Эхний санал, сүүлчийн боломж…

Судлаач Д.Ганхуяг

Системийн хямрал болж байгааг 1998 онд дүгнэсэн байтал улс төрчид нь дөнгөж 2004 онд “ойлгодог”, тэгсэн атлаа юу ч хийдэггүй, 2004 онд системийн задрал болж байгааг дүгнэсэн байхад одоо болтол “хүлээн зөвшөөрөхгүй” байгаа нь тэнэг мангуугийн шинж биз. Одоо “сайн төр засаг” хүлээгээд нэмэр байхгүй. Одоо гацчихаад байгаа царайг нь харахгүй юу. Эндээс гарах олон хувилбарын нэгийг санал болгоход бас л урьдын адил тоосонгүй. Албан тушаалын төлөө улайрсан олигархуудад юу ч хэлээд нэмэргүй аж. Энэ тухай өгүүлье…

Уянгын ухаалаг санал
Сонгуулийн дараа, наадмын өмнө УИХ-д сонгогдсон олон хүн олон юм ярьсан боловч ганцхан хүн улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудал хөндсөн юм.
УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая!” уриалга санал гаргаж хэд хэдэн сайтад тавьсан боловч тоосон хүн бараг алга. Бодвол бэлэг дэмбэрэлээ бодоо биз, наадмын өмнө 7 дугаар сарын 7-нд тавьсан боловч манайхан наадамтайгаа холиод идчихжээ. Одоо хайлтын системд бараг алга болсон байна. Яагаад, яагаад үүнийг устгаж байгаа юм ?!
Г.Уянга улс төр, нийгмийн байдлыг дараах байдлаар дүгнэсэн юм:
“…Юуны өмнө намчирхлаас салахаас ажлаа эхэлцгээе. Өнөөгийн намууд эрх мэдэл, албан тушаалын их дэлгүүр болжээ…”
“…Хүний шуналд хязгаар үгүй тул ийм замаар ханаж цаддаггүй бирдүүдийн үржүүлгийн газар нь Нам болж хувирчээ. Үлгэрлэвээс намууд тараг мэт исэж, сүү шиг төрд тэр тарагны хөрөнгө орсноор Монголын төр ээдэж байна…”
“…Түүнээс биш нам бүлгээрээ талцаж, эсвэл ар хударгаараа хуйвалдаж албан тушаал, эрх мэдэл наймаалц гэж сонгоогүй. Бидний баялгийг гадныхны халаасанд хийх ажлаа дуусгаадах гэж сонгоогүй…”
“…Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг…”

Энэ бол зүгээр нэг дүгнэлт биш, энэ бол улс төрийн системийг өөрчлөх гэсэн зарчмын санал юм. Эрх баригчид их л сайндаа Үндсэн хууль “зохионо” гэж ярьдаг байсны дэргэд бол энэ нь жинхэнэ амьд санал юм. Ийм санал урд нь гарч байгаагүй, тэр тусмаа “дээрээс” гарч байгаагүй.

Г.Уянга юу хийх зарчим болон гаргалгаа хийж байна:
“…Бид нэг л намтай. Тэр нь Монгол улс. Бид нэг л зарчимтай…”
“…“Үндэсний эрх ашиг” гэсэн ганцхан шүүлтүүрээр бүхнийг хатуу шүүдэг анхны парламент болъё….Ердөө үүнийг ганцхан удаа зориг гарган эсэргүүцэхийг та бүгдээсээ хүсч байна…”
“…Бид энэ удаа л таслан зогсоохгүй бол хэзээ ч дуусахгүй эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн энэ хэнээрхэл хэзээ ч дуусахгүй…”
“…Бид УИХ-ыг Монголын эзэнт гүрний Их Хурилдай шиг бүрэн эрхийнхээ дагуу улс орноо удирдан хөтлөх дээд байгууллага болгоё…”
“…Хамтарсан засгийн газар Монголыг аврахгүй ээ…”
“…Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе…”
“…Үндсэн хууль батлагдмагц түүний дагуу улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах болно. Ингээд шинэ Үндсэн хуулиар шинэ сонгуулийн хуулиар шинэ Үндэсний Их Хурилдайгаа /парламентаа/ байгуулъя. Үүний дараа эрх баригч ба сөрөг хүчин гэж төрийн хүмүүс хоорондоо химлэлдэхгүй болно. Манай нам танай нам гэж иргэд хоорондоо талцахгүй болно…”

Үүнээс илүү ухаалаг санал гэж байхгүй л дээ. Үүнийг гарсан дараа нь би Уянгаад хэлж байсан юм. Цаадуул чинь “ойлгохгүй дээ” гэж. Уянга: “магадгүй, гэхдээ жаахан харъя” гэж билээ…

Сүүлчийн боломж
Монголын улс төрийн системийн задралын ирмэг дээр түүнийг засаж залруулах, аврах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргалаа. Үүнийг нь лаларууд үнэлсэнгүй, ард түмэн тоосонгүй. Тэгээд хэн хохирох юм ?!
Хэрэв энэ УИХ-д голдоо нүхтэй ганц боловч хүн байсан бол энэ саналыг зөвшөөрөх байсан Гэтэл тэгсэнгүй.
Эндээс үзэхэд одоогийн УИХ бол намын ялзарсан системд хүлэгдсэн утсан хүүхэлдэйнүүд, системийн ялзрал дээр арвалзан бужигнагч өт хорхойнууд мөн. Тэд системээ “үхэхэд” л хамт үхэх антисистем мөн.
Г.Уянга тэдэнд сүүлчийн боломжийг нь хэлж өгөв. Тэд үгэнд нь орсонгүй. Тэгвэл би үргэлжлэлийг нь хэлж өгч болж байна:
Эд нар УИХ, Засгийн Газрын төлөө эцэс төгсгөлгүй дайн хийнэ. Удалгүй орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дайн болно. Энд намын системийн дотоод дайн самуун үргэлжилнэ. “Тэнэг ард түмэн” нь тэднийгээ дагаад “сайн” олигархи “муу” олигархи, “манай” олигархи “танай” олигархи гэж дайтна. Мэдэмхийрч цэцэрхэж байх хооронд нь хулгай дээрэм гаарна. Бие биенээ шоронд хийнэ, шинэ маягийн хэлмэгдүүлэлт болно.
Фанатууд бол 30-аад оны коммунист байна уу, XXI зууны “ардчилсан” байна уу юугаараа ч ялгаагүй. Үнэхээр тэнэгтэж өгнө. Энэ бол гарцаагүй. Ингээд олигархууд төрөө өөрсдөө нураана…
Энэ бол хэлж өгсөн боломжийг ашиглаагүйн төлөөс болно.

Тэгээд яана гэж үү ?!
Системийн задралд орсон төр үхэх ч үгүй, сэхэх ч үгүй заваараад байдаг нэг төлөв байдал бий. Ийм байдлаар олон жил явсан. Одоо бүх боломж шавхагдсан. Иймээс системийн шинэ төлөв байдалд орж байж л цааш явна. Энэ нь онолын хувьд их эмзэг байдаг юм л даа.
Хэрэв үг авахгүй бол биеэрээ амсдаг нь хууль. Заавал төр нурахыг үзэж, үймээн самуун болж, хөл толгойгоо алдаж, тартагтаа тулж, ходоодоороо мэдэж байж ухаарах гээд байвал одоо яая гэхэв.
Зүй тогтол бол жамаараа болно. Нурж буй системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй гэж би мөн ч олон хэлсэн. Уг нь оюун санаа нь хэвийн хүн бол дараа нь яахав гэдгийг өөрөө бодож, аюул занал, хор хохирлыг аль болох багасгахыг чармайх ёстой.
Авто ослыг хүмүүс тойрч зогсоод хараад байх нь олонтаа байдаг, ухаантай хүн бол осол ахиж гаргахгүй арга замыг хайдаг. Одоо бол “төр нурахыг” бүгдээрээ “тойрч зогсоод” харах гэж байгаа юм шиг байна л даа. Харин энэ бол нэг их хүсүүштэй зүйл биш шүү дээ…
Чи тийм сүрхий юм бол тэр гарц, арга замаа одоо хэлээд өгчих гэж над руу дайрахыг чинь мэдэж л байна. Эхлээд хүний үг “зөв ойлгодог” болчихоод тэгж хэл. Дараа нь хүний “үгэнд ордог” болчихоод тэгж хэл…
Хийе, бүтээе, өөрчилье гэсэн чин сэтгэл, итгэл үнэмшил олон хүний зүрх сэтгэлд бий болсон үед гайгүй би зарим хувилбаруудыг хэлээд өгнө. Магадгүй тийм итгэл үнэмшил бий болсон үед надтай надгүй гарцаа өөрөө олно доо, монголчууд. Эхний санал, сүүлчийн боломжийг Г.Уянга хэллээ ш дээ…
Магадгүй, эрх мэдэл булаалдсан олигархиудад юу ч хэлээд нэмэргүй гэдгийг харгалзаагүй нь Уянгийн “алдаа” ч байж магадгүй. Гэхдээ алсыг харсан юмыг алдаа гэж хэлж болохгүй л дээ.
Алдааг УИХ суудал бүхий АН, МАХН, ИЗНН, МАХН “хамтдаа” гаргасан, алдаагаа хүлээхгүй юм чинь засна, засрана гэж байхгүй л дээ.
Эндээс шинэ “ардын дуу” гарах бөгөөд агуулга нь нэг иймэрхүү байх болов уу:
Ямар тэнэгийг сонгосноо иргэд өөрсдөө мэдээрэй
Ямар хулгайчаар мануулснаа сонгогч олон ойлгоорой…
гэх л үлдээд байна даа.
Харин системийн өөрчлөлт нэрийн дор Ц.Элбэгдорж “тоглох” нэг хувилбар гарч ирнэ. Ийм болохоор нь манайд “шинэ юм” хэлж болдоггүй юм. Тэр тун удахгүй “шинэ онол” гаргаж, Баабар “үзэл суртлыг” нь хийх нь гарцаагүй. Баабар мянган гоё юм бичээд ялзарсан системийг аварч чадахгүй нь дэндүү ойлгомжтой…
Ер нь бол олигархийн зодооноос олигтой юм хүлээх хэрэг байхгүй л дээ, уг нь…
Та хар, сонс, үз, системийн өөрчлөлт хийх шинэ цаг гадаа чинь ирээд байна…

2012 оны 7 дугаар сарын 25.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих