Засварт орсон ч гуравдугаар төрөхөд асуудал их байна

Нийслэлийн III амаржих газрыг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас эхлэн түр хугацаагаар хааж их засвар хийжээ. Засварын ажил энэ сарын 5-нд дуусах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдон уржигдар хэвийн үйл ажиллагаандаа орсон. Засвар хийж байрандаа төвхнөөд удаагүй тус амаржих газрын үйл ажиллагааг сурвалжлахаар зорилоо. Биднийг очиход Хүлээн авах хэсэг нэлээд ачаалалтай байв. Жижүүрийн цонхоор хүмүүс шагайж чанга дуугаар “Манай охин Сувдааг дуудаач өгөөч”, “Эхнэр Номинд эргэлт ирлээ гээд дамжуулаадах уу”, “Энэ тортой хувцсыг Баярмаад оруулаад өгөөч”  хэмээн тасагт хэвтэж байгаа өвчтөн, коридороор яаруу алхах ажилчдад хандан хэлнэ. Амаржсан, амаржихаар хэвтсэн эхнэр, хүүхэдтэйгээ уулзах гэсэн ар гэрийнхэн огт тасрахгүй юм. Тэнд нэг нь жижүүрийн эргэлтийн жижиг цонхоор эхнэртэйгээ уулзах гэж догдолж  байхад хонгилын сандал дээр төрөх гэж буй охиноо, эхнэрээ яасан бол гэсэн янзтай тэвдэх хэсэг хүмүүс сууна. Тэдэн дунд нэгэн эмэгтэй хүнд мэдэгдэхгүйг хичээн мэгшиж суугаа нь нүдэнд тусав. Охин нь төрж чадахгүй нэлээд удаж байгаа аж. Эмч нар хүртэл бүтэлттэй гарч магадгүй гэж анхааруулсан гэнэ. Нулимсаа барьж чадахгүй хэсэг зогсож байгаад хүний нүднээс холдох гэсэн үү, гараад явчихав. Уржигдраас засвар хийсэн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус эмнэлэг хоёр өдрийн дотор 30 гаруй үйлчлүүлэгч хүлээн авч хэвтүүлжээ. Эдний зарим нь амаржсан эхчүүд бол нөгөө хэсэг нь төрөх хугацаа нь болчихсон ээжүүд гэнэ. Ирсэн зорилгоо хэлэхэд гадны хүн тасаг руу оруулахгүй гэв. Дөнгөж засвар хийсэн гэхэд будаг, шохой үнэртээд байгаа юм алга.   Нааш, цааш эмч нар хөлхөж өвчтөний картаа барьсан ээжүүд сандал дээр шинжилгээ өгөх ээлжээ хүлээн гэдсээ илэн зовиурлан суух аж.

Энэ үеэр тус газрын ерөнхий эмч Д.Бат-Очироос зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогоор хичнээн өвчтөн хүлээж аваад байна вэ?

-Өглөөний байдлаар нийт 20 гаруй эх хүлээж авсан байна лээ. Энгийн үед 24 цагийн дотор 30 орчим өвчтөн хүлээж авдаг. Өчигдрөөс л үйл ажиллагаагаа эхлүүлж хэвийн байдалдаа эргэн орж байгаа болохоор үйлчлүүлэгч харьцангүй бага байна. Засварын ажил дуусч ажил жигдрэнгүүт амаржих эхчүүдээ хүлээж аваад байна.

-Энэ хугацаанд танай дүүргийн харьяа өвчтөнүүдийг нийслэлийн I амаржихад хүлээж авч байсан байх аа. Ямар нэг хүндрэл гарсан уу?

-Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн манай 65 эмч, эмнэлгийн ажилтнууд тус эмнэлгийн хамт олонтой хамтран ажиллаад ирлээ. Шаардлагатай гэсэн аппарат, тоног төхөөрөмжтэйгээ очсон. Хоёр сарын дотор манай дүүргээс нийт 800 гаруй эх амаржсан байна. Ямар нэгэн осол, эндэл гараагүй. Нэгдүгээр төрөхөөс эмч нар маань их ч юм сурч туршлага хуримтлуулсан. Тиймээс нэгдүгээр амаржихын хамт олонд танай сониноор дамжуулж талархсанаа илэрхийлье.

-Засварын ажил энэ сарын 5-нд дууссан мөртлөө ямар шалтгаанаар ажиллахгүй өнөөдрийг хүрсэн юм бэ?

-Гадуур барилгын засварын ажил нь дуусаагүй, засвар хийгээд шаардлага хангаагүй гэх мэтийн мэдээлэл гарсан байна лээ. Үнэндээ засварын хувьд хийж дуусаагүй шаардлагатай зүйлүүд байсан. Тухайлбал, мэс заслын өрөөний агааржуулалт, салхивчийг шинэчлэхэд асуудал үүссэн тал бий. Энэ барилга дээр үеийн зузаан ханатай учир хана цоолох техник, багаж хэрэгсэл дулимаг байсныг үгүйсгэхгүй, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу амаржих газрын дагаж мөрдөх стандарт гэж байдаг юм. Энэ стандартад тусгаснаар бол амаржих газрыг зургаан сар тутамд 14 хоног үйл ажиллагааг нь зогсоож ариутгадаг журамтай. Гэтэл өнөөдөр энэ журмыг хэрэгжүүлж байгаа амаржих газар алга. Харин манайх энэ журмын дагуу дээрх хугацаанд засвар хийхээс гадна ариутгал, угаалга цэвэрлэгээ хийсэн.

-Засварт хичнээн төгрөг зарцуулагдсан бэ?

-Барилгын болоод сан техник, цахилгааны шугам сүлжзэг засварлахад 89 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл нэмж хийх олон ажил үлдээд байна.

-Тэгэхээр засвар дутуу хийгдсэн гэсэн үг үү?

-Хоёр жилийн өмнө хүсэлт гаргаж их засвар хийх зайлшгүй шаардлагатай гэж үзээд 89 сая төгрөгийн төсөв хийсэн юм. Ингээд батлагдсан журам энэ онд хийгдсэн. Тэр үед засвар хийх, шинэчлэх шаардлагагүй байсан зүйл одоо эвдэрч, муудан хэрэггүй болж байна шүү дээ. Жишээлбэл тухайн үед цоо шинэ хулдаас байсан бол өнөөдөр урагдаад солихоор болчихсон. Засвар гүйцэтгэж байгаа компанидаа хулдаасаа солимоор байна гэвэл зураг төсөлд тийм юм алга, эсвэл оронд нь энэ паарыг чинь тавихгүй гэж хариулах нь ойлгомжтой.

-Анх байгуулагдахдаа 45 ортой үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэсэн. Одоо ч адилхан 45 ортой. Сая засвар хийхдээ ороо нэмсэн үү?

-Би сая хэллээ шүү дээ. Барилгын урсгал засвар болон сантехник, цахилгааны шугамын засварын шинэчлэл хийсэн гэж. Зураг төслийн дагуу хийх ажлаа гүйцэтгэсэн. Ор нэмэх, орон тоо нэмэх тусдаа асуудал. 2011 онд Байнгын хорооноос шалгалт хийн танай эмнэлгийн орон тоог нэмж шинээр төрөх байр барих шаардлагатай юм байна гэж үзээд хуучин III амаржих газрын суурин дээр шинэ байр барих шав тавьсан. Тухайн үеийн Засгийн газрын удирдлагууд ирж шав тавих ёслолд оролцож байсан. Уг нь төлөвлөгөөнийхөө дагуу бол энэ оны гуравдугаар сард ашиглалтад орчихсон байх ёстой. Гэвч ашиглалтад орох нь битгий хэл өнөө сур болгож тавьсан шав маань шороонд дарагдаад хэвтэж байна. Баянзүрх дүүрэг хүн ам хамгийн их төвлөрсөн газар. Албан ёсны бүртгэлтэй 278 мянган хүн амтай гэсэн судалгаа бий. Хүн амын нягтаршилтай энэ үед аль арван жилийн өмнө байсан 45 ор, 128 хүний орон тоотой хэвээр ажиллаж байгаа. Энэ юу гэсэн үг вэ. Зургаан оронд нэг их эмч ногдож найман эх баригчтай үйлчилдэг. Тэр үеийн амаржих эхийн тоо өнөөдрийн төрж буй эхийн хооронд асар их зөрүү бий. Үнэхээр стандартын хэрэгжилт алга. Үүнээс болж өдөрт үйлчлүүлэгчдийнхээ бараг 52 хувийг буцааж байна. Төрөх болоогүй байна, өрхийи эмнэлэгтээ хяналтад орж бай, болоогүй юм чинь гэр орныхонтойгоо хамт байж сэтгэл санаагаа тайвшруулаад ир гээд буцаадаг. Яах аргагүй төрөх дөхсөн, амь насанд нь эрсдэлтэй, хэт халуурсан зэрэг өвчтөнг хүлээж авдаг гэв.

Эднийх 45 ортой ч илүү ор энд тэндээс авчирч тавьж байнгын 100 гаруй өвчтөн хүлээж авдаг гэнэ. Энэ байдлаас гарах гарц нь нөгөө шинэ төрөхийн шороонд дарагдсан шав гэсэн. Тус эмнэлэг их үдийн алдад үйлчлүүлэгчдийн хөлд дарагдсан байв. Өнөө маргаашгүй төрөх дөхсөн эхчүүд үзлэгийн өрөө рүү орохоор дараалалд зогсох бөгөөд зарим нь хугацаандаа хяналтандаа орж байхгүй яасан юм, шинжилгээгээ өгөөд ир гээд байхад яах гэж дахин дахин ирээд байгаа юм бэ гэж эмч нарт зэмлүүлэх аж. Мөн цөөнгүй ээжүүд төрөх болоогүй, дараа долоо хоногт эргээд ирээрэй гэсэн хариултыг сонсож үүднээс буцна. Харин биднийг явах алдад өнөөх уйлаад байсан дунд эргэм насны эмэгтэй дээр жижүүр эмч ирж “Энхмаагийн ээж үү, баяр хүргэе гурван килограмм охинтой боллоо” хэмээн хэлэх нь сонсогдлоо. Өнөөх эгчийн түгшсэн царай үгүй болж баярын нулимс унагасаар хоцров.

Д.ДАВААСҮРЭН Э.СУМЪЯА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.