МАН-ЫНХАН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨХ ТVVХЭЭ МАРТЖЭЭ

-2008 онд УИХ-ын чуулганыг хамгийн ахмад гишvvн даргалаагvй, Иргэний зориг намтай ч зөвшилцөөгvй-
Тvvх сөхье. УИХ-ын 2008 оны сонгуульд МАН 45 суудал авч, олонхи болсон. Гэвч “долдугаар сарын 1”-ний vйл явдлаас болж МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан юм. Тухайн vед МАН-аас УИХ-ын даргад Д.Дэмбэрэлийг санал болгож байлаа. Д.Дэмбэрэл бас л хамгийн өндөр настай УИХ-ын гишvvн байсан ч хуралдаан даргалаагvйг олон тvмэн тодхон санаж буй биз. Учир нь, тэрээр УИХ-ын даргад нэр дэвшсэн учир дараагийн ахмад гишvvн болох С.Ламбаа хуралдаан даргалж, Д.Дэмбэрэлд тамга гардуулж байлаа. МАН, АН-тай зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа Иргэний зориг намтай зөвшилцөөгvй. Зөвшилцөх тухай санал ч тавиагvй гэдгийг “амьд гэрч” УИХ-ын гишvvн С.Оюун хэлж байгаа.

Vvнийг одоо улс төрд vvсч буй нөхцөл байдалтай холбож vзвэл МАН-ынхан тухайн vед хууль зөрчсөн гэж vзэж болохоор байна. Хамгийн ахмад настай Д.Дэмбэрэлээр хуралдаан удирдуулаагvй, Иргэний зориг намтай зөвшилцөөгvй гэсэн шалтгаанаар. Тухайн vед одоогийн МАН-ынхан шиг хууль дээдлэхийг шаардаж, энэ хуралдааныг хууль бус хэмээн заргалдаж болох байжээ. Гэвч хэн ч маргаан, зарга хийгээгvй.
Харин өнөөдөр МАН-ынхан дөрөвхөн жилийн өм­нөх vйл явдал, эл тvvхээ мартаж. Тvvхээ мартсан хvн ойд төөрсөн сармагчинтай адил хэмээн өвгөд маань сургаж ирснийг тэд мэддэггvй бололтой. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар АН хамгийн олон суудал авч, МАХН-МVАН-ын “Шудар­га ёс” эвсэл, ИЗНН-тай зөв­шилцөж, Эвслийн Засгийн газар байгуулахаар болоод буй. МАН-д ч зөвшилцөх саналаа хvргvvлсэн. Чуулганы хуралдааныг хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл даргалах ёстой байв. Гэвч МАН-ынхан чуулганы хуралдаанд оролцохгvй, дөрөв хоног хvлээлгэсний эцэст хуралдааныг дараагийн ахмад настай гишvvн болох Л.Цогоор даргалуулж, УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгосон юм.
Гэтэл МАН-ын шинэхэн дарга Ө.Энхтvвшин “Манай намтай зөвшилцсөнгvй. Бусад намтай зөвшилцөнө гэж хуульд заасан болохоос зарим намтай зөвшилц, заримтай нь битгий зөвшилц гэсэн vг байхгvй. Энэ заалтыг зөрчсөн. УИХ-ын даргыг сонгох хvр­тэл хугацаанд чуулганы ху­ралдааныг насаар хамгийн ах­мад нь даргална. Гэтэл УИХ-ын насаар хамгийн ахмад Д.Дэмбэрэл гишvvн эв эрvvл, сав саруул, ордонд байсаар байтал, Л.Цог гэдэг хvнээр хуралдаан даргалуулсан нь хууль бус” хэмээн мэдэгдэв. Бvр энэ асуудлаар бусад намаа Vндсэн хууль дээдэлсэнгvй хэмээн Vндсэн хуулийн цэцэд ч хандчихаад байна.
УИХ-д сонгогдсон тус намын гишvvдийг тангараг өргөснөөс нь хойш чуулганы танхимд нэг ч удаа хараагvй. Тэд засаг төрөө төвхнvvлэх ажилд гар, бие оролцохоос илvvтэй намын ажил, эрх ашгийг дээгvvрт тавьж, Бага хуралдаа анхаарал хандуулан өнгөрсөн хэд хоног тун завгvй ажиллалаа. Сонгуулиар УИХ-д олонхи болж, ялалт байгуулж чадаагvй учир намын удирд­лагуудаа суудлаас нь авч “хаян”, оронд нь өөр хvмvvс сонгосон нь тэдний ажлын vр дvн.
Уг нь, УИХ-д суудалтай МАН-ын гишvvдийг чуулганы хуралдаандаа оролцооч, УИХ-ын даргаа сонгоё, төрийн ажлаа vргэлжлvvлье, цэгцэлье хэмээн бусад нам, эвслийнхэн гуйж, хэдэн өдөр чуулганы танхимдаа хvлээсэн. Төрийн ажлыг гацаанаас гаргахын тулд аргаа бараад, МАН-ын гишvvдгvйгээр чуулганы хуралдаан даргалах дараагийн ахмад гишvvнээ тодруулж, хурлаа vргэлжлvvлэн УИХ-ын даргаа сонгочихов. Ингэхдээ тэд төрийн ажил гацах ёсгvй, тасралтгvй vргэлжлэх ёстой гэсэн зарчмын дагуу ажилдаа шамдаж буйгаа ч хэлж байлаа.
Ардын намын шинэхэн дарга Ө.Энхтvвшин “МАН төрийн ажлыг гацаахгvй. Та нар яагаад заавал манай намыг буруутай юм шиг яриад байгаа юм бэ” хэмээн сэтгvvлчдэд гомдоллов. Ард тvмний сонголтыг хvндэтгэхгvй, төрийн ажлыг цалгардуулж, гацааж байна гэсэн дvгнэлтийг сэтгvvлчид биш олон тvмэн хийж буйг “хөгшин” намынхан ойлгохгvй байгаа бололтой.
Сонгуульд дандаа ялна гэж юу баях вэ дээ. Олон тvмэн хааны алба халаатайг сануулж, ялагдсан бол тахимаа өгч сурахыг Ардын намынханд зөвлөж буй. Гэсэн ч тус намынхан төрөө төвхнvvлэх ажилд хойрго хандаж, хойш суусаар л…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих