Дорноговьд АН-ын бизнесийн бүлэглэлийнхний сонирхол нутагшиж эхэллээ

Сонгуулийн үр дүн нэгэнтээ тодорхой болж, түүнийг дагасан сайн муу их чимээ юутай ч нийгмийн өнгөн дээрээс алсрах тийшээ хандав. Харин ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийг хараачлах улстөрийн бүлэглэлүүдийн уухай өдрөөс өдөрт хадаж эхэллээ. Аймаг дүүргийн ИТХ, Засаг даргын төлөөх тулаан хэдийнээ эхэлж, зарим аймгуудад илт ширүүсч байгаа тухай чих дэлсэнэ.

Тухайлбал, хүнд аж үйлдвэрийн парк байгуулахаас эхлээд томоохон бүтээн байгуулалтын уухайг ирэх дөрвөн жилд хадаах Дорноговь аймаг, Монголын баялагийн ихэнх хэсгийг хөрсөн дороо агуулж байгаа Өмнөговь, эх орны зүүн хязгаарт хятадуудтай “найрлаж суух” болсон гэх Сүхбаатар аймгуудад Засаг даргын төлөөх тулаан ихэд хурцаар өрнөж байна.

Тус аймгуудын аль, аль нь АН-аас Засаг даргатай ч мөн аль аль Засаг дарга нь иргэддээ бүү хэл намдаа таалагдахаа больсон. Тэгэхээр АН-аас барьж буй бодлого бол ялангуяа бүтээн байгуулалт ид өрнөх болон асар их байгалийн баялагтай аймгуудад өөрсдийнхөө гар хөлийг суулгаж, түүнээсээ шан харамж хүртэн суух хүсэлтэй бололтой.

Тиймээс өнгөрөгч дөрвөн жилд намынх нь нэрийг чамгүй унагасан Засаг дарга нарыг зайлуулж, чих зөөлөн нөхдийг тавих тухай ч эх сурвалж дуулгав.
Жишээлэхэд, энэхүү бодлогыг аль хэдийнэ гадарлах болсон Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг суудлаа хамгаалж үлдэхээр арга чарга хайж байгаа ч УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг тодорхой бодлогын хүрээнд аймгийн Засаг дарга болгох тухай яриа газар авчээ.

Эх сурвалжийн ярьснаар “Болд төмөр ерөө гол”- ын Б.Дэлгэрсайхан Даланзадгад-Сайншанд-Чойбалсан чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих, улмаар Сайншанд хүнд аж үйлдвэрийн парк босгоход гар бие оролцох туйлын хүсэлтэй байгаа аж. Хэвлэлээр бичээд байгаа шиг Дорноговь хятадыг холбосон төмөр замын төлөө улайрч байна, Дорноговь аймгийг хятадуудад өгөх нь гэх хаашаа юм.

Ямар ч байсан Дорноговийн угшилтай бизнесийн бүлэглэлийнхний ашиг сонирхол аймгийн Засаг даргын томилгоонд шургалж байгаа гэх. Мөнхүү МАН-аас Дорноговийн тойрогт нэр дэвшээд байсан “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг намынхаа Бага хурлаас нэр дэвших эрхийн мандатаа аваад байхад нь баривчилж, сонгуулийн маргааш буюу зургадугаар сарын 29-нд сулласныг ч энэхүү томилгоотой холбон тайлбарладаг.

Учир нь, тус тойрогт урьдчилсан байдлаар хол тасархай явж байсан МАН-аас нэр дэвшигч тэдэнд ялагдашгүй ганц хүн нь болоод байсан хэрэг. Ингэж бизнесийн бүлэглэлийнхэн өөрийн талын хүн гэгдэх УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг тус тойрогт ялуулах төлөвлөгөө боловсруулсан гэдэг.

Харин бурууд нүд төдийгүй сэтгэл хурц дорноговьчууд тэдний төлөвлөгөөг нурааж, Я.Батсуурь сонгуульд өвдөг шороодсон юм. Ингээд хүслээ гүйцээхийн тулд Я.Батсуурийг орон нутгийн сонгуульд сойж байгаа гэх. Намынхаа жагсаалтад 20 орчимд жагсаад, таслуулсан П.Ганхуяг өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Дорноговь аймгийн төрийн албан хаагчдын 70 шахам хувийг халж орхисон нь тус аймагт АНын нэрийг шороотой хутгаж орхисон.

Тиймээс ч УИХ-ын гишүүн Я.Батсуурьт нь энэ удаагийн сонгуулиар иргэд итгэл хүлээлгэсэнгүй. Өөрөөр хэлбэл, намынх нь журамт нөхөр, аймгийн Засаг дарга П.Ганхуяг Я.Батсуурийн өвдөг шороодох үндэслэлийг тавьсан ч гэдэг. П.Ганхуягийг намаас нь ахин Засаг ноёны суудалд суулгахгүй нь тодорхой болж, нөгөө талд Я.Батсуурь Гадаад харилцааны сайдын суудалд хувилбартайг ч “Болд төмөр ерөө гол”-ын эрх ашгийг нэгдүгээрт тавих зайлшгүй шаардлага гарсан гэх яриа тэнүүчилж байна лээ.

Харин Я.Батсуурийн хувьд аймгийн ИТХын дарга Г.Ганбаатарыг өөрийнхөө оронд Засаг даргад зүтгүүлж, өөрөө ГХЯ-ны сайдын суудал горилж байж болох талтай. Юутай ч, гишүүн асан Я.Батсуурь маань “Алтангадас” фракцдаа ихээхэн найдлага тавьж байгаа аж. Гэхдээ АН-ын фракцууд дотор томоохон шуурга дэгдэж, тэр тусмаа “Алтангадас” фракцийн эсрэг хэсэг гишүүд босоод байгаа.

Харин Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарын хувьд Монгол Ардын Намын гишүүн хэдий ч өнгөрөгч дөрвөн жилд АН-ын гишүүн Я.Батсуурийн талд үйлчилсэн хэмээн журамт нөхөд нь харддаг. Үнэн эсэхийг бүү мэд. Дорноговь аймгийн ИТХ Монгол Ардын Нам, АН-аас хүч тэнцүүхэн суудаг бөгөөд бие даагчид нь АН-ынхаа гишүүдтэй санал нэгддэг аж.
Хурлын төлөөлөгчдийн хувьд энэ удаад ИТХ-ын дарга Г.Ганбаатараа аймгийн Засаг даргад зүтгүүлэх сонирхол давамгайлж байгаа бол “Болд төмөр ерөө гол”-ын зүгээс аймгийн ИТХ-ыг чиглэсэн их мөнгө айсуй нь Г.Ганбаатарын хүсэлд хязгаар тавьж буй нь дамжиггүй. Ерөөсөө аливаа албан тушаалын эцсийн зорилго нь эрх мэдлээ давсан мөнгө байдаг шүү дээ.

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨГЧИД ОЛОН СОРИЛТ ДАВАХ НЬ

Аймгийн Засаг даргыг Иргэдийн хурлаараа сонгосныг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилдаг журамтай. Тэгэхээр ирэх сонгуулиар аймгийн засаг ноёдоор тодрох эрхмүүд урьдчилсан байдлаар Ерөнхий сайд болчихоод байгаа Н.Алтанхуягийн мутрыг царайчлах хэрэг гарна.

Энэ бол нэгдүгээр даваа. Монгол Ардын Нам бүү хэл АН доторхи “Алтангадас” фракцийнх байж сая Н.Алтанхуягийнхаа мутраас адис хүртэх магадлалтай. Хоёрдугаар зовлон гэвэл шүүх эрх мэдлийнхний тулган шаардалт гээд ирээдүйн засаг ноёдод багагүй шалгалт сорилт бий.

Хамгийн наад зах нь засгийн эрх атгаж байгаа АН-ын хөрөнгө санхүүгийн хүрээнд орон нутгийн сонгууль явагдана. Эндээс харахад аймгуудын Засаг даргыг сонгодог ИТХ-ын төлөөлөгчдөд АН-ын зүгээс маш их мөнгөний бороо цутгах хандлага бий. Энэ нь бие даагчид болон шүүх эрх мэдэл, мөнгөний эрх мэдэлгүй хэнд ч халгаатай.

Энэ нь мэдээж хэрэг, АН-аас Засаг дарга бологсдын хувьд холуур тойрно. Бусад нам эвслүүдээс нэр дэвшигчдийн хувьд жинхэнэ том шалгуур хүлээж байгааг ойлгох хэрэгтэй болж байна. Мөн нэг том асуудал бол ирэх орон нутгийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буйгаараа томоохон онцлогтой.

Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг гартаа хийсэн Ц.Элбэгдорж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бөгөөд тэр сонгуулийн өмнөхөн болж буйгаараа хэний ч айдсыг төрүүлнэ.
Энэ сонгуулиар шүүх эрх мэдлээр далайлгасан хууль бус үйлдэл ч олон болж өнгөрөхийг үгүйсгэх аргагүй. Ер нь АН-ынхан ирэх дөрвөн жилд аймгуудын Засаг даргын суудлыг хамгаалж үлдэх томоохон үүргээ эртнээс гүйцэлдүүлж эхэлсэн нь тодорхой.

Мэдээж, энэ тулаан бол УИХ-ын сонгуулиас хамаагүй өмнө эхэлсэн. Шуудхан хэлэхэд, МАН-аас аймаг захиран суугаа эрхмүүдийг баривчлахаас эхэлснийг бүгд мэдэж буй. Орхоны Д.Оюунбат, Увсын А.Цасчихэр, Говьсүмбэрийн Ж.Баянмөнх гээд АН-ын орон нутгийн сонгуулийн золиос бологсод цөөнгүй.

Тэднийг юуны тулд яллаад бас дараа нь цагаатгаад байгаа нь хэнд ч хар төрүүлэх байх. Тэгэхээр орон нутгийн сонгууль угтсан баривчилгаа, их хэлмэгдүүлэлт дахин үргэлжлэх магадлал өндөр байна.

 С.БАЯР

www.UNEN.mn


URL:

Сэтгэгдэл бичих