Улс өөрийн гэсэн өмчөө хамгаалах чадваргүй

1990 оны зах зээлээс хойш иргэд хувийн өмчтэй болоод 22 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд хувийн гэх тодотголтой эд зүйл олон болжээ. Харин улсад өөрийн гэсэн өмч хомс байна. Бүгд л хувьчлагдсан хувь хүний мэдэлд. Сүүлдээ бүр өөрийн мэдэлд байгаа цөөхөн хэдэн эд зүйлсээ хүртэл мэдэх эрх мэдэл, хамгаалах чадваргүй болсон  жишээ нүдний өмнө. Хамгийн наад захын жишээг дурьдвал зам засварын ажил, шугам сүлжээний асуудал гээд л жагсаалт бичвэл дуусахгүй урт жагсаалт бий болох биз ээ. Үүнээс цөөхөн хэдийг авч үзье.

Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэж хувийн хэвшилд хамаарах шинэ барилгууд энд тэнгдгүй сүндэрлэнэ. Өндөр барилгуудын шугам сүлжээг тавих асуудал нийслэлчүүдийг уртын харайлтаар хичээллүүлж гарна даа. Мөн хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлахын зэрэгцээ тогны асуудал хүндрэл учруулж байх.

Энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Энэ нь сайхан ч Улаанбаатарын  хувьд том асуудал болоод буй. Жил бүр зам засварын ажлыг гүйцэтгэх нэрийдлээр хэдэн хувийн компаниудын дунд тендер гэгчийг зарлаж олон тэрбумыг өвөртөлүүлж орхино. Нөгөөдүүл нь зам засах гэж нэг жилийн насыг бодож жинхэнэ жанхуу хутгаад орхих нь тэр. Ингээд л нэг жил боржур солино, нөгөө жилд нь цементлэнэ гээд жил ирэх бүр энэ үйл явц ээлжилсээр өдийг хүрлээ. Энэ мэтчилэн төлөвлөлтгүй ажлуудаас болж төрийн төсөв дансаа улайтал үргэдэх нь харамсалтай.  Улсын өмчид хайр гамгүй ханддаг хувийн хэвшлийнхний нэгэн баримттай жишээг дурдъя.

“Эко Констракшн” компани барилга барих гэж байна гэж хэлээд л Хан-уул дүүрэгт байрлах “Нархан” хотхоны тогийг тэр чигт нь таслаж, бүхэл бүтэн хороо тоггүй хоёр өдөр өнжжээ. Юу болсныг шалгаж үзвэл, “Эко констракшн”-ынхан шинэ барилгын суурь ухах ажил хийхдээ замдаа тааралдсан кабелийн утаснуудыг шууд тасалсан байна. Тэр нь улсын кабель болж таарсан. Хариуцлагыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байсан ч гарсан зардлыг тус компаниар төлүүлнэ гэсэн шийдвэрээс өөр ноцтой зүйл үүсээгүй юм. Үүний хажуугаар зургаадугаар сард “Вайт пинекс” гэх компани шөнийн цагаар газар ухаж 10 мянган вольтын хүчдэлтэй кабелийн утсыг тасалж 400 гаруй айлыг тоггүй болгосон. Тус компанийн захирал нь энэ хэрэгт хариуцлага хүлээхгүй хэмээн зугтаж, ажилчид нь хэд хоног бүгж байв.

Энэ мэт улсын хөрөнгөнд хууль бусаар хандсаныхаа төлөө хариуцлага хүлээж байгаа компаниуд алга байна. Зөвхөн өөрийн компанийн ашиг сонирхлыг бодож байгаа энэ үйлдэл нь эргээд бусад компаниудад ийм хэрэг үүсгэх сэдлийг ч төрүүлдэг байх талтай юм. Уг нь бол хуулийнхаа дагуу компаниудад газар ухаж кабелийн утсанд гар хүрэх ч эрх байхгүй. Тэр ч бүү хэл төвийн шугам, кабелийн утаснаас 20 гаруй метрийн зайд барилга барих ёстой. Наад захын дүрмүүдийг улаан цагаанаар зөрчиж байгаа энэ байдал газар авчээ. Ингэж кабель тасалж байх зуур хажуугаар нь энгийн хүн явж таарвал шууд л амиа алдах эрсдэл ч гарч болдог байна.

Иймд иргэд өөрсдийн гэрийн ойр орчимд баригдаж байгаа барилгуудад өөрсдөө хяналт тавьж улсын хөрөнгөнд халдаж байгаа эсэхийг “Улаанбаатар” цахилгаан түгээх сүлжээнд мэдээлэх ёстой гэнэ.

Тайчир

gonews


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.