Эхний тойрогтоо гоц мөргөцгөөсөн жүдочдын сугалаа

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 37 жүдоч зодоглоно
ОУХМ Д.Төмөрхүлэгийн тухайд “А” зоонд хуваарилагдаж эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Бразилийн Фелипе Китадафайтай барилдахаар сугалаа таарчээ.

Түүний өрсөлдөгчийн тухайд дэлхийн чансаагаараа 14 дүгээрт бичигдэж олимпийн эрх өвөртөлсөн. Сонирхуулахад маргааш түүний төрсөн өдөр тохиож 22 нас хүрэх юм байна. Эхний барилдаандаа ялбал дараагийн тойрогт Гайана болон Өмнөд Африкийн бөхчүүдийн ялсантай хүч үзэх юм. Түүний зооны хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл тив, дэлхийн аваргын тэмцээнд өнөөг хүртэл босоо яваа, дэлхийн чансаагаараа тэргүүлж буй Бээжингийн ийн аваргын хүрэл медальт, 2011 оны дэлхийн аварга Узбекистаны Ришод Собиров, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Австралийн шилдэг жүдоч Лудвиг Пэйсчер юм.

“B” зооныг тэргүүлэн дэлхийд чансаагаараа гуравдугаарт бичигдэж буй Галстян Арсен, “C” хэсэгт дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Хираоки Хироака, “D” хэсэгт 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт, дэлхийн чансаагаараа тавд бичигдэж буй Украйны Георгий Зантарая нар зодоглоно. Австралийн жүдоч олимпийн мөнгөн медальт Лудвигээс бусад медальтнууд энэ удаад барилдсангүй. Ерөнхийдөө дээр нэр дурдагдсан жүдочдын дундаас Лондонгийн олимпийн медалийн эзэд тодрох нь дамжиггүй ээ.

66кг-д 36 жүдоч барилдана
66 кг-ын жинд Афины хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар  “С” хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайванийн бөх Ту Кай Вентэй оноолт таарчээ. Түүний өрсөлдөгчийн тухайд дэлхийн чансааны оноогоор бус ОУОХ-ноос олгосон эрхийн дагуу барилдаж байгаа юм байна. 66кг-д дэлхийд чансаагаараа нэгдүгээр бичигдэж буй, Бээжингийн олимпийн шагналт тавдугаар байрын эзэн Гадановыг өнжөөж түүний оронд чансааны гуравдугаарт эрэмблэгдэж буй 2011 онд Парисын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Могушиков Мусад ОХУ итгэл хүлээлгэжээ.

“B” хэсэгт 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, дэлхийд чансаагаараа зургадугаарт бичигдэж буй Бразилийн Леандро Кунья,  “D” зоонд Парисын дэлхийн аварга Японы Масаши Эбинума нарын шилдэг жүдоч бий. Х.Цагаанбаатарын хувьд хэсгээсээ гарч ирлээ гэхэд Японы Масаши Эбинуматай финалд үлдэхийн төлөөх барилдаанаа хийх учиртай. Бээжингийн олимпийн медальтнуудаас нэгэн ч энэ удаад даагаа нэхэхгүй нь ээ.

73кг-д 34 жүдоч барилдана

Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигдэж буй ОУХМ С.Ням-Очир “В” зоонд хуваарилагдаж эхний тойргийн барилдаанд хийлж, удаахь тойрогт чансааны 19 дэх бөх Германы Кристофер Воелктэй учраа таарчээ. Түүний багтсан хэсгийг ОХ-ын бөх Исаев Мансур тэргүүлэн барилдаж байгаа учраас хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. С.Ням-Очирын хувьд хэсгээсээ гарч ирвэл “А” хэсэгт багтсан 73кг-д дэлхийд чансаагаараа нэгдүгээрт яваа, Бээижн БНСУ-ын бөх Ван Ки Чунтай медалийн төлөө барилдах юм. Нөгөө хэсэгт нь Бээжингийн хүрэл медальт Тажикстаны Расул, дэлхийн аваргын хүрэл медальт Узбекстаны Наврук Юракобилов, Францын Уго Легранд зэрэг шилдэг жүдочид бий.

-100кг-д 30 жүдоч барилдана
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Н.Түвшинбаяр “B” хэсэгт зодоглох билээ. Манай тамирчин эхний барилдаанаа Тайландын Теерават Хомклинтэй хийж, ялбал Францын Тьерри Фабре, Египетийн Рамадан Дарвиш нарын ялагчтай барилдах юм. 2011 оны дэлхийн аваргын алтан медальт Тагир Хайбулав, мөнгөн медальт дэлхийд чансаагаараа тасархай тэргүүлж яваа Максим Раков, дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Лукас зэрэг шилдгүүд нөгөө зоонд нь багтжээ.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглох ОУХМ М.Уранцэцэг эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Александа Подрядоватай барилдахаар сугалаа таарчээ. 52 кг-д М.Бундмаа жингийн тамирчдаа манлайлах эхний тойрогт Гаити улсын тамирчин Линоуси Десравинтай, ялбал Кубын тамирчин Янет Бермой Акостатай барилдахаар болсон байна. 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа хүч үзнэ. Сугалаа ёсоор тэрбээр эхний тойрогт БНСУ-тай шилдэг жүдоч Ким Жан Дитай, ялсан тохиолдолд Италийн бөх Жулия Квинтаваллтай барилдах юм. 57 кг-ын жинд 25 бөх барилдах юм байна. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн тухайд 24 жүдоч өрсөлдөнө. ОУХМ Ц.Мөнхзаяа Палау улсын тамирчин Женнифер Энсонтой, ялбал Финляндын Йоханна Илинентэй барилдахаар сугалаа таараад байна.

Харин -78 кг-ын жинд ОУХМ П.Лхамдэгд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Их Британийн Жемма Гиббонс, Португалийн Яхима Рамирез нартай ялсантай хүч үзэх юм.

Б.Ирээдүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих