Би харин давраад та Монголчуудтайгаа зургаа хамт авахуулахгүй юм уу мань мэт нь мянгаад километрийн цаанаас нисэж ирлээ гэхэд ерөнхий сайд маань даруухнаар Сиднейд би Монголчуудтайгаа зургаа хамт авахуулсан. Чи энэ ёслолын албанханд хэлээд үздээ гэж байна билээ. Яг үнэндээ өнөөгийн Монгол улсаа бодохоор би Монголынхоо улс төрчидөд хүндэтгэлтэй хандах сэтгэл төрдөггүй ч, хүний газар гүний нутагт засаг төрийнхөө тэргүүнийг харахад цаанаа л нэг сэтгэлд дотно дулаахан санагдаж байсныг нуух юун. Хүний нутагт сууж байгаа Монгол хүнд улс орны маань ерөнхий сайд гадаадын том улсын засгийн тэргүүн, спикерээс илүү үнэ цэнэтэй эрхэм дээд ажээ.

За за үүнийг бичигч би бээр бол уулаасаа хаа газрын улс төрч нарт уугаасаа дургүй, эмэгтэй хүний гоо сайхныг хүндлэн бишрэгч хүн гэдгийг эрхэм уншигч та тунгаан шүүж миний бичвэрт шүүмжлэлтэй хандаж уншина гэдэгт найдаж байна. Элдэв юм цуурч хэрэгт орохоосоо өмнө энэ бичвэрээ дуусгая даа. Аягүй бол дараа нь энэ нөхөр элдэв юм бичээд байдаг юм гээд энэ тэндхийн элдэв арга хэмжээнд оруулахаа больж магадгүй хаширласан нь дээр байхаа.

За түр баяртай!

Эх сурвалж Даяар Монгол


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.