Махны үнэ “хяналтгүй” өссөөр байна

Бид “мах магнаг боллоо” гэсээр нэлээд хугацааг үдлээ. Сүүлийн үед бензин, шатахуун, гурил, хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлт гарсаар байгааг ҮСХ-ны долоо хоног тутмын судалгаа батална. Тэр дундаа махны үнэ тэнгэрт хадаад байгаад иргэдийг 1990-ээд оны картын бараанд дугаарлуулсан мэт дүр зураг үүсэгсэн нөөцийн мах боломжийн үнээр худалдаалагдаж, түргэн хугацаанд зарагдаж байсан ч наадмын гэх “шинэ” махны үнэд бут цохиулжээ.

Энэ жил Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж 16 мянган тонн мах нөөцөлсөн хэмээж байсан ч энэ хэмжээний мах ёстой л аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгч болж лангуун дээр харагдахаа больсон. Хэдийгээр нөөцийн махыг эрт худалдаанд гаргасан учраас дуусан гэж албаныхан тодотгож байгаа бол махны чанарт, хадгалалтын горимд анхаарах хэрэгтэйг иргэд сануулсаар байна.

Энэ зуур махны үнэ өсч буй хэд хэдэн шалтгаан байгааг ч салбарынхан хэлж сууна. Энэ талаар нийслэлийнхний үйлчлүүлдэг “Бөмбөгөр”, “Баянзүрх” захын махны худалдагчид ямар бодолтой байдгийг сонслоо. Тэдний ярьж байгаагаар махны үнийг өмнөх сарынхтай харьцуулбал нэлээд хувиар өссөн гэдгийг нуусангүй ээ. Харин “шинж чанар хадгалалтын горим сайн байгаа” гэв. Тэд нөөцийн мах энэ сард ерөөсөө худалдаалагдаагүй. Үнийн хувьд хэдэн төгрөгийн татуу учраас гарт багтахгүй дуусдаг” гэлээ.

Тэд мөн иргэдийн идэвхтэй үйлчлүүлдэг захуудаар нөөцийн мах борлуулах хэмжээг нэмэгдүүлэхэд анхаараач гэх саналыг хэлж байсан. Учир нь супермаркетуудаар харьцангуй амьдралын боломжтой иргэд үйлчлүүлдэг тиймээс захуудын лангууг нөөцийн маханд зориулмаар байна гэв. Баянзүрх худдалдааны төвд махны үнэ ийм байна. Үхрийн гуяны цул мах-7500 Үхрийн ястай мах-7300 Хонины цул мах-7300 Хонины ястай мах-6600 Ямааны цул мах-7000 Ямааны ястай мах-6500 Адууны цул мах-7000 Адууны ястай мах-6500 Бөмбөгөр худалдааны төвд махны үнэ ийм байна. Үхрийн гуяны цул мах-7500 Үхрийн ястай мах-7000 Хонины цул мах-8000 Хонины ястай мах-6500 Ямааны цул мах-7000 Ямааны ястай мах-6500 Адууны ястай мах-6500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Нөөцийн мах бэлтгэлд анхаарлаа хандуулъя Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар мах бэлтгэдэг ихэнх аж ахуйн нэгжүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрийн бус аргаар малчны хотонд бэлдсэн махаа нөөцөнд нийлүүлдэг, гарал үүслийн гэрчилгээгүй мах их хэмжээгээр орж ирдэг, мax бэлтгэдэг аж ахуйн нэгжийн дийлэнх нь бэлтгэсэн махаа хадгалах өөрийн агуулах байдаггүй. Агуулахтай цөөн компани нь багтаамжгүй байдаг зэрэг зөрчил илэрчээ. Харин иргэдийн зүгээс нөөцийн мах бэлтгэдэг компаниуд Засгийн газраас хөнгөлөлт авчихаад хүн худалдаж авахын аргагүй туранхай мах зах зээлд нийлүүлж, маш их ашиг олдог. Нөөцийн мах борлуулж буй махны сав баглаа боодолд огт анхаардаггүй, мax нэртэй болохоос биш яс голдуу байдагт анхаарах хэрэгтэйг хэлж байгаа юм.

Энэ талаар холбогдох байгууллагаас нь тодруулахад, “Манайх болон махны холбоон дээр нөөцийн махтай холбоотой хэд хэдэн гомдол ирсэн нь үнэн. Бид газар дээр нь очиж шалгаж байна. Махны холбооны ажилтнууд мах нийлүүлж буй үйлдвэрүүдэд очиж махаа хэрхэн яаж хуваадаг вэ гэдгийг шалгахаас гадна дэлгүүрүүдийн худалдаанд хүртэл хяналт тавьсан. Өнгөрсөн жилүүдэд 7000 орчим тонн мах бэлтгэж байсан бол энэ жилийн хувьд дээрх хэмжээг 2800 тонноор бууруулсан нь зөв шийдэл байгаагүй.

Хотын зүгээс нөөцийн мах бэлтгэхээс өөрөөр махны үнийг барих аргагүй. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээрээ үнэ ханш нь өсч, буурч байдаг нь амьдралын хууль. Ирэх жилээс эхлэн нөөцийн махыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ жилийн нөхцөл байдал харууллаа. Жил бүрийн хавар махны үнийг сааруулахын тулд нийслэлийн хэмжээнд 11-16 мянган тонн мах нөөцлөх шаардлагатай гэсэн тооцоо бий” гэсэн юм. О.Чанцалдулам


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.